Зэвүүн нүүдэл хийлээ дээ...

Twitter Print
2022 оны 03-р сар 29-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Монголын ардчиллын түүхэнд, орон нутгийн сонгуульд ялагдаж байгаагүй цор ганц үзэл санааны галыг Сүхбаатар аймгийн АН авч явдаг. Үүнд УИХ-ын гишүүн Батсуурийн менежмэнт, удирдан зохицуулах арга барил маргаангүй гүүр болдог гэх юм билээ. АН-ынхан түүнд Женкогийн хүн гэдэг хар тамгыг сүүлийн хэдэн жил зүүж байгаа, зөвлөх нэртэй зөрж давхисныг нь ийнхүү хамаатуулдаг биз.

Ямартай ч парламент дахь АН-ын 11 гишүүн яаж ч тийчлээд, ямраар ч зүтгээд бизнесийн хамаарлаасаа шалтгаалан Женкогийн эсрэг, эрх баригч намын эсрэг дуугарах үггүй, дугтрах хүчгүй болсон энэ цагт Ж.Батсуурь намын даргын сунгаанд сөрж зогслоо.

Одоо бол түүнийг Женкогийн хүн, Женкогийн жүжгийн нэг дүр гэж ойлгуулах нь жинхэнэ утгаараа хаа хаанаа хэрэгтэй болчихлоо. Энэ нь сайн болон муу талтай. Угаас энэ намаас толгой өндийж, том дуугарсан залуу хүн бүрийг Женко, Эрдэнэ хоёроор овоглон унагаадаг болсон. Энэ зуршил Батсуурийг ч бас тойрсонгүй.

Үнэн хэрэгтээ аль хэдэн сарын өмнөөс аваа өгөөгөөр барьцаалагдаагүй бүхэн нь Женкогоо сөрөөд, сөрвийгөөд эхэлсэн. Нэг нь Ж.Батсуурь. Нөгөөх нь Д.Ганбат. Яах аргагүй АН-ын өнөөдрийн нөхцөл байдлаас харвал энэ бол зүй ёсны алхам. Харсаар байгаад харыг дагаад хальтирч ойчно гэж юу байхав. Тиймээс АН-ын гишүүдийн хувьд уналт, салалтаас өмнө учраа олж, учраагаа тодорхойлох нь чухал байгаа юм. Тэгээд ч АН-ын хувь заяаг 60 хүрч, жаргаж баяжсан олигархууд нь бус, жавар сөрж яваа залуу үе нь шийдэх цаг болсон.

Энэ утгаараа Батсуурь бас ч гэж зэвүүн тоглолт хийж, зэрлэг зулгааж явна. Орон нутагт хийж буй уулзалтуудын үеэр өрсөлдөгч Женкогийнхоо саар мууг сараачиж хэлээд, савж унагаад, танхимын уур амьсгалыг тарааж хаяж байгаа энэ нөхөр аргагүй л овоо зэвүүн нэгэн аж. Овоо гар тулдаа одоо болтол Женкотой нэг хэтэвчинд багтаагүй, нэг хэлхээнд холбоотой хонь болчихоогүй ирсэн бололтой.

Дарханд хоорондоо маргаад давж бууж, дарж унаж байна л гэнэ шүү. Баруун хязгаарт байдаг луйврыг нь дэлгээд барьцгүй хаяж байна л гэлцэнэ. Яадаг ч байсан Батсуурь барьж бууж буй тулдаа энэ удаагийн АН-ын даргын сунгаа ширүүн болж байна, ширээ ганхуулж байна даа. Эцэстээ нэг дүн гарна, эвгүйдвэл хэнийг нь ч Дээд шүүх бүртгэхгүй.

Гэхдээ юу гээч? АН энэ сунгааны дараа тэртэй тэргүй хоёр салж, хогшлоо хуваахын цагт Женког дагах жирийн гишүүдэд эргэлзээ үүснэ, эл сунгаанд Батсуурь 70, 80-аад оныхныг төлөөлөн дөрөө чангалсны хэрэг гарна.

Одоохондоо үр дүн нь энэ л юм, овоо холын зайндаа АН-ыг өөр үеийнхэн өрсөөд өргөөд явах цаг ирснийг сануулсан нүүдэл боллоо. Угаас Монголын ардчилал ганц хүнд, ганц намд харъяалагдаж хоригдохоосоо өнгөрсөн л дөө, үүнийг сануулж, шандас шалгаж яваад талархлаа, Батсуурь аа!.

За харъя даа, албан бус ч бай, ер ямар ч бай энэ сунгаа болон үүнээс хойших АН-тай холбоотой улс төрийн алхам бүрт Женког сөрөх өөр хүн байна уу, гараад ир. Алгаа ташаад дэмжье. Женкогийн мөнгө, хар, хор, шуналын эсрэг Ерөнхий сайдтан ч зогсож чадаагүй, ерөндөг үмхээд бөглөрчихсөн шүү дээ.

Р.Эмүжин

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.