Эрсдэлтэй Орос орон

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Саяхан бидний нийтэлсэн "Оросуудыг буланд шахах байсан эртний сайхан төлөвлөгөө" өгүүлэлийг уншсан нэгэн  "Эрсдэлтэй Орос орон" гэсэн гарчигтай материал уншихыг санал болгосны дагуу уг материалыг сонирхож үзлээ. Аугаа их Орос орны нийгэм тэр чигтээ халуун там болчихсон мэт, уг өгүүлэлийн баатрууд тэр там дундуур туучиж ирсэн тэмдэглэл мэт сэтгэгдэл төрүүлэв. Хоёр улсын хооронд визгүй зорчих журам өнөө үйлчилж буй. Харин энэ цаг үед Оросуудын хэрээс хэтэрсэн аймшигт хүнд суртал ямар байдгийг Монголчууд мэдээсэй гэх үүднээс уг нийтлэлийг хүргэж байна.

Тэдний нийтлэл бичих болсон зорилго, шалтгаан нь:

1. Монгол улсын иргэд харилцан визгүй зорчих орнуудын  виз нэхдэг асуудал,
2. ОХУ-ын санаачилсан  Гаалийн холбоо гэж ямар байгууллага болох,
3. Гаалийн холбооны хууль, ОХУ-ын гадаад иргэдийн хуулийн буруу зүйлчлэлээс болж Монгол иргэд яаж хохирч байгаа тухайд сэрэмжлүүлэг өгөх зорилготой.

Удиртгал

Монголд амьдрахад модон санагдаад, аль бол би бүх нийгмийнхээ эсрэг дуугарч адлагдмаар санагдаад…, Улаанбаатар хотын унаган бүсгүй би өөртэйгээ байнга тэрслэх боллоо. Миний олж авсан боловсрол надад дэндүү чамлалттай, ертөнцийг танин мэдэхэд хангалтгүй санагдаад байдаг байлаа. Нарлаг нэгэн өдөр би Монгол улсын түмэн иргэдийнхээ адилаар өндөр хөгжилтэй гадаад улсад ажиллаж амьжиргаагаа сайжруулах, хэлний мэдлэг, үзэл бодлоо задлахаар шийдэж Европын нэгэн улсыг гэр бүлийн хамт зорилоо.

Ингээд зорьсон улсдаа очлоо, хэл ус сурч, хар бор ажил хийлээ. Улс орных нь амьдралыг дотоодоос  нь харж  иргэдтэй нь найз нөхөд боллоо. Иргэн хүний хувьд эх оронтойгоо харьцуулж ч бодож явлаа. Олон улсад тусладаг албан ёсны төрийн байгууллагад монгол улс ороогүйг ч мэдлээ. Биднээс авсан Монгол орны мэдээллээс гадаад найз нөхөд маань Монгол оронд туслах хүсэлтэй боллоо. Ингээд нэлээн хэдэн жил өнгөрч бид өөрсдийн нутаг орон луу  харихаар боллоо. Найз нөхөд маань гаргаж өглөө. Бүгд л эргэж эх орондоо очоод эргэж холбогдоорой, Монгол улсад маань туслаж, тусламжийн байгууллага оруулах боломжийг аль аль шатандаа хөөцөлдөхөөр тохироод халуун баяртайгаар анд нөхөдтэйгээ эргэж уулзахын ерөөл тавьж, аян замдаа гарлаа.

Ингэж бидний аялал, адал явдал эхэллээ.

Бид Европоос машин худалдаж авлаа. Цагдаагийн газарт очиж аялалын даатгалыг 381 еврогоор хийлгэж, 1 сарын хугацаатай транзит номер авлаа. Бид энэ 1 сарын хугацаанд Европын аль ч улсаар аялах бүрэн эрхтэй. Бид замаараа аялж, харж мэдэж, харьцуулж, газар орнуудтай танилцахыг хүсч байлаа.

Замаараа Австри, Герман улсаар аялж, Польш улсын нийслэл Варшав хотод 8 хоног түр саатлаа. ОХУ-ын ЭСЯ-наас ОХУ-ын транзит виз хүсэхээр хүлээлээ. Эндээс нь бүх хүнд суртал эхэллээ. Эрсдэлтэй Орос ороон гэж...

Польш улс

Польш улсын нийслэл Варшав хотод байрлах  ОХУ-ын ЭСЯ-наас ОХУ-ын транзит виз хүссэн дараалал. Бид элчин сайдын яаманд очтол лхагва гаригт ажилладаггүй юм байна. Зуучлагч байгууллагаар дамжаагүй материалыг хүлээж авахгүй болохыг, мөн интернетээр визний цаг захиалж үйлчлүүлдэг болохыг хамгаалагч  нь бидэнд анхаарууллаа.

Бид шууд л виз авахад туслах албан ёсны зуучлагч байгууллага руу явлаа. Захын барилга нь засвар хийгээд, гудамжны нэр тодорохойгүй байсан тул зуучлагч байгууллагыг олохгүй, баахан хайж цаг алдав. Хэрэв таньд хэрэг болох бол хаяг нь www.poland-ifs.com ул.Старосчиньска 1/с 02516 Варшава 8.00-17.00 ажилладаг юм байна. Бас нэг мэдээлэл бол миний ажигласнаар лхагва гаригт болон пүрэв гаригийн үдээс хойш оросын ихэнхи байгууллагууд дотоод ажилтай гээд иргэдэд үйлчилдэггүй юм байна.

Визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллага нь бидний анкетыг бөглөж,  интернетээр элчингийн визний дараалал захиалж өглөө.  Уг нь анкет нь энгийн орос хэл гадарладаг байхад л бөглөчих зүйл.

Бид зуучлагч байгууллагаар зуучлуулсаны төлбөрийг нь төлсөн. Ингээд даатгалын компани дээр очиж, Оросын нутгаар аялахад шаардлагатай даатгалыг 231 злотоор хийлгэлээ. Арав хоногийн транзит визний үнэ  хүн тус бүр 150 евро юм байна.

