Шөвгийн 16-гийн ирц бүрдлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооын хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2014-2015 оны улирлын хэсгийн тололт өндөрлөж байна. Урд шөнө “E”, “F”, “G”, “H” группын сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэр тодорсон юм.

“Манчестер Сити” маш хүнд даалгаварыг биелүүллээ

“Е” хэсгээс Германы “Бавари Мюнхен” шалгарах нь тодорхой байсан. Харин сүүлийн тойргийн өмнө Италийн “Рома”, Английн “Ман.Сити”, ОХУ-ын “ЦСКА” багууд ижилхэн таван оноотой, хэн нь ч цааш өрсөлдөж магадгүй байв. “Бавари” талбай дээрээ “ЦСКА Москва”-г 3:0-ээр бут ниргэж, тэргүүллээ улам баталгаажуулсан. Нөгөө талд “Рома”-“Ман.Сити” Мөнхийн хотын “Олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д үхэх сэхэхээ үзсэн. Гурван жилийн дараа “Аваргуудын лиг”-т оролцож буй “Рома”-д бага зэргийн давуу тал байсан ч үүнийгээ ашиглаж чадаагүй. Тэдний өрсөлдөгч Английн баг энэ өдөр ялалтын төлөө хамгийн их зүтгэж С.Насри, Забалета нар гоол оруулснаар “Ман.Сити” шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа.

“F” группт шилдэг багууд ороод байсан. Испанийн “Барселона”, Францын “ПСЖ” хэсгийн хувь заяаг эрт шийдсэн ч урд шөнө ялсан нь нэгээр гарах байлаа. Каталоны “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд Л.Месси, З.Ибрагимович нарын баг халз тулахад зочин баг 3:1-ээр хожигдсон аж. Харин Голладын “Аякс” талбай дээрээ Киприйн “АПОЭЛ”-ийг 4:0-ээр нугасалж, Европа лигт оролцох эрхтэй үлдлээ.

“G” хэсэгт мөн л сонирхолтой тоглолт явагдлаа. Өнөө жил Германы багууд тун өнгөтэй байна. “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, “Байер Ливеркузен” нокаут шатны эрхээ авсан бол “Немцүүдээс” дөрөв дэх баг нь шөвгийн 16-гийн тийшээ урд шөнө дарууллаа. Английн “Челси” тэдэнд тус хүргэсэн. Сүүлийн тойргийн өмнө Португалын “Спортинг” 7, Германы “Шальке 04” 5 оноотой байсан. Харин “Челси”-“Спортинг” клубыг гэртээ 3:1-ээр буулган авч, “Шальке 04”-“Марибор”-ыг 1:0-ээр хожсноор хэсгээс гарах багууд нь тодорхой болсон юм.

Хамгийн сүүлийн “H” группт Португалын “Порту”, Украйны “Шахтёр” багууд шилдэг нь байлаа. Тэд тавдугаар тойрог гэхэд шөвгөрөх болзлоо хангасан аж. Урд шөнө “Порту”-“Шахтёр” 1:1-ээр тэнцсэн бол Испанийн “Атлетик”-Беларусийн “БАТЭ”-г 2:0-ээр буулган авч “Европ лиг”-ийн эрхтэй үлдэж байна. Беларусийн багийн хувьд зургаан тоглолт хийхдээ хаалгандаа 24 гоол алджээ. 1993 оноос хойш ийм тооны гоолыг хаалгандаа алдсан баг гарч ирээгүй байсан.

Ийнхүү “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хэсгийн тоглолт өндөрлөж байна. Ирэх оны хоёрдугаар сард шөвгийн 16 багийн өрсөлдөөн эхэлнэ. Энэ удаа Европын 8 улсын 16 баг аваргын төлөө тулаанд шалгарлаа. Эдгээр нь Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, “Байер Ливеркузен”, “Шальке 04”, Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, Английн “Челси”, “Арсенал”, “Манчестер Сити”, Францын “ПСЖ”, “Монако”, Италийн “Ювентус”, Португалын “Порту”, Украйны “Шахтёр”, Швейцарийн “Базель” багууд юм.

 

Эх сурвалж: www.uefa.com

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.