
Охидын хүчирхийлэл ба санамж
14 настай алдрайхан охин ахынхаа найзад хүчиндүүлж 15 насандаа хүүхэд төрүүлсэн тухай мэдээлэл, энэ хямралтай, түгшүүртэй хүндхэн цаг үед хүмүүсийн зүрх сэтгэлийг шимшрүүлж гүйцэв.
Эцэг эхийн хараа хяналтгүй байгаа 14, 10 настай зээ дүү нараа харж хандах, эзгүй гэрт нь элдвийн хүмүүс очиж айлгаж ичээх вий гээд ажлаа орхиод ч болсон очих ёстой нагац ах нь анд найз гэх танихгүй хүнийг охиноор тосуулж илгээж, адагт нь өөрөө очихоо болиод бүхий л зовлонгийн үүдийг нээж өгсөн байх юм!
Хэдхэн жилийн өмнө 13 настай жаахан охин айл саахалтынхаа ахад хуурагдан зочид буудалд ороод архиар шахуулж, аймшигт хүчирхийллийн золиос болон амиа алдахад нийгэм нэг хэсэг шуугиад л өнгөрсөн дөө. Эцэстээ алуурчны өмгөөлөгч нь хөөрхий охиныг наснаасаа хөгшин харагддаг байсан, өөрөө инээгээд буудал руу дагаж орсон, ээжтэйгээ хамт явдал суудалтай хүүхэд байсан гм гүтгэсэн.
Сайхан сэтгэлт иргэд хандивын аянд оролцон 14-тэй охинд байрны мөнгө цуглуулж өглөө. Ярианаас нь сонсоход цовоо сэргэлэн, амьдралын төлөө тэмүүлэлтэй охин байна лээ.
Хүчирхийлсэн гэх этгээд амиа алдсанаас болж охин руу дахин дайралт ирэх вий.
Хамгийн аймшигтай нь алдрай жаахан охидыг хүчиндэж гишгэлж, амийг нь хөнөөдөг жигшүүрт хэрэг үүгээр дуусахгүй ээ. Илэрсэн нь л энэ гэхээр хичнээн жаахан охид бие сэтгэлийн аймшигт зовлон туулж, хүчирхийллийн золиос болж явааг хэн ч мэдэхгүй.
Жил бүр 230-250 хүүхэд хүчингийн гэмт хэргийн золиос болдог статистик бий.
Бас нэг цочирдом нийтлэг зүйл нь хүүхдийг хүчиндсэн хэрэгтний дийлэнх нь ураг төрлийнхөн, ойрын хүрээллийн таньдаг хүмүүс нь байдаг. Бэлгийн хүчирхийллийн хохирогч насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт судалгаа хийхэд хүчирхийлэгчдийн 18% нь хойд эцэг, 16 % авга нагац ах, 12% төрсөн эцэг, 12% хөндлөнгийн хүн, 11 % үеэл ах нь байжээ.
Ураг төрлийн хүмүүс, таньдаг хүнийг хэн ч тийм юм хийнэ гэж сэжиглэдэггүй. Танил хөрш, ах дүүст хүүхэд ч итгэдэг. Ураг төрлийн хүмүүсийн хүчинг нуун дарагдуулах үндэстэй байдаг.
Сая болж өнгөрсөн хэргээс санамж болох зүйл:
1. Сургуулийн нийгмийн ажилтан, багш нар охидод илүү анхаарах
2. Насанд хүрээгүй хүүхэд жирэмсэн болсон тохиолдолд заавал учрыг тодруулах
3. Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалах талаар заавар сануулга өгч байх.
Жишээ нь өндөр хөгжилтэй оронд хүүхдийг танихгүй хүнтэй ярилцаж болохгүй, танихгүй хүнээс юу ч авч болохгүй. Аав ээжээсээ өөр хүнтэй хаалттай хаалганы цаана буюу өрөө тасалгаанд үлдэж болохгүй. Машинд нь сууж болохгүй гэдгийг маш сайн сануулж ойлгуулдаг.
4. Хүүхдэд хэний ч сүрдүүлгэнд орж болохгүй. Таньдаг хүн, ах дүү, төрлийн хүн ч бай биед нь хүрэх, эмзэг хэсэгт хүрэх, бэлгийн дарамт үзүүлбэл ямар ч тохиолдолд эцэг эхдээ хэлж, гэмт хэргийг цагдаад мэдэгдэж өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна!
13 настай охин буудалд орж хүчирхийлэл халдлагад өртсөн. Хөдөө суманд багш нь буудалд охиныг хүчирхийлсэн гм нь хүүхэд өөрийгөө хамгаалах, тусламж дуудах боломжгүй хаалттай хаалганы цаана эрэгтэй хүмүүстэй хамт аюулиай байдалд үлдэж болохгүй гэдгийг ойлгуулаагүйгээс л болж байна.
Хүүхэд сонирхдог педофил гэх гаж донтнууд хүүхдийн сэтгэхүйг нэвтэрхий мэддэг. Тэл хүүхдийн итгэлийг хүлээхийн тулд сонирхдог сэдвээр нь ярилцаж, асуудлыг нь хуваалцаж элдэв бэлэг сэлт өгдөг.
Тиймээс өндөр хөгжилтэй оронд хүүхдээ танихгүй хүнтэй ярилцах, өгсөн юмыг нь авч болохгүй гэдгийг ой тойнд нь ортол сануулдаг юм билээ.
Америкт ажлын байрны журам, эмэгтэйчүүдийг хамгаалах хуульд ажлын бус цагаар дарга нь эмэгтэй ажилтнаа дуудахыг хориглох, өрөөндөө дуудахдаа хаалгаа хаахыг хориглосон заалттай байдаг юм билээ.
Охидтой харьцуулахад цөөхөн ч гэсэн хөвгүүд бас бэлгийн халдлагад өртдөг.
Хүүхдийн хүчирхийлэгч хаа ч байж болно. Охидыг ураг төрлийнхөн нь хамгийн их хүчинддэг гэдгийг бүү март.
Нэг хэрэг сонсоод л хэд хоног шуугиж байгаад мартдаг баймааргүй байнаа. Балчир үрсээ бузар донтнуудаас хамгаалъя!
Б.Шүүдэрцэцэг