Гэтэл бидний машины гэрчилгээ Англи, Франц, Итали, Герман хэл дээр байсныг Польш юм уу эсвэл орос хэл дээр байх шаардлагатай гээд материал хүлээж авсангүй, албан ёсны зуучлагч байгууллагаар материал бүрдүүлсэний хэрэг юу байна?

Орос хэлний албан ёсны орчуулга олдохгүй бид польш хэл рүү машины гэрчилгээгээ орчуулуулсан. Гэхдээ Варшав хот том, франц-орос хэлний орчуулагч  олдохгүй интернэтээр хайсаар арайхийж холбоо тогтоож таксидаж очлоо. Орчуулгын хөлс, татвар, такси гэх мэтийн зардлууд хөвөрнө.

Ахиад визэнд туслах албан ёсны зуучлагч байгууллагаар материалаа хоёр дахиа бүрдүүлүүлж, хоё дахь удаагаа интернэтээр элчингийн визний дараалал авч, заасан өдрийн 15.00 цагт визээ авах ёстой байтал ЭСЯ дотоод хүлээн авалттай гээд онгойсонгүй. Дараа өдрийн 15.00-16.00 хооронд бид визээ авсан билээ. Бидэнд 10 хоногийн транзит виз өгсөн боловч визний хугацаа хүчинтэй болсон эхний өдөр 15.00 цагт авч, дээр нь нэг хоног нь Польш улсдаа өнгөрсөн.

Белорусь улсад

Бид Монгол улсын Гадаад харилцаа яамны вэб сайтнаас Белорус-Украин-Казакстан улсад Монгол улсын иргэд визгүй зорчино гэж мэдээлэл авсан байв. Энэ нь тус сайтан дээр одоо ч байгаа, харин саяхнаас урилгатай болсон гэж нэмж оруулсан байна билээ.  Үүнд бидний ирэх замдаа гаргасан мэдээлэл хэрэг болсон байх. Урилга гэдэг нь урилгыг нь үндэслэж хил дээр виз дарж байгаа процесс. Харин манай улсын иргэд яагаад зорчиж болдог вэ гэдэг гаргалгаа бол бид ихэнхидээ ОХУ-ын аялалын болон транзит визтэй байдаг.

ОХУ нь хуучин салсан СНГ-ийн орнуудтайгаа өөрсдийн олгосон виз нь хүчинтэй байх гэрээтэй байдаг юм байна. Үүний ач буянаар бид Белорусь, Украин улсад визгүй зорчдог гэж ойлгогдож байна. Тиймээс Белорусь, Украин улс орохоор явж байгаа манай иргэдэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй  байна.

Белорусь улс бол: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах «Иргэдийн харилцан визээс чөлөөлөх тухай» гэрээнд хоёр тал гарын үсэг зурахад бэлэн болсон боловч уг гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл 1979 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр манай иргэдийн тус улсад зорчих асуудал зохицуулагдаж байгаа болно. Хэдийгээр одоогийн мөрдөгдөж байгаа гэрээний дагуу манай улсын иргэд тус улсад визгүй зорчих нөхцөлтэй байдаг боловч зарим тохиолдолд Беларусь улсын виз авах шаардлага гардаг. Энэ талаар иргэдийн мэдлэг дутмаг байдаг нь тэднийг Белорусь улсад нэвтэрч чадалгүйгээр хилийн боомт дээрээс буцаж, Польш улс дахь тус улсын Консулын газраас виз авахад хүргэдэг. Ямар тохиолдолд манай улсын иргэд Беларусь улсад визгүй зорчиж болохыг тус улсын эрх бүхий байгууллагаас гаргасан журмаар зохицуулcан байдаг. Үүнд:

1.  Дипломат болон албан паспорттой иргэд визгүй зорчино.
2.  Энгийн Е паспорттой иргэд хувь хүн (цагдаагийн газраас олгоно), компани, албан газар, амралт сувиллын газраас урилгатай тохиолдолд визгүй зорчино.
3.  ОХУ-ын транзит визтэй тохиолдолд визгүй зорчино.
4.  Харин Монгол Улсын иргэн өөр гуравдагч улсад байнга оршин суух эрхтэй (энэ талаар паспортон дээр тэмдэглэлтэй байдаг) тохиолдолд дээр дурьдсан 2, 3 дугаар нөхцлийг үл хамааран иргэд заавал визтэй зорчино.
5.  Бүгд Найрамдах Белорусь улсын их дээд сургуульд суралцахаар очсон оюутны асуудлыг одоо мөрдөгдөж байгаа гэрээгээр зохицуулдаггүй бөгөөд тус улсын дотоодын хууль тогтоомжоор гадаадын оюутнуудад түр оршин суух эрх олгодог тул дээр дурьдсан 2 болон 3 дугаар нөхцлийг үл хамааран тус улсад суралцахаар очиж байгаа манай улсын иргэд заавал визээр нэвтэрнэ.

Харин Украин улс бол: БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 онд байгуулагдсан “Иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчдог.

-Хувь хүний урилгаар зорчиж байгаа бол урьж байгаа хүн нь оршин суугаа газрын (ОВИР) урилга авсан байх ёстой.

-Украин улсын их, дээд сургуулиудад суралцахаар шинээр явж байгаа оюутнууд Украины Боловсролын яам буюу суралцах сургуулийн албан ёсны урилгатай байх ёстой.

-Украин улсад болох хурал, семинар, үзэсгэлэн яармагт болон бизнесийн шугамаар оролцох Монгол иргэд, Украины холбогдох байгууллагаас албан ёсны урилга авсан байх шаардлгатай.

