Шинэ сайдуудад өгсөн зөвлөгөө

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын сайд нарын нэрсийг энэ сарын эхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Шинэ Засгийн газар 15 яам, 19 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Ингэхдээ АН 10, МАН 6, “Шударга ёс” эвсэл 3 сайдын суудал авах байсан. Мөн АН, МАН болон "Шударга Ёс" эвсэлийнхэн тус тусын намаас сайдад нэр дэвшигчдээ хугацаандаа тодруулсан. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвшилцсөний дагуу 18 сайдын нэрсийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлээд байв.

Шийдлийн Засгийн газрын танхимд:

1. Шадар сайд У.Хүрэлсүх

2. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт

3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

4. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

5. Сангийн сайд Ж.Эрдэнэбат

6. Хууль зүйн сайд Д.Дорлигжав

7. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

8. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар

9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

10. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү

11. Уул уурхайн сайд Р.Жигжид

12. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг

13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

14. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

15. Эрчим хүчний сайд Д.Зоригт

16. Монгол Улсын сайд М.Энхсайхан

17. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон

18. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба нар нэр дэвшээд байсан.

Харин УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. Ингэснээр шинэ Засгийн газар шинэ бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрөөс албан ёсоор ажлаа эхлүүлж байна. Шинэ Засгийн газар ирэх 1.6 жилийн хугацаанд юу хийх ёстой вэ. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүд салбарын сайд бүр дээр тодорхой байр сууриа илэрхийлж, захиасаа хэлсэн. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Хэрүүл бугласан Эрүүл мэндийн салбартаа ном уншуул” гэж хошин маягаар хэлсэн ч, хамгийн их хэл амтай салбарын нэг нь Эрүүл мэндийн асуудал билээ. Ингээд чуулганы үеэр гишүүд ямар байр суурьтай байсан талаар хүргэе.

Зам тээврийн салбарт

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Аймгийн төвүүдийг автозамтай холбох бодлогыг үргэлжлүүлж замын чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Төмөр зам, иргэний нисэхийн салбарт ч бас маш чухал, тулгамдсан асуудлууд олон байна. Энэ салбарын боловсон хүчний бодлого бусад салбарынхаас тусдаа, маш онцгой бодлоготой байх ёстой. Ялангуяа иргэний нисэхийн салбарт боловсон хүчний бодлого өв уламжлагдах тал байдаг. Нисгэгчийн хүүхэд нисгэгч болдог гэх ч юм уу. Энэ мэт асуудлыг ойлгож болно. Гэтэл энэ мэт нарийн мэргэжил биш даргын хүүхэд дарга болоод байгаа тал байна. Иймэрхүү асуудалд анхаарлаа хандуулаарай.

Г.Баярсайхан: Зөвхөн хөдөөд зам тавих асуудлыг хариуцаад, хотын замын асуудлыг орхигдуулж болохгүй. Нийслэлд бол “Гудамж” төсөл гээд нэлээд сайн ажил хийгдэж байсан. Энэ чиглэлээр танай яам цаашдаа хэрхэн ажиллах вэ. Хоёрдугаарт, төмөр зам барих ажлаа эрчимжүүлээрэй. 2015 ондоо багтаад шинэ төмөр замаа барьж дуусгана гэж байна. Энэ амлалтдаа хүрч, сайн ажиллах хэрэгтэй.

Уул уурхайн салбарт

Л.Энх-Амгалан: Хайгуулын салбар үндсэндээ зогсонги байдалд орчихлоо. Юунаас болж зогсонги байдалд орсныг бид бүгд мэдэж байгаа. Тэгэхээр хайгуулын салбарын үйл ажиллагааг сэргээхэд анхаарч ажиллах ёстой байх. Дээрээс нь томоохон төслүүдийн гацааг арилгах, шинээр стратегийн ордуудыг бий болгож, ашиглалтад оруулах чиглэлд хэрхэн ажиллах вэ.

Г.Уянга: Оюутолгойн асуудлыг зарахаас өөрөөр шийдээрэй. Оюутолгой бол Монголын ард түмний олон жил үр ашгийг нь хүртэх том төсөл. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад салбарын сайдын үүрэг хамгийн чухал.

