
Япон ээжийн тайван байдал буюу хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь
Өглөөний завгүй цагаар цамцаа өөрөө товчлох гээд хичээн зогсох хүүхдээ бид өөрийн эрхгүй яаруулна, эсвэл хүлээж тэвчилгүй өмнөөс нь товчилчихно. Хөтлөөд гудамжаар алхахдаа цэцэг заагаад дэлбээ бүрийг ширтэн суух охиныхоо гараас гудчисаар одно. Хурдан ид, хурдан бич, хурдан унт. Ингэхэд бид юунд ингэтлээ туугдана вэ. Хүүхдэд энэ ертөнцийн өнгө бүхэн цоо шинэ, гайхамшиг гэдгийг цагтаа хүүхэд явсан эцэг эхчүүд мартаагүй байх. Тэд үл мэдэх орчинтой биечлэн танилцаж өөрийн гараар тэмтэрч, нүдээр харах нь хөгжлийн анхан шат юм шүү дээ.
Японы амралтын өдрүүдэд би хүүгээ дагуулан хажуух цэцэрлэгт хүрээлэн рүү гардаг байв. Тэнд бага насны хүүхдүүдээ салхилуулахаар арьс гараа нарнаас хамгаалан даавуугаар ороож, малгай тохсон ээжүүд байх юм. Хүүхдэдээ мөн адил нарны малгай, эвтэй гутал өмсгөөд урт удаан цагаар хамтдаа тоглох дүр зураг. Унадаг дугуй, агаарын теннис, бөмбөг сэлтээр наадна. Насаар бага хүүхдүүд элсэн дээр хөрвөөнө. Хааяахан завсарлахдаа үүргэвчнээсээ савтай ус, будааны ороомог гарган зүлгэн дээр тойрч суугаад идэцгээх аж. Та нар итгэхгүй байх л даа. Гэхдээ тэдэн дунд майхантай хүмүүс үзэгдэнэ. Майхандаа хооллон, тухлаж тэр бүү хэл хувцсаа хүртэл солино. Дээрх үзэгдлийг эх орондоо ер хараагүй билээ. Намайг бага ахуйд хүүхдүүд биеэ даан тоглохоос эцэг эх нь багт нэгдэн хөгжилдөхийг үзээгүй. Тийм болоод ч тэр үү хүүтэйгээ хамтралгүй, ганцаараа тоглог гээд алсаас харан суулаа. Энэ хооронд миний үеийн ээжүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж байгааг ажиглав. “Каэдэ охин минь, чиний ээлж ирээгүй байна шүү дээ. Найзтайгаа дэс дараагаараа тоглоорой”, “ Алив хоёулаа гүзээлзгэнэтэй зайрмаг хийж тоглоё. Ээж нь худалдагч, миний охин үйлчлүүлэгч болоорой”, “Тоглоомоо найзтайгаа хувааж тогловол найз нь ямар их баярлах бол?”, “Энэ навчаар хоёулаа хүний нүүр хийе”. Цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйн соёлт залуус бэлтгэгдэж байв. Ээжүүд тэднийг огтоос яаруулахгүйн дээр нийгэм дахь дүрэм журмыг тоглоомоор дамжуулан зааж байлаа.
2011 оны 3-р сарын 11-ний ѳдөр, намайг Токиод сурч байх үед 9,0 магнитуттай маш том газар хөдлөлт болов. Тэрхүү газар хөдлөлтөөр япончууд нийт 22,220 хүнээ алдсан юм. Хүн бүхэн айн сандарч байсныг тодоос тод санадаг. Хүчтэй далайн түрлэгээс үүдэх гарз хохиролоос гадна доргиж гэмтсэн цахилгаан станцаас атомын хортой хий алдагдан аюул занал улс орныг нѳмѳрсѳн билээ. Би орой бүр зурагт асааж мэдээ чагнана. Япон хүмүүс хэрхэн байгалийн гамшигтай тэмцэж буйг, тэдний зохион бүтээсэн нисдэг тэрэг цахилгаан станц руу ус цутгахыг, ар гэрийн хүмүүсээ алдсан иргэдийн цөхрөлийн дуу гээд цөмийг дэлгэцийн цаанаас үзэв. Тэр олон мэдээн дундаас нэгэн шууд нэвтрүүлгийг үзээд, нүдний аяга нулимсаар дүүрсэн. Түр орогнох байранд хорогдох иргэд улсаас тараах хүнсийг жирийтэл дугаарлаж байгаад хүртэж байх юм. Маш тайвнаар, өөрийн ээлж иртэл дугаарлан зогсно. Урдуур дайрсан, хоёрыг илүү авах гэсэн, үгүй ядаж гомдоллох хүн алга. Тэр байтугай бусдадаа ус дѳхүүлж, түр хорогдох байранд нэгнийхээ хѳнжлийг засан янзалж, нурууг нь илж тайвшруулж байсан.