Түүнчлэн урилган дээр иргэдийн овог нэр, төрсөн, он, сар, гадаад паспортын дугаар бичигдсэн байх ёстой ажээ. Дээр дурьдагдсан урилгуудын эх хувийг хүчинтэй гэж Украины тал үзэх бөгөөд хуулбар урилгатай болон ямар ч урилгагүй бол хил нэвтрүүлэхгүй болохыг анхааруулж байна.

Газар дээрээ бол иргэд ГХЯ-ны вэб сайтнаас хараад шууд л визгүй гэж ойлгоод байна. Энэ нь бид ажил хийж байгаа гэсэн ойлголт л түрүүлж байна. Далд нуусан санааг иргэд ойлгохгүй байна. Нэгэнт л визгүй зорчино гэсэн мэдээлэл байхад иргэд урилга авалгүй шууд очдог юм байна.

Монгол улсын гадаад харилцаа яамны вэб сайтандаа  *Визгүй зорчих орнууд* гэж жагсааж бичээд орхихоор иргэд бид визгүй л зорчино гэж ойлгоод байна.  Мөн Гадаад явдлын яамны  *Визгүй зорчих орнууд* -ын жагсаалтандаа хавсралт гаргаж  энэ бол Белорусь улсад иргэд 1979 оны БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр захицуулагдаж байгаа шүү гэдгийг онцолж, Украин улсад бол БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1976 онд байгуулагдсан “Иргэд харилцан визгүй зорчих Хэлэлцээр”-ийг үндэслэн Монгол, Украин улсын иргэд харилцан визгүй зорчдог гэдгийг тайлбарлах хэрэгтэй байна. Бид хэдий болтол 1976, 1979 оны гэрээгээр  Украин, Белорусь улсад визгүй зорчдог гэж итгэсээр заавал урилгаа үзүүлж виз авч зорчих вэ гэдгийг асуумаар байна. Урилга үндэслэж хил дээр виз дарж байгаа нь үнэндээ элчин сайдын яаманд нь хандаж, виз авахтай адил гэж наад захын Монгол хүнд ойлгогдоод байх юм.

Гадаад харилцаа яамны вэб сайтандаа  хуулийн хэллэгээсээ илүүтэй жирийн монгол хүнд ойлгомжтой байдлаар тайлбар гаргана уу гэж хүсэж байна. Иргэд шууд визгүй гэхээр Гадаад харилцааны яамыг олон оронтой визгүй зорчуулдаг ачтай буянтай газар гэж шууд итгэж, маш их хохирдог юм байна шүү. Ингээд Монголд ирээд танайд хандахаар хуулийн хэллэгэнд дарлуулаад, өөрсдийнхөө мэдлэггүйг цоллуулаад гарч байгаа тохиолдол цөөнгүй байдаг юм байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэн хөрөг нэвтрүүлгээрээ иргэдийнхээ бидэнд итгэх итгэлийг сэргээхсэн гэж ярихыг сонссон, Гадаад харилцаа яамны сайд эрхэм та нэгэн цагт ингэж битгий хэлээсэй гэж би хүсч байна. "Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ" гэж яруу найрагч Ц.Хулангийн шүлэг байдагчлан төрдөө би итгэхийг хүсч байна. 

Белорусь улс, Брест

Ингээд бид зам ойр гэж Польш, Белорусийн хил дээр ирлээ. Белорус талын хилийг Брестийн хил гэнэ. Алдарт Брестийн цайз эндээс холгүй оршино. Польш улсаас  хүндрэлгүй хил гарч Белорусь улсын Брестийн хил  дээр ирлээ. Гэтэл хилийн цэргээс хил орох хуудасаа аваад л даатгал, эрүүл мэнд заавал төл, гээд ийшээ тийшээ яаруулж гүйлгэлээ. Эрүүл мэнд, замын даатгал, автомашины даатгал гээд зөвхөн америк доллараар тооцоогоо хийдэг юм байна. Хариулт задгай доллар байхгүй тул 5 доош долларыг хариулах боломж байдаггүй гэнэ. Шөнө дунд доллараа тааруулж өг гэж загналаа. Загнуулах ямар хэрэг хийсэн билээ дээ, ямарч байсан хариулт мөнгөө авч болохгүйг л ойлголоо. Усыг нь уувал ёсыг нь хүндлэхээр сэтгэлдээ хатуу шийдээд хариулт хэрэггүй гэлээ. Энэ бүгдийг гүйцээсээр очтол виз байхгүй байна гэж хэлсээр хилийн цэргийн хүн угтлаа.

Эргээд эргэж гар гэж хөөлөө, өнөө төлүүлсөн даатгал буцааж өгөх нь байтгуай, хөөгдөөд гардаг юм байна. Өнөөдөр дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоох гэсэн эрхэм зорилго тавьсан Гадаад харилцааны яам минь, бодит байдал Монгол орны иргэдэд ингэж л тусаж байна даа.  Энэ нь дээр тайлбарласан 1979 оны гэрээтэй холбоотой асуудал юм.

Хил гараад ахиад дугаар өгсөн цэрэг лүү очлоо. Яасан гэж байна, тэгэхээр нь хэллээ, өө зүгээрээ шон тойроод эргээд ор гэв, дарга нь утасдаж хэлсэн юм болов уу гэж таамаглалаа. Эргэж ороод  хоёр дахиа  виз нэхүүлээд хөөгдлөө.

Белорусь улсын хил биднээс виз шаардаж, хоёр удаа оруулалгүй буцаасан. Энэний учир бидний паспортонд байгаа.

Дараа нь бид Белорусаас эргэж дахин Польш улсад хил нэвтэрч орсон. Польшууд харин хүндрэлгүй хил нэвтрүүлээ. Шенгенд орсон болохоор үйлчилгээ ч арай л өөр юм аа. Ингэж бид эргэж Шенгенд хөл тавьж  бас л зам ойр гэж Украин улсыг зорилоо. Ахиад л Польш улсаар давхисаар Украины хил  дээр ирлээ. Польш улсаас мөн л  хүндрэлгүй гаргалаа. 

