
Монгол бөх болон допингтой холбоотой санал
Сүүлийн жилүүдэд улсын наадамд шөвгөрч, өндөр цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илэрч үндэсний бөхийн спортын нэр хүнд унаж байна. Бөхөд дуртай, хайртай монголчуудын хувьд энэхүү үйл явдлыг тойрч маргалдах, хуваагдах, санаа зовних зэргээр таагүй үр дагаврууд гарсаар байгаа тул бөх сонирхогчийн хувьд дараах саналыг дэвшүүлж байна;
1. Бөхийн цолыг допингийн шинжилгээний дараа олгох. Бөхчүүдэд болзол хангасан болохыг нь нотолсон "Батламж"-ыг наадамчин олны өмнө гардуулаад, шинжилгээний хариу ирсний дараагаар ерөнхийлөгч зарлиг гарган төрийн ордонд есөн хөлт цагаан тугны өмнө гардуулчихаж болно (уяачид шиг). Бөхөд хайртай түмэн олон болон найз нөхөд, ах дүүс нь талбай дээр уухай хадааж тосч аван бөөн баяр болцгооно биз. Цол олгоод, хурааж аваад, нөхөж олгож байснаас хавьгүй дээр бөгөөд хар сэргүй. Тэгээд ч урьд нь хууль, журам өөрчилж байгаад наадмын бус өдрөөр цол олгож л байсан, допингтой бөхөд унасанд нь нөхөж олгож л байдаг болохоор заавал наадмын өдөр гардуулах албагүй. Цол хүртлээ гэхийнхээ оронд "цолны болзол хангалаа" гэчихнэ биз. Хуульд ч тэр өдөр нь өгөх талаар үг өгүүлбэр байхгүй. Допингийн шинжилгээний өмнө цолны найр хүртэл хийчихдэг, ивээн тэтгэгч, нутгийн олноос хэдэн зуун саяын бэлэг авдаг асуудал ч цэгцэрнэ.
2. Допинг хэрэглэсэн бол цол хураалгах, барилдах эрхээ хасуулах төдийхөн биш дорвитой шийтгэл ногдуулах хэрэгтэй байна. Яг үнэндээ унасан бөхчүүд асар их хохирч байгаа, тэр дундаа 4-ийн даваанд унасан бөхчүүд илүү хохирч үлдэж байгаа. Улсын цолонд хүрэхдээ нутаг усныхаа бөхчүүдээр дэмжүүлэх, улсын цолтны эгнээд багтах боломж нь 4 давснаар нээгддэг. Гэтэл тэрийг нь тасалчихаж байгаа юм. Сэргээштэй бөхөд унасан бол цол нөхөж олгодог гэхдээ 1-4 давааныхан бол зүгээр л хохироод үлддэг. Тэгэхлээр дээрх шийтгэлүүдээс гадна торгууль ногдуулах, цолгүй даваанд унасан бөхчүүдийн өмнө ямар нэг үүрэг хүлээлгэх, урт хугацаагаар барилдах эрхийг хасах зэрэг шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Эдгээр санал буруу, зөв ч байж мэднэ. Гэхдээ МҮБХ бөх сонирхогчдынхоо дунд санал, хэлэлцүүлэг зохион байгуулаач гэмээр санагддаг. Монгол бөхтэй холбоотой асуудал бол зөвхөн бөхчүүдийн биш өв соёл гэдэг утгаараа нийт монголчуудын асуудал шүү дээ. Тийм ч болохоор монгол төр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хоёр ч удаа хэлэлцэн баталсан түүхтэй юм.
Зураг: Зарлигаар дархан аварга цол хүртэж ордонд гардаж авсан хоёр аваргаа олон түмэн уухай хадаан хүлээж авсан билээ.
Хуульч О.Алтангэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.