Нэг харсан, хүүгийн минь элсний хэвийг үеийн бололтой жоохон хүүхэд авчихаад буцааж өгөхгүй тэрүүхэн хэсэгт асуудал дэгдэж эхлэв. Гүйгээд очтол түүний ээж хүүдээ хандан “Тогломоор байгааг чинь ойлгож байна, гэхдээ асуулгүй авч болохгүй” хэмээгээд миний хүүгээс уйчлалт гуйн буцааж өглөө. Яг тэр үед газар хөдлөлтийн үеийг эргэн санаж билээ. Япон ээжүүд хүүхдүүдтэйгээ тулж харьцдаг, ердөө яаруулалгүй хамтарч тоглодог, шударга ёсыг заадаг тул өнөөдрийн хүмүүнлэг нийгмийг бүтээсэн байж мэднэ. “Ээжийн хүү, чамд зөндөө хэв байгаа юм чинь ганцхан ширхэг хэвийг найздаа түр хэрэглүүлж болдоггүй юм уу?” Би анх удаа хүүхдүүдийн хэрэгт оролцсон минь тэр.
Яагаад япон ээжүүд яаруулдаггүй вэ?
PHP-с эрхлэн гаргадаг сэтгүүлд орчин үеийн ээжүүд "Хурдал" хэмээх үгийг элбэг хэрэглэх болсон тухай нийтэлж ээ. Тэгвэл дээрх үг амны уншлага болвол хүүхдэд хэрхэн нөлөөлөх тухай уншицгаая.
3-6 настай хүүхдэд бусдыг ойлгох чадвар хараахан хөгжөөгүй тул "Хурдал" гэх үгийг шууд хүлээн авах боломжгүй. Харин ч "би"-гийн үзэл хурцдах буюу хариу сөргөлдөнө.
Хүүхэд бүр өөрийн нас биед тохирох ажлыг гүйцэтгэх чадамжтай бөгөөд хурдтай. Хэрээс хэтэрсэн хурдаар тэднийг яаруулаад байвал яах учраа олохгүй төөрөгдөнө.
Үг давтвал улиг, ном давтвал билиг. Хурдал, хурдал, хурдал. Ямар удаан юм бэ. Бид хүүхдүүдээ хурдан байлгахыг хүсэх ч энэ маань тэднийг хурдан болгох битгий хэл эсэргээрээ үл тоогч нэгэн болгоно.
Тэд үйл явцаас таашаалыг мэдрэх давхрагыг алгасч зөвхөн үр дүнд ач холбогдол өгдөг болох. Ээжийг дуугуй болгохын тулд халтуурдаад ч болтугай түргэн гүйцэтгэх хүсэлд автана. Угтаа өөрийн хурдаар бодох, алдах, эргэлзэх цагийг үгүй хийчихлээ шүү дээ.
Санаачлагаараа хийхээ болих. Яг хийх гэж байхад ээж үглээд хиймээргүй санагдчихлаа. Бага болон дунд ангийн хүүхдүүд ингэж ярихыг сонссон байх. Даалгавраа хий, ном дэвтрээ дэлгэ гэх мэтийг хүүхдээ харах тоолондоо хэлээд байхаар эцсийн бүлэгт санаачлагаараа хийхээ болино.