Украин улс. Ягодины хил 

Украины тал нь Ягодин боомт гэдэг юм байна. Энд бас л хил гарахаар оочерлож гарлаа, битүү дараалалтай байдаг юм байна Очерлосоор очтол хов хоосон, ширхэг ч тээшгүй хүмүүстэй ордог машинуудын очер юм байсан байна, эргээд өөр оочерт зогсоолоо, ахиад л очерлов. За ингээд машины жин дээр машинтайгаа зогслоо. Хилийн шалган дээр очлоо. Ахиад асуудал гарлаа даа, учир нь виз хэрэгтэй гэнээ, ахиад л сэтгэлийн дарамт, юу вэ, өнөө Украин визгүй гэсэн Гадаад харилцааны яамандаа л гомдлоо. /Дээр би визний учрыг чадан ядан тайлбарласан билээ/. Учирлаж гуйж байж бид ОХУ-ын транзит визийг үндэслүүлэн арайхийж гурав хоногийн Украин улсын транзит визийг паспортондаа тавиулав. Энэ нь бидний паспортан дээр транзит гурав хоног гээд дурайтал байгаа.

Хилээр орох боломж бүрдлээ гааль дээр очлоо, ахиад л татвар хураамж боллоо. Дүрэмт хувцастай болгон ирээд машиныг минь онгойлго гээд үзэж харч тойрох юм аа. Гаалийн дарга гэж эмэгтэй ирлээ, бас гаалийн гурван байцаагч ирлээ. Гаалийн дарга эмэгтэй уурлалаа, та нар яах нэж ирээд байгаа юм бэ гээд л … учир бүтүүлэг байдал үргэлжилсээр … тэгээд анхны хувиарласан эрэгтэй байцаагч машинаа гаргаад складын үүдэнд тулгаж зогсоод бүх зүйлээ буулга гэж тушаалаа. Тушаасан ёсоор буулгалаа, нэг ч шинэ зүйл байж болохгүй гэнэ. Бид өөр оронд олон жил амьдарсан, эдлэж, хэрэглэж байсан хуучин эд зүйл хаялгүй авч явж л байна гэх мэтээр зөндөө л тайлбар өглөө, шинэ зүйл байхгүй гэж хамаг үнэнээ л тоочлоо. Тэгсэн бүр гурван удаа ирж дутуу байна нэмж буулга гээд ширхэг ч эд зүйл үлдээлгүй буулгалаа. Бусад нь ирж зургийг нь зөндөө авч баталгаажууллаа. Ингээд эргэж ачихад маш их хугацаа зарцууллаа. Ямар ч байсан явсаар, явсаар хил гарч чадлаа. Украин улсын нийслэл Киев хотыг сонирхлоо. Энд ээж маань оюутан байсан юм. Украины Донецк хот орж үзэх төлөвлөгөөтэй байсан боловч гурав хоногийн визтэйгээ санан яаравчиллаа. Уг нь энэ хотод аав маань их сургууль дүүргэсэн юм.

Украинаар давхисаар оройхон хэрд замын цагдаа зогсоогоод хаа хүрч явааг асуулаа. Хил орж явна. Аль хил вэ л гэж байна, газрын зургаа үзүүллээ, хэлж байна. Хойшоо эргээд ябвал 10-аад км-т өөр нэг хил байгаа гэж зөвлөлөө. Баярлалаа гээд саллаа хойшоо эргээд гэж дохиод байна. Буугаад ахиж очиж уулзлаа, тэр хил нь л дээр гээд байна. Явахаар боллоо, зам дээр хоёр эмэгтэй гар өргөж байна, зогслоо. Хилийн тийшээ тосгон орно гэнэ. Зам арай зөрөх юм байна гээд тэр хоёроос саллаа. Цааш явсаар хилийн наана, суурин орж цай уулаа. Хилийн зүг хөдөллөө дөө, шөнийн 12 болж байна. Хил дээр очлоо шалганы цэрэг эмэгтэй хүн байна. Шал согтуу  байх юм.  Хил рүү ороход таван доллар гэнээ, орлоо, бас дүрэмт хувцастай болгон машин онгойлгож, шалгаж гарлаа. Хилийн цэргийнхэн кг тутмаас таван доллар татвар гэж ам амандаа шаагих юм, эцэст нь бид уурлалаа. Гааль гэж байна уу, тэд инээлдээд гааль энд байхгүй, өөр хил рүү яв гэж байна. Бүгд их бага хэмжээгээр согтуу, зарим нь бүр шал согтуу байлаа. Гаалийн дүрэмт хувцастай байцаагч байшингийн сүүдэрт зогсоод л байх юм. Хилийнхэнд хөөгдөөд гартал шалганы цэрэг эмэгтэй яасан гэж байна. Хэллээ. Станцаараа орилж гарлаа, ядаргаатай юм л гэнэ, үглэсээр, тэгээд биднийг хилээс гаргалаа. Эргэж замаараа суурингаар орж, гуанзанд орж цай уугаад гарлаа. Зам нь маш муутай хэцүү газар байлаа.

Украин. Бачивськийн хил

Ингээд бид Украины арай өөр 40 км зайтай орших хил дээр ирлээ. Дүрэмт хувцастай нэг хүн угтаад ирэв. Даатгал 85 доллар шууд хийлгэ, тэгж байж оочерт оруулна гэнээ. Бидэнд даатгал зөндөө байгаа гээд учирлалаа, үзүүллээ, гуйлаа, нэмэргүй, ахиад даатгал хийлгэ гэж байна. Даатгалыг өөрийн хүсэлтээр сонгож хийж болохгүй нь их хэцүү, тулгагдсан даатгал дунд явлаа. Даатгалд мөнгөө төлөөд оочерт орсонгүй, нүдний хор гаргаж машиндаа дуг хийхээр боллоо, үүрийн 05 цаг болж байна. Хоёр цаг болоод хилийн оочерт орлоо. Өглөөний 07 цагт оочер гэж зах замбараа алга. Арайхийж оочерт ортол нэг цэрэг гүйгээд ирлээ. Оочер зохицуулсаны 20 евро гэнээ, очерлох болгонд 20 евро нэхдэг хил Украинд байдаг л юм байна. Арайхийж хилийн зоон орлоо. Энэ хилийн нэр Ягодин гэдэг. Зөндөө л зовлон болж арайхийж Украинаас гарсан даа. Бид хил нэвтрэхдээ швейцари хутга, швейцари цаг бэлдэж явах ёстойгоо мэдлээ. Ер нь тэр дэлхийд танигдсан бренд цаг, хутга нь Швейцартаа ямар үнэтэй байдаг гэж бодоод байгаа албатууд вэ? Хил гарч амарлаа, ахиад ямар гэнэтийн цохилт хүлээж байгаа бол гэхээс түгшүүр үргэлжилсээр …

