Хүүхэлдэйн тосгон

Twitter Print
2015 оны 08-р сар 22-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Нагоро бол Японы Сикоку арал дээр орших орхигдсон, эл хуль тосгон. “Лааны тосон байшин” аймшгийн киног санагдуулам энэ тосгонд оршин суугчдыг сүрлээр урласан хүүхэлдэй /мануухай/ орлох аж. Хот бараадсан их нүүдлээс үлдэж хоцорсон 35 хүн өдгөө Нагород байна. Магадгүй тэд ч удахгүй сүрлэн хүүхэлдэйгээр зүсээ хувилгах биз ээ. Нагород эзэн суусан 350 гаруй хүүхэлдэй тус бүр оршин суугчдын төлөөлөл юм. Тосгоны уугуул 65 настай Аяно Цукими энэ бүх хүүхэлдэйг өмнө нь байсан оршин суугчдыг дуурайлган урласан байна. Тэрээр Нагоро тосгоны хамгийн залуу оршин суугчдын нэг гэхэд итгэмээргүй.

Аяно Цукими 13 жилийн өмнө Осакагаас хөгшин эцгээ асрахаар төрөлх нутагтаа эргэн ирэхэд түүнийг эл хуль эзгүйрсэн тосгон угтжээ. Удалгүй 85 настай хөгшин эцэг нь нас барснаар Аяно маш их ганцаардсан ч төрөлх тосгоноо орхиж зүрхлээгүй аж. Тэрээр ойр зуурын ногоо тарьж,  ургацаа хэрээнд алдахгүйн тулд хэдэн мануухай хийснээр хүүхэлдэйн тосгоны эхийг тавьжээ. Аяно хамгийн түрүүнд аавыгаа дуурайлган сүрлэн хүүхэлдэй урласан байна. Үүний дараа тэрээр тосгоны тэнгэрт хальж, хот руу шилжсэн оршин суугчдыг нэг нэгээр нь хүүхэлдэй болгон хувиргах болов.

Аяногийн 10 гаран жилийн хөдөлмөрийн үр дүнд өнөөгийн хүүхэлдэйн тосгон төрхөө олжээ. Тэрээр шинээр хийсэн хүүхэлдэй тус бүрийг эзнийг нь санагдуулах газруудад байршуулдаг байна. “Тэд бүгд дурсамж сэргээдэг юм. Өмнө нь надтай цай уунгаа элдвийг хуучилах настай эмэгтэй, сакэ хүртэнгээ домог хуучилдаг хөгшин эрийн амьд ахуй цагийг нь санагдуулдаг юм” хэмээн Аяно Цукими харуусангуй дурсана. Энэ бүхний эцэст Нагоро тосгонд очсон хэн бүхнийг хаа сайгүй хэн нэгийг орлон “дүнсийх” олон зуун хүүхэлдэй угтах аж.

Эрдмийн мөр хөөн хотыг зорьсон хүүгийн оронд хүүхэлдэй мод бэлтгэн зогсох аж


Хүүхэлдэйн зорчигчид хэдийнэ явахаа больсон автобусаа хүлээж байна

Өдгөө Нагоро тосгоны хэдэн хөгшчүүд хүнс худалдан авч, эмнэлэг бараадахын тулд хамгийн ойрын хот руу автомашинаар цаг гаран давхиж хүрдэг гэнэ. Гэхдээ сүүлийн жилүүдэд гэрэл зураг сонирхогчид, жуулчид “хүүхэлдэйн тосгон”-ы тухай дуулаад Нагарод зочлох нь нэмэгдсэн байна. Нагоротой ижил эзгүйрч, “цаг хугацаа зогссон газар”, “сүнстэй хот” гэж нэрлэгдэх болсон жижиг хот, тосгод Японд 10 мянга гаруй бий гэнэ.

Их хөдөлмөр орж бүтсэн ч цаг агаар, орчны байдлаас хүүхэлдэйнүүд олон жил тэсдэггүй байна

Дэлхийн II дайнаас хойш Япон улс үсрэнгүй хөгжилтэй, чинээлэг орон болж хөгжин дэвшсэн. Гэвч хот, хөдөөгийн ялгаа нэмэгдэхийн хэрээр залуус хөгжил дэвшлээ дагаж, хөгшчүүд л бууриа сахин хоцорсоор байна. Өдгөө Японы хүн амын 40 хувь нь нийслэл Токио хот болон Киото-Осакаг багтаасан Кейханшин бүс нутагт оршин суух болжээ. Японы хөдөө, тосгод эзгүйрч, хоосорсоор байгааг олон хүн ярьж, хэлдэг ч хөдөөнөөс хот руу нүүдэллэх үйл явц тасралтгүй үргэлжилсээр байх аж.

Хөгшин эмэгтэйн дүртэй хүүхэлдэй өөр нэгэн “оршин суугч"-ийг шинээр мэндлэхийг харж сууна

Бага сургуулийн хичээл хэдэн жилийн өмнөөс зогссон ч хүүхэлдэйнүүд хичээлээ үргэлжлүүлэн судалсаар

Үүний зэрэгцээ Японы хүн амын төрөлт буурсаар байгаа нь санаа зовоосон асуудал болжээ. Японы хүн ам 2010 оноос буурч эхэлсэн байна. Хүн амын төрөлт огцом нэмэгдэхгүй энэ хэвээр үргэлжилвэл 2050 он гэхэд Японы хүн ам 108 сая болж буурах гэнэ. Үүнээс арван жилийн дараа гэхэд Японы хүн ам 87 саяар тоологдох ирээдүй харагдаж буй аж. Тэр үед 10 япон хүн тус бүрийн дөрөв нь 65-аас дээш настай болсон байх ажээ.

Б.Анхтуяа, news.mn

Эх сурвалж: http://www.macon.com/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.