Ө.Энхтүвшиний “суурь өвчин” сэдрэв бололтой

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Хавар газар гэсэх, намар газар хөлдөхөд ужиг өвчин сэдэрдэг гэлцдэгсэн. Үүнтэй адил зарим улстөрчийн “суурь өвчин” Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөхөөр сэдэрдэг гээч. Үүний нэг жишээ нь Шадар сайдад өөрийгөө, эс бүтвээс хүүгээ дэд сайдад зүтгүүлэхээр давчдаж буй МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин намын дарга М.Энхболдодоо ил захидал илгээснээр илрэв.

Үүнийг нь УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр “Шударга ёс” бүлгийн гишүүн О.Баасанхүү сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролоос асууж, ёжилж суух жишээтэй. Ил захидал юм хойно О.Баасанхүү гишүүний буруу биш, ийм хийг ашиглаж чадаж байгаа нь сайн хэрэг. Харин ийм нэгэн хөгийн үзэгдэл харагдаад өнгөрсний цаана “Ө.Энхтүвшин гэж хэнсэн билээ” гэх асуулт эрхгүй төрөв.

Түүний талаар хэнээс ч асуусан чимээгүйхэн сууж байгаад МАН-ын өөдтэй, өнгөтэй албан тушаалд шууд томилогдож, нэг тогооноос хоол идэхдээ аль л өөхтэй нүнжигтэй бүхний дээжийг хүртдэг байсныг хэлэх нь лавтай.

Түүхийн багш мэргэжилтэй тэрбээр МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан байснаа 1990-ээд оноос хойш сэтгүүлч, МРТХЭГ-ын дарга, “Үнэн” сонины эрхлэгч гээд сэтгүүлчидтэй үзэг нийлж явсан тэрбээр Нийслэлийн намын хорооны дарга, намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, байнгын хорооны дарга гээд аваагүй албан тушаал ховор байгаа биз. Хамгийн сүүлд нь МАН-ын даргаар ажиллаж байгаад УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсаныхаа төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцорсон. Энэ шударга бус гэж үү.

Та бүхэн санаж байгаа бол М.Энхболд 2006 онд Ерөнхий сайд байхдаа Ө.Энхтүвшинг “гудамжинд” явж байхад нь БСШУ-ы сайд болгосноороо өнөөдөр өөр рүү нь ил захидал нэртэй “хутга” шидэх нэгнийг эртнээс бэлтгэсэн хэрэг. Үүний дараахан Хөвсгөлийн нөхөн сонгуульд МАН-ынхан тэр чигээрээ зүтгэж, хэвлэлийнхэн үүнийг нь “бага тойргийн их тулаан” гэж гоёж нэрлэж байв даа. Тухайн үед өнөөдөр өөрийнх нь барьцаад боож үхэх шахаад байгаа У.Хүрэлсүх Ө.Энхтүвшиний төлөө ёстой л эр хүн шиг зүтгэж, "фургоны хэрэг"-ээр "аавын хаалга" татах шахсан. Энэ мэтчлэн яриад байвал нээлттэй, хаалттай олон түүх бий. Ямартай ч Ө.Энхтүвшинд МАН-д гомдох эрх байхгүй. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын сонгуулиар намын жагсаалтаар гуравдугаарт бичиж, УИХ-ын гишүүн болгосон.

Харин Ө.Энхтүвшин өөрөө энэ намд ямар буян хийснээ санах хэрэгтэй. Намаа сонгуульд ялагдуулсан. Нам дотроо хамгийн нэр хүнд муутай дарга байсан. Үүний нэг илрэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улсын том цолтой бөхтэй өрсөлдөөд ялж чадаагүй явдал. Өөрөөр хэлбэл түүнд намын хамт олон итгэл үзүүлэхгүй, өрсөлдөгчид нь илүү итгэсэн гэсэн үг. Түүний бас нэг сул тал нь орон нутагт байтугай нийслэл, дүүргийн намын хороодоор явдаггүйзалхуу хойрго дарга гэсэн шүүмжлэл дагуулдаг явдал.

Хувь хүний сул чанар, цусанд нь байдаг суурь өвчин гэвэл шантааж хийж сурсан нэгэн. 2006 онд нам дотор жигүүр байгуулж байж, сайд болж байсан. Намын 27 дугаар Их хурлаар өөрийн хүү Ө.Золбоог намын Бага хурлын гишүүн болсонгүй гэж байж Нийсэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүн болгосон, одоо дэд сайд болгох гэж байна. Түүнд сайд болох боломж байсан ч юм билүү, гэвч дээрх “өвчнийхөө уршгаар” Зүүний хүчний холбоо гэж алсарч явсаар гээгдсэн бол намын удирдлага яагаад түүнд буруутай гэж.

Өчигдөр С.Баяр “2-р суваг” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож хоёр цаг гаруй ярихдаа төгсгөлд нь “Одоо 50-аад оныхон зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Би хувьдаа ямар ч албан тушаалд очихгүй” гэв. Улс төрийг, намын амьдралыг том зургаар нь харж чаддаг улстөрч ийм байдгийг харахад бахархалтай байлаа. Гэтэл хамар дорхоо ч олж харж чадахгүй хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн энэ хүн намын даргынхаа эсрэг чулуу нүүлгэн сүүлчийн гарцаа хайж байгаа нь яасан богинохон бодол вэ. Ядаж энгэрийн тэмдэг шиг нь зүүлттэй явсан С.Баяр найзаасаа үлгэр дуурайл авч болсонгүй юу. С.Баярын албан тушаалаас татгалзсан, залуустаа зайгаа тавьж өгнө гэсэн энэ байр суурь нийгмийн захиалга болчихоод байгааг тэр улстөрч мэдрээд хэлж байна. Намын дарга ч энэ өнцгөөс нийгмийн захиалгыг мэдэрч биелүүлэн томилгоо хийсэн. Үүнд нь ширвэгдсэн Ө.Энхтүвшин өнөөдөр ил захидлаар зэвсэглэж байгаа бол улс төрд томоожоогүй л байна даа. Засгийн газрын томилгоо түүний “суурь өвчин”-ийг хөдөлгөсний цаана улс орны эрх ашиг байгааг намын чинь удирдлага зөв харсан юм шүү. Та уг нь намаасаа өгсөн албан тушаалуудад баярлаж явах учиртайсан...

Н.Батнягт

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.