Оросын хил. Троебортное

ОХУ-ын Брянск хотын ойролцоох хил Москвагаас 500 км байрлах Украин Оросын хил юм. Оросын хилийн зоонд ортол, хилийн цэрэг дараалал зааж, иммиграценный карт бөглөж, бид машинтайгаа оочерт бүтэн нэг өдөр, нэг шөнө барж байж очтол, транзит номертой байсан байна хилийн цэрэг мэдэлгүй буруу очер өгсөн байна, ахиад ТИР–ийн машинуудтай том тэрэгний очерт оч гээд  шууд буцаалаа. Ингээд дундын зоон руу хөөгдөв өө, хөөрхий.

Дундын зоонд хоол зардаг хүмүүс чөлөөтэй нэвтэрнэ. Хоол нь хаана ч байхгүй их үнэтэй, хүмүүс хуулийн дагуу дундын зоонд сайн дураараа ирсэн ч  хилээс гарах зөвшөөрөл авахаас  наана гаргахгүй.  Энэ нь хоолны үнэнд их нөлөөлнө. Хүйтэн, амт гэж хэцүү, хамгийн том асуудал бол хэзээ ч тэнд боловсон ноль гэж байгаагүй бололтой дог оо. Зам дагуу буухад алхам алхамын зайтай хүний ялгадас бие засах нь бүү хэл гишгэхэд ч хэцүү юм. Гэлээ ч хүн биологийн хуулийн дагуу орсон шингэн өтгөнөө гаргах нь тодорхой. Энэ асуудлаа тэнд хонож очерлож байгаа  иргэд хүндрэлтэйгээр ил задгайгаар шийдэж байна.

Цагдаагийн машин ирж зарим хүнийг баривчилж байх шиг, хилийн дундын зоонд анх удаа ийм юм харж хачирхлаа. Валютийн ченж тэнд бас ажиллаж, машин дундуур хохилдоно. Нэг эмч хүүхэн машинтайгаа орж ирлээ. Тэр эмч ямар ч байсан албан ёсны түргэний эмч биш, сайн дурын байгуулагаас яваа  болов уу даа гэж баттай таалаа. Хүнд нөхцөлд ажиллаж яваа нь түүний ядрангуй царайнаас илт. Гэлээ ч цоглог, энгийн сайхан бүсгүй юм. Оросын талын хяналтын талбайд нялх хүүхэд өвдөөд сандаргаад байгаа гэнэ. Бид уулзлаа, бидэнд ч бас эм өглөө. Гэтэл эмнэлгийн машиныг бас хөөрхөн очерлуулчих юм аа, хүүхэд нь өвдөж байгаа хүмүүс яасан их хүлээж байгаа бол.  Цэргүүд арай ч очерийн мөнгө нэхээгүй байгаасаа даа гэж залбирахаас. Эмч бүсгүйд баярлалаа гэж хэлье, бас ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй байгаасай гэж ерөөе.

Туршлагаасаа хуваалцахад Оросын хуучин салсан орнууд бүгд Орос орны хуулийг хуулаад тавьчихжээ. Иймээс эдгээр орнуудыг эрсдэлтэй орнуудын тоонд оруулъя. Ийм орны тоонд зарлагдсан байхад очих эсэх нь таны л хэрэг болно. Бид иргэдээ сануулж мэдээлэл өгч, урьдчилан сэргийлүүлье гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.

Ахиад шинэ дарааллаар ТИР ангилалын очерт зогссоор хил дээр очиход бидэнд нэг шөнө, нэг өдөр зарцуулагдлаа. Ингээд хилийн очер хүрч хил, гаалийн шалгалт орлоо. Гэтэл маш том асуудал үүслээ.  Биднээс машин болон гэрийн хэрэгсэлээ бүгдийг жигнүүлж 50 килограммаас дээш жин тутамд 5 еврогийн татвар төл, мөн машины цилиндрийн багтаамжийг 5 еврогоор үржүүлж татвар төл гэлээ.

Ийм шинэ хууль аравдугаар сарын 01-нээс мөрдөгдөж байгаа гэсэн. Энэ нь бидэнд хамаарах эсэхийг бид ойлгоогүй. Асууж лавлах эрхгүй, асуувал илүү хүнд суртал гарч байлаа. Гэлээ ч асуусаар чангалуулсаар …

Илүү үг асуудаг биднээс гаалийн байцаагч машины гэрчилгээ дээр хилийн дардас байхгүй байна Украин руу буцаж очиж даруул гэнэ. Уурлалаа, учирлаллаа, загналаа гуйлаа. Гаалийн байцаагч уурлаж, ТИР машины жолооч нарыг дуудаж энэ хоёрт тамгаа харуулцгаа гэв. Хөөрхий жолооч нар дуулгавартай нь аргагүй үзүүлж байна, бидэнд. Гаалийн байцаагчаа уурлуулж болохгүйг сайн мэдэж байнаа. Гэтэл тэднийх дардас бол шал өөр юмаа 4-ийн цаасан дээр байна. Биднийг бол машины оригиналь гэрчилгээн дээр даруулж ир гэж хилээс хөөлөө. Үнэндээ бол айж байна, яаж ахиж очерт зогсоно оо. Арга сэдлээ машинаа орхиж хилээс гарах  буман зовлон, түмэн мэх хийж, хилээс гарч, үлгэрийн зүйлтэй тулгарсаар Украинчуудын хэзээ ч хийж үзээгүй хилийн штрафийг машины гэрчилгээн дээр даруулаад эргээд явган гүйгээд ирлээ, итгэмээргүй байгаа биз, байдал ийм л байна.

