
ОХУ Иранаас баллистик пуужин худалдан авбал хариуд нь АНУ Украинд алсын зайн ATACMS пуужин нийлүүлж эхэлнэ гэж эмээж байгаа тухай Файнэншнл Таймс сонинд бичжээ. Тус сонинд бичсэнээр ОХУ-д байлдааны олон зуун дрон нийлүүлээд буй Иран улс ОХУ-тай зэвсэгт хүчний тал дээр цаашид ч хамтран ажиллаж, Москвад баллистик пуужин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал, Москва Тегеран хоёр Оросын орчин үеийн зэр зэвсгийг Ираны баллистик пуужингаар солилцох боломжийг авч хэлэлцсэн ч талууд ийм төрлийн гэрээ хийсэн тохиолдолд гарах эрсдлүүдийг тооцон үзсэний эцэст хэлэлцээр мухардалд оржээ.
Нөгөө талаас барууны орнууд Москва пуужингийн нөөц нь дуусаж байгаатай холбоотойгоор Ираны баллистик пуужинг худалдан авах тухайд байр сууриа өөрчилж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн Иран улсын эсрэг байж болох хамгийн хатуу хориг арга хэмжээг хэдийн тогтоосон барууны орнуудад Ираныг ОХУ-д зэвсэг нийлүүлэхийг нь зогсооход нөлөөлөх хөшүүрэг байхгүй аж.
АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр Тегеран нь ОХУ-д зэр зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаа цөөн хэдхэн улсын нэг аж. 2022 оны намраас эхлэн ОХУ Украины цэргийн болон эрчим хүчний объектуудад цохилт өгөхдөө Иранд үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай Шахид-131/136 дрон ашиглаж эхэлсэн ба The Guardian сонинд бичсэнээр Иран ОХУ-д олон удаа хэрэглэх зориулалттай алсын зайн цохилт үзүүлэх чадвартай дронуудыг нийлүүлсэн аж.
Өнгөрсөн 10-р сард The Washington Post сонин Иран ОХУ-д баллистик пуужин нийлүүлэхээр зэхэж буй талаар бичиж байсан ба тус сонинд бичсэнээр Иран ОХУ-д 300 ба 700 км-н зайд байгаа байг онох чадвартай "Фатех", "Зульфикар" пуужингууд нийлүүлэх тухай хэлэлцэж байгаа гэжээ.
Киевийн хувьд АНУ-аас 300 орчим км-ийн тусгалтай ATACMS пуужин илгээхийг хүссэн ч Америкийн эрх баригчид украинчууд тус пуужингаар ОХУ-ын нутаг дэвсгэр дэх объектуудад цохилт өгч болзошгүй хэмээн удаа дараа татгалзсан хариу өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар Украины арми 80 орчим км-ийн тусгалтай Америкийн HIMARS пуужингийн системийг ашиглаж байгаа ба өнгөрсөн сард Вашингтон Киевт 150 км-ийн тусгалтай GLSDB пуужин илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.