Үүнээс үзвэл хурдал хэмээх үг ид шидгүй болж таарлаа. Түүний оронд танд нэмэртэй байж мэдэх долоон санамжаас хуваалцая:
Таны хүүхэд хоолоо идэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураахдаа удаан байж болно. Хурдал гэдэг үг аман дээр тань гарч ирвэл ХИЧЭЭГЭЭРЭЙ хэмээх үгээр орлуулаад үзээрэй. Япон ээж нар “ганбаттэ” буюу “хичээгээрэй” гэж олонтаа хэлдэг байна.
Эрүүл саруул байвал түүнээс эрхэм зүйл үгүй билээ. Та хэчнээн яарж байвч урт амьсгал аван “Миний хүүхэд эрүүл саруул байгаа нь талархам юм” хэмээн өөртөө хэлээд үзээрэй. Сэтгэл зүрхнийхээ угаас тайвширлыг мэдрэх болно.
Энэ цаг түүнийг минь хөгжүүлж байгаа гэдэгт итгэх. Том хүний цаг, хүүхдийн цаг хоёр өөр тусдаа. Бидний хувьд ганц цаг нисэх мэт өнгөрөх бол тэдний хувьд бүхэлдээ таньж мэдэх, суралцах цаг байдаг. Иймд удаад байгаа хүүхэдтэйгээ харьцахдаа, энэ нь магадгүй түүний суралцаж буй алтан цаг нь байх гэж өөртөө хэлэх.
“Тайван зан төлөвтэй хүүхэд өсч байна” хэмээн хүлээн авах.
Одоогийн байдлаар удаан, болхи санагдах боловч алсын нүдээр тайван, тулхтай хүүхэд өсч байна шүү дээ. Эерэг сэтгэлээр хүүхэдтэйгээ харьцацгаая.
Хүүхдээ яаруулахгүй байх сонгодог арга бол урьдчилсан бэлтгэл юм. Жижиг гэлтгүй бүхий л ажлаа урьдаас бэлтгэх дадал зуршил нь ээжид тустайгаас гадна хүүхдэд сайн үлгэр дууриа болдог. Урьдчилсан бэлтгэлийн талаар тусдаа бүлэг нээн бичих болно.
Хүүхэд хүмүүжүүлэх явцдаа өөрийн ямар шинж чанараа хөгжүүлмээр байгаа тухайгаа тунгаах. Ууралдаггүй тайван ээж болохыг зорьж болно. Хурдан гэж хэлэх амархан ч, амархан бус үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж үзвэл ямар вэ? Хүүхдэдээ хэлэх үгс нь таны сэтгэл зүрхний багтаамжийг илтгэдэг юм шүү.
Хэрэв би хүүхдийнхээ оронд байсан бол хэмээн бодож үзэх. Ингээд болохгүй бол тэр арга байна гээд хүүхдэдээ санал болговол тэд гацалтын байдлаас түргэн гарах боломжтой болно.
Хэдүүлээ хүүхдүүдээ яаруулах нь ямар хор уршигтайг болон богинохон ч гэсэн яаруулахгүй байх аргаас хамтдаа уншицгаалаа. Одоо эцэг эхийн хүүхдүүдээ яаруулдаг буруу гурван жишээтэй танилцан энэхүү бүлгээ жаргаая:
1) Сүрдүүлэх. Хурдлахгүй бол орхиод явлаа шүү гэдэг. Хамгийн дотны хүн болох аав ээж нь хаяад явах нь хүүхдийн хувьд маш том айдас юм. Сүрдүүлэхээс татгалзацгаая.
2) Сэтгэл хөдлөлд автах. Дэндүү удаан хөдлөх хүүхдэдээ уурлаж бухимдана. Чангаар загнах, муухай харах, угзрах гэх мэт. Сэтгэл хөдлөлөө хэсэгхэн хугацаанд ажиглан, аль болох тайван хандацгаая.
3) Үл хүндэтгэх. Хэдий биднээс төрсөн хүүхэд боловч тэд тусдаа хүн гэдгийг ойлголгүй тулган шаарддаг. Өөрийн гэсэн цагтай, бодолтой, өөрсдийн хэмжээнд хичээл зүтгэл гаргаж байгааг нь хүндэтгэцгээе.