Энэ даалгаврыг биелүүлсэн бидэнд гаалийн байцаагч машины гаалийн кодоо өг гэлээ.  Бидэнд гар утас, интернет байхгүй, бид автомашины код мэдэхгүй, энэ арай л дэндэж байна. Аргагүй байдлын улмаас гаалийн даргаас гуйж, гаалийн дарга нь гаалийн дотоод сүлжээгээр хайж,  код олж өглөө. Даргаар нь  хийлгүүлсэн кодоо аваад гаалийн байцаагчид аваачиж өглөө. Үүнд бид нэг өдөр зарцуулсан. Хэл ам хийх, асуух нь ийм л байдалд хүргэж байна. Яагаад гэж асууж, заргалдсаар, бид транзит бараа машиныг олон улсын жишгээр шийддэг, бид зургаагаас дээш сараар гадаад улсад амьдарсан, нотлох бүх баримт байна гэх мэтээр заргалдсаар л… Гаалийн байцаагч нь та нар бидний эрсдлийг тооцож, их хэмжээний мөнгө биедээ авч явах ёстой байсан гэсэн сануулга, анхааруулга өглөө. ЭРСДЭЛТЭЙ ОРОС ОРОН гэдэг нийтлэл маань эндээс төрсөн шүү.

Бид татвар биш барьцаа тавихаар болж зөвшилцөлд хүрсэн боловч зөвхөн машины циллиндр нь 2446 үржүүлэх нь таван евро ингээд  12230 евро буюу 30 сая төгрөг боллоо.  Энэ бол зөвхөн машины барьцаа шүү.

Гэтэл энд маш том асуудал гарлаа. Машин яахав ингээд шийдчихлээ одоо ачиж яваа гэрийн эд хогшлоо яах билээ, бүгдийг нь жинлүүлж, бас таван еврогийн барьцаа тавих болохоор ахиад л 30 сая төгрөг болох гээд л..  ингээд хиллэхэд нийлээд 60 сая байтугай болох нь  гэлээ ч гаалийн зорчигчийн мэдүүлэгт бүгдийг нь бичлээ. Халбага 5, аяга 6, аяганы алчуур, ширээний бүтээлэг оймс, зурагт гээд л хичнээн хуудас бичиж гарлаа. Зорчигчийн гаалийн бүрдүүлэлт хийхдээ барааг нэг бүрчлэн тооцож, тоо ёсоор нь үнэн зөв бичиж байх үүрэгтэй. Гаалийн холбооны улсуудын гаалийн газрууд дотоодын хууль тогтоомжиндоо үндэслэн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй  чингэлэгт давхар үзлэг хийж, гаалийн бүрдүүлэлтэд бичигдээгүй барааг захиргааны шүүхээр оруулан, улсын өмч болгон хурааж байгаа юм байна. Ийм болохоор замдаа хэрэглэх ариун цэврийн хэрэгслээ хүртэл бичих хэрэгтэй болж байгаа юм. Гаалийн байцаагч тэгтэл гэнэт, за хэрэггүй зөвхөн машинаа л бич, барьцаа татвар дийлэхгүй гээд болиулчлаа. Нэгэнт их мөнгөгүй болохоор зөвхөн машинаа бичээд л үлдээлээ. Гэхдээ нэг эрсдэл нь хэрэв бид ирж амжихгүй бол машин улсын орлого болсон тохиолдол гарвал, машин доторхи эд зүйлс нь шуналтай нэгэнд идэш болж болох талтай. Ийм их мөнгө  биедээ авч яваагүй болохоор Монгол улсдаа очиж авчираад машинаа авахаар боллоо. Ингээд машин эд бараагаа гаалийн баталгаат агуулахад, задгай хашаанд үлдээгээд өөрсдөө явган хил гарах зөвшөөрлөө шөнийн 02 цагт авлаа. Бие болон сэтгэл санааны хувьд маш их ядарлаа.

Өө бурхан минь, шөнө дунд 02 цагт  хилийн хяналтын талбайнх нь гадаа нэг бензин түгээгүүр, хоёр даатгалын түцтэй зэлүүд газар явган гарлаа шүү. Хамгаалалтын албаны орос нэг автобусанд захиж өгч, арайхийж хөл дүүжлэх унаанд суулаа. Одоо надад Москва хот орох хэрэгтэй. Үүрээр Москва хотод ирсэн.

ОХУ-ын Гаалийн холбооны талаар хэлэх хэдэн үг

ОХУ, Белорусь, Казахстан нэгдэж Гаалийн холбоо байгуулсан. Гаалийн холбооны улсуудын Гаалийн тухай хуулиас анхаарч авч үзэх хэд хэдэн зүйл байгаа болно.

Баруун Европын улсуудаас машин худалдаж авсан манай иргэд транзит номертойгоор тус улсын хилээр нэвтэрсэн тохиолдолд Гаалийн бүрдүүлэлтийн тухай хуулийн 215, 217, 218, 226 дугаар зүйлүүдэд заасны дагуу Гаалийн холбооны улсуудын хил дээр гаалийн татварын жишиг үнийг барьцаалан үлдээж, барьцаанд үлдээсэн мөнгөө гаалийн татварын жишиг үнийг барьцаалан үлдээсэн яг тэр газраа буцан ирж, мөнгөө буцааж авах ёстой байдаг юм байна.

