
БОРООНЫ ДАРААХ УЛААНБААТАР ХАМГИЙН АЮУЛТАЙ
Улаанбаатар хот өнөөдөр бас бороо орох мэдээтэй. Түр зуурын их хэмжээний устай орсон хур тунадасны улмаас энд тэндгүй л юм юм хэцүүхэн л байх шиг байна.
Миний ойлгосноор Монгол улсын жилийн хур тунадасны нийлбэр хэмжээ дунджаар 250 мм ч бил үү байдаг гэсэн. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд орсон борооны тунадасны хэмжээ дээд тал нь 110 мм хүрсэн мэдээ ТВ-гээр явлаа.
Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд орох ёстой хур тунадасны нэлээдгүй хэсэг нь нэг хоёрхон цагийн дотор тодорхой нэг хэсэг газруудад л эрчимтэй орчихсон юм байна гэж ойлгоод байгаа.
Энэ цаг үед манай улс төдийгүй Ази, Европын олон улс орнуудад бороо үерийн гамшиг олонтой гарч байгаа нь яах аргагүй дэлхийн цаг уурын дулааралт, өөрчлөлттэй холбоотой ч юм болов уу даа.
Энэ их үер энэ тэр гэлтгүй ерөөсөө бороо орсоны дараах Улаанбаатар хамгийн аюултай хот гэж хувьдаа боддог. Та нар бороо орсоны дараа УБ-ын зам ямар болдогийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.
Хур тунадасны улмаас хатуу хучилттай замын гадаргуу дээр үүссэн тоосжилт буюу автомашин явах үед замаас үүсдэг тоосны асуудал бидний эрүүл мэндэд асар их эрсдэл дагуулдаг гэдгийг харамсалтай нь хэн ч тоож ярьдаггүй. Бороо орсоны дараа хөдөлгөөний ачаалал ихтэй томоохон замын дагуух тоосжилт агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог.
Өөрөөр хэлбэл энэ бол асфальтан замын тоос гэсэн үг бөгөөд хур тунадасны улмаас хатуу хучилттай замын гадаргуу дээр бий болж автомашин явах үед замаас үүсдэг тоос, тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн аюултайд тооцогддог.
Үүнд ялангуяа бороо орсоны дараах усаар замруу зөөвөрлөгдсөн бохирдсон хөрс шороо, асфальт хучилтын материал, автомашины түлшний шаталтаас үүссэн яндангийн хийн үлдэгдэл, дугуйны резины үлдэгдэл гэх мэт нь замын тоосны эх үүсвэр болдог зүйлүүд.
Энэ агаар дахь тоосонцор (SPM) нь 10 μм ба түүнээс бага (1 μм нь метрийн саяны нэг) буюу түүнээс бага (PM2.5) хэмжээтэй агаар мандалд хөвж буй тоосонцор юм. Энэ нь маш жижиг тул агаар мандалд удаан хугацаагаар үлдэж, уушиг, гуурсан хоолойд хуримтлагдаж, амьсгалын тогтолцоонд муугаар нөлөөлдөг.
Агаарын бохирдлын улмаас нарийн ширхэгтэй тоосонцор (PM2.5)-т удаан хугацаагаар өртөх нь титэм судасыг хатууруулж, шохойжилтыг ихэсгэдэг болох нь тогтоогдсон байдаг. Мөн PM2.5 -д удаан хугацаанд өртсөнөөс үүдэн цусны ийлдэс дэх стрессийн дааврын түвшин нэмэгдэж, гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн системийг идэвхжүүлснээр цусны даралт ихсэх, бодисын солилцооны өөрчлөлт бий болж зүрх судасны өвчин ялангуяа зүрхний шигдээс, тархины харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Өөрөөр хэлбэл бидний эрүүл мэндэд асар их эрсдэл дагуулж байгаа орчны бохирдлын нэг жишээ шүү.
Тиймээс борооны дараах УБ хот хамгийн эрсдэлтэй аюултай хот гэж ойлгодог.
Борооны дараа автомашины хөдөлгөөн ихтэй замын хажуугаар явахаас зайлсхий. Борооны дараа ийм газраар зайлшгүй явган алхах бол заавал маск зүүж яваарай.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.