
Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул болох Хавайн арлуудын Мауна Лоа галт уул 40 жилийн дараа ахин дэлбэрчээ.
Галт уулын лав доош урсаж эхлээгүй байгаа ч уулын энгэрт амьдардаг иргэдэд сонор сэрэмжтэй байхыг мөн үнс ихээр унах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
АНУ-ын Геологийн алба нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөх эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ. Одоогийн байдлаар иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй бөгөөд галт уулын дэлбэрэлт суурин газарт аюул учруулах эрсдэл бараг байхгүй байгаа хэмээн онцгой байдлын албанаас мэдэгджээ.
Хавайн арлуудын Том арал дээр байрлах Мауна Лоа галт уул нь 4169 м өндөртэй бөгөөл 5179 км. кв талбайг эзэлдэг байна.
Галт уул орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн орой 11 цаг 30 минутанд дэлбэрчээ.
Америкийн Геологийн албаны мэдээллээр Мауна Лоа анх 1843 онд дэлбэрч байсан ба түүнээс хойш 33 удаа дэлбэрчээ. Хамгмйн сүүлд 1984 онд болсон дэлбэрэлтийн үеэр галт уулын лав тус арлын хамгийн их хүн амтай Хило хотоос 8 км зайд хүрч зогссон байна.
Өмнө нь тус бүс нутагт хэд хэдэн удаа газар хөдөлсний дараа мөн өнгөрсөн ням гарагт 2.5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй 10 гаруй чичирхийлэл мэдрэгдсэний дараа Мауна Лоа галт уул дэлбэрч болзошгүй тухай анхааруулгыг гаргажээ.
Мауна Лоа галт уул байрлах Том арлын хүн ам 1980 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн ба Хавайн Галт уул судлалын төвд ажиллаж байсан геофизикч Жессика Жонсоны хэлснээр галт уулын лав хүний аминд хүрэх эрсдэл бага ч дэд бүтцэд хамгийн их хохирол учруулдаг аж.
Түүнчлэн галт уулын дэлбэрэлтийн улмаас агаарт дэгдэх хийнүүд нь амьсгалахад хүндрэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.