Гаалийн холбооны улсуудын Гаалийн бүрдүүлэлтийн тухай хуулийн 219 дүгээр зүйлээр дамжин өнгөрөх хугацааг тогтоож өгдөг.

Гаалийн холбооны улсуудын Гаалийн бүрдүүлэлтийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу гаалийн татварын жишиг үнийн дүнг барьцаанд тавилгүй явж болно. Гэвч энэ заалтын дагуу цөөн тооны Монгол иргэн явсан байх, ер  нь бол энэ бол хар арга л юм даа хэрэв та Европын аль нэг улсаас машин худалдаж аваад Европд амьдардаг бичиг баримттай, хэн нэгний нэр дээр бичиг баримтаа хийлгээд,  хөлс төлж бариулаад транзит номергүйгээр Монгол улсдаа ирвэл гаалийн татварын жишиг үнийг Гаалийн холбооны улсуудад барьцаалан үлдээх шаардлагагүй.

Гэхдээ энэ 80-р зүйлд Түр хугацаагаар европын аль нэг улсын номертой автомашинаар, барьцааны мөнгө үлдээлгүй дамжин өнгөрөх гаалийн бүрдүүлэлт хийсэн иргэд машинаа замдаа алдсан тохиолдолд шалтгааныг үл харгалзан тухайн өдрийн гаалийн татвартай тэнцэх мөнгөөр торгууль тогтоодог.  Энэ тохиолдолд тус иргэний гаалийн торгууль мэдээллийн сүлжээнд хадгалагдмагц хүү нэмэгдэн тодорхой хугацааны дараа дахин машинаар Гаалийн холбооны улсуудын аль нэг хилийн боомтоор орж ирсэн тохиолдолд тухайн унаж яваа машиныг нь тус төлбөрт төлөх барьцаанд хурааж авдагийг анхаарах хэрэгтэй. Энэ бол анхааруулга шүү. Та харин монголд үлдээсэн бол нотлох баримтаа авч яваарай. Энэ бол эрсдэлтэй орос орон шүү. Өөр гаргалгаа байхыг үгүйсгэхгүй зөвхөн хувь хүн миний л нүдээр, бодлоор  ийм байлаа.

Хэрэв ийм аргаар машин зөөсөн Монгол иргэд байвал дараагийн удаа энэ 80-р зүйлд өөрт чинь хамаарах эсэхийг сайн судлаж байж яваарай гэж сэрэмжлүүлж байна.

Бас нэг анхаарал хандуулах асуудал бол Гаалийн холбооны улсуудын гаалийн газрууд дотоодын хууль тогтоомжиндоо үндэслэн өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй   ачаа бараанд ба чингэлэгт давхар үзлэг хийж, гаалийн бүрдүүлэлтэд бичигдээгүй барааг захиргааны шүүхээр оруулан, улсын өмч болгон хурааж байгаа юм байна. Та нэг ширхэг бохь ч үлдээлгүй мэдүүлэх ёстой шүү? Энэ шалтгаанаар олон ачаа бараа алга болсон тохиолдолд илгээгч буруутан болж байгаа шүү. Та дүүдээ илгээсэн өмдний карманд нь хроёр чихэр хийсэн бол мэдүүл бич гэх гээд л байна л даа би, яагаад гэвэл энд хуулиар халхавч хийсэн боловсон дээрэм явагдаж байгаа учраас л тэр.

Карго явуулдаг иргэдэд энэ тун хамаатай, таны энэ алдаанаасаа болж,хууль биелүүлээгүй гэж дүүд чинь өрөөсөн гутал очдог болохоор, үүнээс болж хаа хаанаа маш их хүндрэл гарч хана мөргөөд дуусаж байгаа шүү.

Харин бидний хувьд бол байдал арай өөр, бид бол олон жил гадаад улсад ажиллаж, амьдарсан иргэд нотлох бичиг баримттайгаа, орон нутагтаа буцахад гэсэн гаалийн "олон улсын конвенцийг" удирдлага болгон ихэнхи улсууд гаалийн хуулиндаа заасан байдаг тэр заалтын дагуу явахад болох болов уу гэж замд гарсан билээ.

ОХУ. Москва хот

Үүрээр Москва хотод ирсэн. Яарахын  эрхэнд таксидсаар Яровславскийн вокзал дээр яаран ирлээ. Тасалбар олдохгүй байж хамгийн ойрын тасалбар нэг хоногийн дараа, иймээс Казакстан улс руу бушуухан гаръя цаашаа хятадаар дамжаад эх орондоо очъё гэж шийдлээ.  Бодлоо бодох юм их байна аа надад, өнөө Гадаад явдлын яамны сайтны визгүй гэдэг орнуудаар дамжаад яалаа даа, айлаа очтол виз нэхээд эргээд газар хол, визний хугацаа дуусна. Казакстаны Алма-Ата хот ороход л нэг хүний 15,000 рубль нийтийн суудлаар, бодлоо, нутаг руугаа дөхье гэж шийдлээ, хамгийн ойрын тасалбар нэг хоногийн дараа, үнэ гэж аймаар, гэлээ ч худалдаж авлаа хоёр тасалбар, тэр шөнөдөө вокзал дээр хонолоо. Вокзалаар дүүрэн л дүрэмт хувцастай ажилтнууд, цэрэг татлага болсон юм болов уу цэргүүд хөлхөлдөнө. Ингээд маргаашийн 13,05 минутанд Москва-Бланфениск чиглэлд суугаад Буриад улсын нийслэл   Улаан Үүд хотыг зорилоо. Дөрвөн өдөр, дөрвө шөнө явж ядарсаар визний хугацаа 12,36 минутаар хоцорч Буриад улсын Улаан Үүд хотод буулаа.

Буриад улсын нийслэл Улаан  Үүд хот

Шөнийн 02 цагт хилээс гарч, азаар унаа олж даагдаад үүрээр Москва хотод ирсэн.