Б.Наранхүү: Монголын төр гарын үсэг зурсан бол зурсандаа эзэн болдог байх хэрэгтэй байна. Нэг нь гарын үсэг зурдаг. Тэгээд л нөгөө нь гарч ирээд, янз бүрийн юм ярьдаг. Хөрөнгө оруулагчдыг үргээдэг, айлгадаг. Ийм байдлыг засаж, өөрчлөх ёстой. Энэ байдлыг дархлаажуулж, баталгаажуулахгүйгээр цаашдаа юу ч явахгүй шүү. Ганц том гэрээтэй, Оюутолгой гээд. Гэтэл тэр гэрээгээ тойроод хүн болгон л ноцлоо. Ийм байж болохгүй. Хэлсэн бол хэлсэндээ л байх хэрэгтэй. Алдагдалтай байсан ч хамаагүй. Тэгж байж л бид итгэлийг олж авна.   

Ё.Отгонбаяр: Уул уурхайн салбарт ил тод байдлыг хангахгүй бол авлигын эх үүсвэр болох нь байна шүү. Дээрээс нь хэрвээ өмнөх сайдынхаа хэрэгжүүлж байсан бодлогыг үргэлжлүүлбэл, энэ салбар чинь өндийхгүй шүү. Хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

Боловсролын салбарт

Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд боловсролын салбар уналтанд оруулсан. Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэж байгаа. Олон айл хүүхдээ их, дээд сургуулиас нь гаргаж байна. Энэ чиглэлээр цаашдаа тодорхой судалгаа гаргаж, ажиллах ёстой. Саяхан батлагдсан хуулиар нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалт үгүй болж байна. Нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой.

Ж.Батзандан: Сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр хөгжилтэй орны сурагчдын өмсдөг дүрэмт хувцаснаас 2-3 дахин өндөр үнэтэй байна. Өндөр хөгжилтэй орны хүүхдүүд 50 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа өмсөж байхад монгол хүүхдүүд 100 мянган төгрөгийн үнэтэй хувцас өмсөж байна. Энэ байдлыг шийдэхгүй бол дөрвөн хүүхэдтэй айл гэхэд 400 мянган төгрөгөөр хүүхдүүддээ сурагчийн дүрэмт хувцас авч өгдөг болчихоод байна шүү. Ийм байдлаар удаан явж болохгүй.

Хууль зүйн салбарт

Ө.Энхтүвшин: Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Ц.Нямдорж сайд байхдаа бараг бэлэн болгочихсон байсан. Гэтэл Х.Тэмүүжин сайд гарч ирээд, оффисын барилга болгоно гээд одоо хоёр жил гаран хугацаа өнгөрлөө. Оффис ч үгүй, эмнэлэг ч үгүй. Энэ асуудлыг нэг тийш шийдэж, эмнэлгийг эмнэлэг хэвээр нь үлдээгээрэй.

Ц.Нямдорж:  Хууль хяналтын байгууллагууд бие биенээ тагнадаг чагнадаг байдал хэрээс хэтэрсэн. Цагдаа нь тагнуулаа, Авлигатай тэмцэх газар нь цагдаагаа тагнуулдаг. Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр одоо бүр өмгөөлөгч нь тагнуулч болсон. Бичлэг хийдэг, түүнийгээ олон нийтэд цацдаг. Энэ бүхнийг засаарай. Н.Алтанхуягийг огцрохынх нь өмнө Авлигатай тэмцэх газар улстөрийн зорилгоор тодорхой мэдээлэл хийсэн. Ажил эрхэлдэг хүмүүстээ улс төрийн эгзэгтэй үед ийм юм хийгээд үзээрэй гэдгийг хатуу сануулж, ийм юм хийсэн тохиолдолд хурдан зайлуулна гэдгийг хэлэх ёстой. 

З.Баянсэлэнгэ: Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр хэвлэлд мэдээлэл өгдөг, буруутгадаг байдал хэрээс хэтэрсэн. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар гээд тодорхой зорилготойгоор мэдээлэл хийгээд байдаг. Үүнийг яаж шийдэх вэ. Ийм хүний эрхийн зөрчилтэй, хууль зөрчсөн зүйл байж болохгүй.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.