Испани улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо огцом өсч, онц байдал зарлалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 15-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Испанид коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 1 өдрийн дотор 1500-гаар нэмэгдсэнээр тус улсад уг вирусын халдварыг авсан нийт 5700 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнтэй холбоотойгоор Испанийн засгийн газар онц байдал зарлаж, хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. ДЭМБ-аас Европын улс орнуудад коронавирусын халдвар авсан тохиолдол хурдацтайгаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европ тив коронавирусын цар тахлын голомт болоод байгааг онцолсон байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус иргэдийнхээ амийг аврахын тулд эрх баригчид иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, иргэдийг тусгаарлах зэрэг хатуу арга хэмжээнүүдийг авч эхлэхийг анхааруулсан байна.

Испанийн эрх баригчид онц байдал зарласнаар ирэх даваа гарагаас эхлэн иргэд хүнс цуглуулах, эмийн сан, эмнэлэг орох, ажилдаа явахаас бусад зорилгоор гэрээсээ гарч болохгүй болох аж. Испанийн үндсэн хуульд зааснаар онц байдлын үед засгийн газар иргэдийн болон тээврийн шилжилт хөдөлгөөнийг хягзаарлах, үйлдвэр үйлчилгээний байгууллагын удирдлагыг хяналтандаа авах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг иргэдэд тодорхой хэмжээтэй борлуулах шийдвэр гаргах эрхтэй болох аж.

Spain orders nationwide lockdown to battle coronavirus-н зурган илэрц

Онц байдлыг эхний ээлжид 14 хоногийн хугацаатай зарласан ба сунгах эсэхийг нь парламентын хэлэлцүүлгээр шийдэх гэнэ. Испанийн засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд Педро Санчез коронавирусын халдварын тархалттай тэмцэх явдалд цаг алдсан, өнгөрсөн ням гарагт Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулж маш олон хүнийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн иргэд шүүмжилж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу супермаркетууд, талх, нарийн боов, мах, загас, ногооны дэлгүүрүүд, ШТС-ууд, эмийн сангууд болон тамхи, сонины мухлагуудаас бусад нь үйл ажиллагаагаа зогсоох аж.

Өнгөрсөн бямба гарагийн орой Мадрид хотын удирдлагууд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаах шийдвэр гаргаж, Севилья, Гранада, Кордоба хотуудад улаан өндөгний баяртай холбоотой арга хэмжээнүүдийг цуцалжээ.

Эх сурвалж: The Guardian 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.