Тасалбар олдохгүй байж хамгийн ойрын тасалбар нэг хоногийн дараа өдрийн 12.10 минутаас галт тэргэнд сууж дөрвөн өдөр явж Буриад улсын нийслэл Улаан Үүд хотод бид транзит визний хугацаа  12 цаг 36 минутаар хэтэрч ирсэн. Шууд л такси авч Монгол улсын Консулын газрыг зорилоо.

Ингээд бид Консулын газар байрлах Монгол улсын консулын зочид буудалд буусан. Энэ өдөр бүтэн сайн, амралтын өдөр байсан. Маргааш нь бүх нийтийн амрах баярын өдөр.  Нөгөөдөр нь бид эртлэн босож дөрвөн номерийн микронд сууж 15 рубль төлдөг юм байна  Нищенко 20 хаяг  хаягт байх Гадаадын харъяатын хэрэг эрхлэх газарт ирлээ.

Гадаадын харъяатын хэрэг эрхлэх газрын  гадаадын иргэдийг хариуцсан дарга Мишин, гадаадын иргэдийг хариуцсан ажилтан,Төмөр замын цагдаагийн газрын гадаадын иргэдийг хариуцсан ажилтан, төмөр замын шүүх гэсэн холбогдох бүх газраар орлоо.
Гадаадын харъяатын хэрэг эрхлэх газар гадаадын иргэдийг хариуцсан Мишин гэдэг дарга дээр орлоо. Тэр хүн хоёрдугаар давхарт байрлах  ажилтан луу явууллаа. Хоёр ажилтан орос нөхөр сууж байна. Нэг нь монгол авгай нөхөр хоёртой ярилцаад сууж байна.  Нөгөө орос нь бид хоёрыг ороод ир гэлээ. Хариуцсан ажилтан нь төмөр замын цагдаагийн газрын гадаадын иргэд хариуцсан хэлтэс  рүү очиж шийдүүл,  14.00 цагт оч гэв. Гараад бид бодлоо, энэ ажилтан биднийг буруу ойлголоо, ер нь ахиад орж учирлаж гуйя, гэж ярилцаад ахиад орж харж үзээч гэж гуйлаа. Шууд дургүйцэж төмөр замын цагдаагийн газар руу оч материал компьютерээр явуулсан гээд үг сүггүй хөөгдөөд гаргалаа. Тэгтэл араас монгол эмэгтэй гарч ирээд намайг хүлээж байгаарай би одоохон гээд өрөө рүү буцаад орчлоо. Өнөө монгол эмэгтэйг хүлээж коридорт хэсэг байтал гараад ирлээ. Танилцлаа,  өөрийн мэдэхийн хирээр зааж өглөө.  Төмөр замын цагдаагийн газрыг хаа байдгийг зааж өглөө. Ингээд нэг танил эгчтэй болов.

Төмөр замын цагдаагийн газрын гадаадын иргэд хариуцсан хэлтэст  хэлсэн ёсоор  14.00 цагт очиход хариуцсан ажилтан анкет бөглөнө. Эхлээд эхнэр нь анкет бөглөнө нөхөр коридорт хүлээж  бай гэлээ.  Овог нэр, амьдардаг газар гэх мэтийн жижүүрийн асуултуудыг бөглөлөө. Яагаад  визний хугацаа хэтэрсэн гэдэг асуулт тавив. Зовлонгоо хэллээ. Харин тэд анкетанд  дөрвөн газар гарын үсэг зуруулав.

Дараа нь нөхөр ор, эхнэр коридорт хүлээ гэлээ.  Анкетний нэрийг сольж бичээд асуулт асуусангүй, миний бичсэнийг хуулуулж бичээд л болоо. Мөн л  дөрвөн газар гарын үсэг зуруулав. Бид  наймдугаар сарын 01-нээс шинэ хууль мөрдөгдөж байгаа гээд хурууны хээ авч, 17 цагт шүүх хуралтай коридорт хүлээж бай гэж тушаалаа.

Тэнд хүлээсээр суугаад 17 цаг болоод очтол  хариуцсан ажилтан орчуулагч дуудаж авчирсан байлаа. Орост олон жил амьдарсан монгол залуу байлаа. Би хүмүүст тусладаг юм зарим нь бензиний мөнгө өгдөг л юм зарим нь 1000 дээш рубль өгдөг, би юм нэхдэггүй ээ гэсээр инээгээд угтлаа биднийг, бид ч цагдаагийн гэрээт орчуулагч юм болов уу гэж ойлголоо. Гэтэл тэр орчуулагчийн нэрийг бидний бөглөсөн  анкетийн дундуур цагдаагийн ажилтан нь шахаад биччихлээ. Бид энэ хүн эдний орчуулагчаар явна гэж бичиж байгаа юм байх гэж ойлголоо. Тэгээд орчуулагчын машинаар шүүх рүү явлаа. Замдаа орчуулагчдаа байдаг бүхнээ хэлж сэтгэлээ онгойлголоо. Туслаарай гэж гуйлаа. Тэгээд таван минут яваад л шүүх орлоо. Хэсэг хүлээгээд дуудахаар нь очтол тэнд нэг эмэгтэй шүүгч ганцаараа сууж байлаа. Шүүгч эмэгтэйн нэрийг И.К.Кушнарева гэдэг юм байна.  Өрөөнд шүүгч хариуцсан ажилтан орчуулагч, мөн бид хоёр байлаа. Өөр протокол хөтлөгч, нарийн бичиг гэх зэргийн бусад хүн байдаггүй юм байна. Ингээд шүүгч хоцорсон  шалтгаанаа хэл гэлээ бид хэллээ орчуулагч давтлаа. Цагдаагийн гэрээт орчуулагчийн  хийсэн ажил хэлсэн үг нь ердөө л энэ. Бид холбогдох материалаа үзүүллээ. Анхаарал сайн хандуулалгүй хажуудаа тавьчихлаа... (үргэлжлэл бий)

У.Уудам

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.