
Лондон хотноо анхлан суурьшсан оросууд саяхан Лондоны Mayfair тансаг дүүрэгт оршдог Arch Hotel-д цугларч Их Британийн Fox телевизийн "Оросуудтай танилцъя" реалити-шоуг үзэж сонирхсон байна. "Энд хуран цугларсан оросууд Bellini коктейл шимсэн шиг, хамгийн багадаа 300 мянган фунтээр үнэлэгдэх Prada цүнхээр гангарсан байгааг Британийн олон нийт нүдээ орой дээрээ гарган сонирхлоо” хэмээн The New York Times сонинд тэмдэглэсэн байна.
Телевизийн нэвтрүүлэгт оролцсон 15 өрсөлдөгч ОХУ болоод Украйн, Эстони зэрэг хуучин Зөвлөлт Холбоот улсын харьяа байсан бүгд найрамдах улсуудаас гаралтай, Лондон хотын дээдсийн хүрээлэнд зохих байр суурь олж авах хүсэл эрмэлзэл бүхий хүмүүс байсныг сонинд мөн тэмдэглэжээ.
Тэд дээдсийн хүрээлэнгийнхний тансаг баяр ёслолд оролцох, мөн хувийн онгоцоороо shopping хийж явах үед нь авсан ярилцлагуудыг нэвтрүүлгээр харуулж, тэдний тансаг амьдралын цааана чухам ямар нууц оршиж байгааг тайлахыг хичээсэн байна. Оросын шинэ үеийн баячууд Москва хотын төвд ганцхан унтлагын өрөөтэй орон сууцанд амьдарч байсан тухай гашуун дурсамж, тэрчлэн үзэл сурталын дарангуйлалын улмаас гадаадын баян тансаг эрхмүүдтэй суух ганц хүсэл мөрөөдөлтэй байсан, одоо орос орноо их санагалздаг, барууны ертөнцөд анх орж гоонь амьдрал эхлүүлэхэд соёл, ёс заншил, хэлний олон бэрхшээл тулгарч байсан тухайгаа илэн далангүй өгүүлсэн байна.
Шоу нэвтрүүлгийн продюсер Жоанна Боллын мэдэгдсэнээр FOX телевизийн суваг оросын олигархуудын амьдралыг ерөөсөө сонирхоогүй, харин 1990-ээд онд анх Их Британид цагаачлан амьдарч Их Британий нийгэмд одоо нэгэнт хөлөө олсон амбицтай оросуудын тухай харуулахыг зорьсон байна.
"Оросууд маш их үрэлгэн загнадаг, хувь хүний хэрэглээний хувьд л гэхэд гайхширмаар бодлогогүй алхамууд хийдэг гэдгийг бид мэддэг ч гэсэн нэвтрүүлэгт оролцогчид өөрсдийн бага насны дурсамжаа бидэнтэй хуваалцаж, хуучин Зөвлөлт Холбоот улсын цаг үед тэдний эцэг, эх урт дараалалд олон цагаар зогсдог байсан тухай зэрэг олон зүйлийг бид мэдэж авч байна. Энэ бол бодит хүмүүс, тэдний өгүүлж байгаа түүх хийсвэр зохиомол зүйл биш" хэмээн Болл ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
Шоу нэвтрүүлэгт оролцогчдын нэг, Саратовоос гаралтай 27 настай загвар өмсөгч Катя Елизарова "Лондонд сайхан зүйл маш олон бий. Аюулгүй, амар амгалан байдал, дээдсийн тансаг хүрээлэл гэх мэт. Нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хүн энэ бүхнийг олж авахын төлөө Лондонд ирсэн" хэмээн өгүүлжээ. Уг шоунд ОХУ-ын олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд заль мэхээр баяжсан тэнэг цагаачид оросуудын нэр хүндийг унагаж байна гэж зүхэж байгаа аж.
Ред: Орос зан чанар үнэндээ гадаад ертөнцөд танигдашгүй өөрчлөгддөг. Гэхдээ нааштай талаасаа бус харин нөгөө эсрэг зүгтээ яваад өгдөг тухай барууны хэвлэлүүд удаа дараа тэмдэглэдэг. Энэ нь хөгжиж байгаа бүс нутгуудаас ирсэн хувь хүмүүс өрнөдийн хөгжилд хөл алдаж, нийгэмд дасан зохицохоосоо илүү буруу арга замаар амьдрахыг илүү чухалчилдагтай холбоотой гэж Их Британийн нэр хүндтэй нэгэн сэтгэл судлаач тэмдэглэж байсан.
АНУ-д цагаачилж очсон оросууд мафийн бүлэглэлүүдээрээ Америкчуудыг дагжин чичрүүлдэгийг та бүхэн санаж байгаа байх. Ямартаа ч амжилтад хүрч бэлжиж хөлжсөн шинэ оросууд юм үзээгүй мэт бийлэгжүү, дээр нь инээд хүрмээр дээрэнгүй зантайг миний бие мэдэх юм. Бямба ням гаригуудад Оросын төв телевизүүдээр гардаг / НТВ, ТНТ, ОРТ-1/ “ Квартирный вопрос”,” Идеальный ремонт”, “Дачный ответ” зэрэг орон сууц засварлах сонирхолтой нэвтрүүлгүүдээр даанч яав даа гэмээр загвар дизайн ухаандаа төлөвлөчихөөд, дэндүү донгио үрэлгэн зарлага гаргадаг гэж би хувьдаа үздэг. Гэхдээ тэр бүхнийг нь муулах юм биш л дээ, оносон зөв зохицолтой, гэрэл өнгийг нь зөв тааруулсан шийдэлтэй нэвтрүүлэг ганц хоёр байгааг үгүйсгэх юун. Гэхдээ л оросууд “Вкус” муутай нь хаанаас ч харагддаг. Ингэж хэллээ гээд "Укус" хийж ч мэднэ.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.