Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдлоо

2014 оны 12-р сар 09-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Д.Оюунхорол гишүүн “давхар дээл”-ийг тайлуулах асуудлыг ярьдаг байсан. Одоо өөрөө сайд болж байгаа нь энэ байр суурьтай тань нийцэж байгаа юм уу. Та гишүүнээсээ татгалзах юм уу” гэсэн асуулт тавьсан. Үүнд Д.Оюунхорол гишүүн хариулахдаа,

“УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүнийг сайдаар томилохоор оруулж ирж байгаа байх. МАН-ын хувьд үндсэн чиг үүргийн яамд буюу Засгийн газрын гишүүдийн 30 хувийг УИХ дотроос байж болно гэж ярьж байсан. Энэ зарчмын дагуу бүлэг дээрээ ярьж шийдвэрлэж оруулж ирсэн. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзана, дан дээлтэй байна гэхгүй. Би Завхан аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон гишүүн” хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүн А.Бакей Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод нэн тэргүүнд ямар асуудал шийдэх вэ гэдгийг тодруулахад, юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлнэ. Байгалийн нөөцийг ашиглаж байгаа бүх субьектын хариуцлагыг дээшлүүлнэ, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ хэмээх хариулав.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хэмжээг нь нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Урт нэртэй хууль”-ийг дэмжиж, хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг захьсан юм.

Ингээд санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувь нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилохыг дэмжлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.