Дуурийн дуучин Б.Монголхүү Кремлийн ордонд болсон шилдэг дуучдын нэгдсэн тоглолтод оролцжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 06-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

ДБЭТ-ын гоцлол дуучин, баритон Б.Монголхүү Москвад, Кремлийн ордонд дуурийн шилдэг дуучдын нэгдсэн тоглолтод оролцоод иржээ. Дуучинтай холбогдож мэдээллийг тодрууллаа.

-Аян замын сонин сайхан дуулгах уу. Та Кремльд ямар тоглолтод оролцоод ирэв?

-ОХУ-д суралцаж байхдаа “Романсиада” уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн юм. Тэр уралдааны шагналтнуудыг Кремльд зохион байгуулсан гала концертод урилаа.

-Их ач холбогдол өгчээ.

-Тийм ээ. Оросууд хоёрдугаар сарын 1-нийг Романсын өдөр болгосон бөгөөд үүнийгээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг юм билээ. Тийм болохоор энэ өдрийг тэмдэглэхдээ төр, засгийн түвшний, олон улсын хэмжээний арга хэмжээ болгодог юм байна. Дуучдыг ч их хүндэтгэх юм. Би анх удаа л Кремлийн концертын танхимд дууллаа.

-Гадаад орнуудаас олон дуучин байв уу?

-Итали, Испани, Узбекстан, Казахстан гээд арваад орны дуучин оролцлоо.

-Та энэ гала концертод ямар романс дуулсан бэ?

-“Гори, гори, моя звезда”. XIX зууны сүүлчээр бичсэн дуу гэдэг. Зохиогчид нь хэн бэ гэж маргадаг, сонирхолтой романс.

Дуурийн гоцлооч Б.Монголхүү нь “Virtuoso Gala Concert-2019”-д ОХУ-ын Липецк хотод болсон тус улсын алдарт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин Н.Обуховагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын VIII уралдаанд III байр эзэлсэн, Санкт-Петербург хотод болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцсон, Казахстан улсад болсон тус улсын дуурийн алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд “Өөрийн орны бүтээлийг амжилттай дуулсан” номинацийн шагнал хүртсэн амжилтаараа уригдаж дуулсан юм.

Р.Оюунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.