Бато-Очиров: Буриадууд чинь Монголчууд шүү дээ

Twitter Print
2015 оны 07-р сар 23-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Та бүхэндээ сэтгүүлч Бато Очировын "Буриадууд чинь монголчууд шүү дээ" нийтлэлийг Монгол хэл дээр хөрвүүлэн хүргэж байна. Энэ нийтлэлийн тухай Монголын уншигчид юу бодож байгаа нь бидэнд мөн адил сонин байх болно.

Хорвоо дээр хүн амьтан аль нь ч бай өөрийнхөө дов дош, өлгий нутагтаа тав тухтай, эвтэйхэн амьдрахаар зохицуулагдсан байдаг. Баавгай, арслан хоёр араатны хаан хэмээн нэрлэгддэг ч баавгай тайгадаа, арслан ширэнгэ ойдоо гэх мэт зөвхөн өөрийнхөө нутаг дэвсгэртээ л тухтай амьдрах бөлгөө.

Байгальд хаана ч азаргалж чадах хэт хүчирхэг амьтан гэж ердөө ч байхгүй. Ийм маягаар л байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс хил хязгаар тогтсон байдаг нь харагдаж байх шиг. Харин байгалийг одоо хүртэл хэн ч хуурч чадаагүй л байна. Учир иймд алив ард түмний өөрийгөө тодорхойлох асуудал нь түүний хөгжлийн хамгийн чухал хэтийн төлөв болсоор иржээ. Энэ нь анхан шатны бараг ариун нандин үүрэг юм.

Хэрэв ард түмэн өөрийнхөө "үндэс угсаанаасаа" хүйн холбоо тасрах юм бол мөдхөн өвчилсөөр мөхөж сүйрэх болно. Харин эсрэгээрээ өөрийнхөө үүх түүхээ нандигнан хадгалж, хайрлаж хамгаалдаг ард түмэнд цэцэглэн хөгжиж, тэсэж үлдэх боломж үргэлж байсаар байдаг. Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн орнууд бас Монгол Улстай ч ийм зүйл тохиолдож байсан.

Улаан-Үдэд 10 дугаар сарын 23-нд буриад зоны гарал үүслийн тухай эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Үүнийг "Алханай – Мир великого блага" - "Агуу ерөөлийн ертөнц – Алханай" киног бүтээгч, нийгмийн зүтгэлтэн Гончикбал Баиров санаачлан зохион байгуулсан юм.

Миний ой ухаанд үлдсэнээр энэ анх удаагийнх ч гэсэн цаг үеэ олсон явдал гэж бодогдоно. Буриад зоны гарал үүслийн тухай асуудал ямагт тодорхой бус байсаар ирсэн нь магадгүй ийм чухал асуудалд гаргалгаа хийхэд, хариу өгөх баталгаатай хариулт байхгүй, гүнзгий судлагдаагүй байснаас байж болох юм. Ингэхээр Дорнод Сибирийн хамгийн том угсаатан өөрийнхөө гарал үүслийг олохгүй төөрсөн гэсэн үг.

Хүн бүхний мэдэхээр түүхийн шинжлэх ухаан бол харьцангуй хийсвэр зүйл. Ганцхан үйл явдлыг тал талаас нь аль ч өнцгөөс харж болно. Тэгээд энэ нь бас нэг нэгийгээ үгүйсгэсэн байх магадлалтай шүү. Түүхэнд буриадуудыг Монголын ертөнцөд л хамруулж үздэг болохоор монголоороо л үлдэх хэрэгтэй. Хэрэв зүйрлэж хэлэх юм бол буриадууд бид алт эрдэнэсийг нэгэн том байшинд байдаг "нэг өрөөнд" хайгаад байгаа ч тэр эрдэнэс бидний хайгаад байгаа тэр өрөөнд байсан гэх баримт байхгүй гэдэгтэй л адил юм.

Тухайлбал "Гэсэр" хэмээх баатарлаг туульс монголын ертөнцөөр хэрхэн тархсаныг харж болно. "Гэсэр" нь түвдийн тууль гэдэг ч монголын ард зонд ирээд илүү их түгэн тархжээ. Энэ туульс бүр хуучин хэлбэрээр Эрхүүгийн буриадууд дунд үлгэр хэвээр хадгалдагдан үлдсэн байдаг.

Хожим Жамсраны Цэвээн энэ туульсийг аман хэлбэрээс бичгийн хэлбэрт буулгасан юм. Ийм маягаар энэ туулийг ямар нэгэн тодорхой угсаатанд хамруулан батлахыг оролдох хэцүү ч Эрхүүгийн буриадууд дунд илүү бүтэн хэлбэрээр хадгалагдсаар ирсэн нь баримт билээ.

Тухайн туульсийн дамжин ирсэн газар зүйн байрлалаас харвал одоогийн үзэл бодлын үүднээс нүүдэлчин ард түмнийг дүгнэх нь алдаатай бөгөөд учир дутагдалтай болох нь харагдана. Харин буриад зон бусад монгол угсаатны нэгэн адил Монголын феодалийн задрал бутарлын үр дүн юм. 16-17 зууны үеээс буриадууд Орост харъяалагдан амьдарч байхад Монгол Улс нь 1921 он хүртэл Чин гүрний нэгэн хязгаар байлаа.

Эдүгээ буриадын нийгэмд үндэс угсаагаа хайх хэрэгцээ хожимдсон энэ үед хэрэв өөрийгөө танихыг хүсэж байвал хэдийгээр өөр өөр улсад амьдарч байгаа ч буриад зон болон монголчууд ах дүү ард түмэн бус харин нэгдмэл нэг үндэстэн гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Үүний нэг тод жишээ бол орчин үеийн Монгол Улсад маш урагштай ажиллаж амьдарч яваа нөлөө бүхий олон буриад ястай монголчуудын жагсаалт байж байна.

Энэхүү бичлэгээ бас л нэгэн зүйрлэлээр төгсгөхийг хүсэж байна. Арслан тайгад амьдарч чадахгүйтэй адил баавгай ч ширэнгэн ойд амьдрахгүй. Бүх хүн амьтан өөрийнхөө дошон дээр л хошгирно шүү дээ.

Эх сурвалж: asiarussia.ru

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.