Мөнгөн тэмдэгт бидний нэрийн хуудас

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Орчин цагт улаан, ногоон, ягаан мөнгө буюу мөнгөн тэмдэгт бидний гол хэрэглүүр болсон. Халаас хоосон гэрээс гарахад хэд алхаж чаддаг билээ. Тиймээс мөнгөн тэмдэгт бол хүний амьдралын салшгүй нэгэн хэрэгцээ. Хүнийг хэдий хэр мөнгөн тэмдэгт эзэмшиж буйгаар нь нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлдог. Тэгвэл та, бидний хэтэвч, халаасанд үрчийж явдаг өнгөт цаас улсыг маань дэлхийд сурталчлах хэрэгсэл болдог аж.

Аливаа улс өөрийн мөнгөн тэмдэгттэй байгаа нь тусгаар тогтносон бүрэн эрхт тодорхойлолттой байгаагийн нэг илрэл гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсыг далбаа, төрийн дуулал, мөнгөн тэмдэгт нь илэрхийлж байдаг аж. Дэлхийн улсууд үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ ёс уламжлал бүхий зураг, бахархалт газар, алдартныхаа хөргийг нийтлэдэг нь үүнийг батлах биз. Тиймээс улсын мөнгөн тэмдэгтийг төрийн билэгдлийн хэмжээнд дээдлэх ёстой зүйл юм. Мөн тухайн улсын олон улс дахь нэр хүндийг илтгэдэг нэрийн хуудас аж. Дэлхийн хамгийн хүчтэй валют буюу ам.доллар гэхэд л АНУ-ыг шууд илтгэнэ. Мөн фунт стерлингийг хараад Нэгдсэн вант улсын далбаа санаанд буух жишээтэй. Харин Монгол төгрөг тэдний хажууд “нярай хүүхэд”  гэхэд хилсдэхгүй ч бидний бахархал маргаангүй мөн.

Саяхан Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг зориулалтын дагуу гамтай хэрэглэх соёлд иргэдийг сургах чиглэлээр сурталчилгааны ажил явуулахаар хэлэлцжээ. Энэ нь мөнгөн тэмдэгтэд иргэд хойрго хандах хандлагыг өөрчлөх зорилготой аж.

Одоо гүйлгээнд буй хамгийн том мөнгөн тэмдэгттэй холбоотой харамсалтай гэмээр нэгэн явдлыг дурсъя. Танил маань орон нутагт ажлаар явж байгаад дэлгүүрийн бие засах газар ортол, шалан дээр 20 мянгатын дэвсгэрт хорин хэсэг болсон харагджээ. Гэтэл тухайн үед тэр сумын иргэдийн 90 хувь нь ажилгүй гэх тодотголтой байсан гэх. Сумын иргэдийн олонх нь улсаас сард олгодог байсан “Эх орны хишиг” 21 мянган төгрөгөөр амьдардаг байж. Ингэж бодохоор нэг хүний сарын орлого шалаар нэг тарсан гэсэн үг. Гайхаад л өнгөрсөн болохоос энэ хэрэг бол хууль зөрчсөн үйлдэл болох юм. Монгол Улсын Төв банкны тухай хуулийн есдүгээр зүйлийн гуравт зааснаар “Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно” хэмээсэн байдаг. Гэхдээ энэ хууль манайд цаасан дээр хараар шивж, УИХ баталсан тунхаг төдий. Харин дэлхийн зарим оронд мөнгөн тэмдэгтийг урсан, муухай хадгалсан тохиолдолд өндөр хэмжээний мөнгөн торгууль тавьдаг. Бүр шоронд хорих шийтгэл ногдуулдаг байна. Тухайлбал, Тайланд улсын мөнгөн тэмдэгт баттыг  шатаавал шоронд хоригддог гэнэ. Учир нь хааныхаа хөргийг мөнгөн тэмдэгт дээрээ залсан байдаг тул энэ ард түмэн мөнгөн тэмдэгтдээ ийнхүү хүндэтгэлтэй ханддаг аж.

Мөн Тайланд улс зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийг ашигладаг бөгөөд хаяж үрэгдүүлэх буюу шатаавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцдог байна. Тиймээс ч аялал жуулчлалын орон гэгддэг Тайланд гадны жуулчдыг эх орондоо хөл тавимагц хөтөч, хэлмэрчид нь хамгийн түрүүнд мөнгөн тэмдэгттэй холбоотой дагаж, мөрдөх журмыг танилцуулдаг аж. Учир нь жуулчид мөнгөн тэмдэгтэд хүндэтгэлгүй хандаж, хаяж үрэгдүүлбэл хатуу хариуцлага тооцдог хуультай гэнэ. Тайландууд төрийн билэгдэл мөнгөн тэмдэгтээ ингэж хайрладаг байна. Гэтэл бид “Өвөөгийн зурагтай мөнгө”, “Сүхээ ахаар юу ч авч дийлэхгүй нь” хэмээн хэнэг ч үгүй ярих юм. Хадгалахын талаар дурдах ч хэцүү. Уншигч та яг одоо өөрийн халаас болон хэтэвчин дэх Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гаргаад нэг хараарай. Хэрэв та Монгол төгрөгийг цэвэрхэн хадгалж байвал танд талархъя. Мөнгийг чи хайрлавал, мөнгө чамайг хайрлана хэмээн нэгэн тэрбумтан хэлсэн байдгийг санаарай. Үүнээс гадна мөнгөн тэмдэгт дээр утасны дугаар тэмдэглэж сараачихаас авахуулаад Эзэн Чингисийг танигдахгүй болтол хир буртаг болгосон мөнгө ч бидэнд байж л байдаг. 

Уг нь мөнгөн тэмдэгт гэж эдийн засаг, бараа таваарыг солилцохдоо өгдөг мөнгөн харилцааны нэгжийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Гэхдээ амьдрал дээр үүнийг зарцуулах арга олширч нарийссан. Авлига гэгч аргаар хүнийг итгэл үнэмшилтэй нь хамт худалдаж авч байхад, арван хурууны салаагаар урсгаж эрх мэдлийн суудалд суучихаж болж байна. Үүнийг нэгэн эрдэмтэн “Сайн морио хэдэн төгрөгөөр ч худалддаггүй монгол занг, сарниулж чадсан хүчтэй зүйл бол хээл, хахууль” гэсэн байдаг. Энэ мэт олон замаар олон хүний гар дамжсан, хүч чадлаараа болон нянгийн агууламжаар хамгийн бохир зүйлсийн нэг гэдэг мөртлөө гарт ороод ирэхэд долоох шахдаг нь түүний хүч буй заа. Монголын нэгэн хамтлаг “Мөнгө аз жаргалын түлхүүр ээ” хэмээн дуулсан байдаг нь мөнгөн тэмдэгт бол тусгаар улсыг дэлхийд таниулах нэрийн хуудас гэдгийг хэлэх гэсэн санаа болов уу. 

Ш.Мягмардорж

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kaiden

      (188.143.232.27) 2016-12-21 10:45
      • 0
      • 0

      Certo Paolo,tutto corretto ma l'Italia è ultima in europa nell'utilizzo di Internet,mi sembra che solo il 13% della popolazione visiti abitualmente la Rete...anche questi son nuppoi....purtrrmeo

      Хариулах