Шинэ Засгийн газрын эерэг хүлээлт

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Ч.Сайханбилэгийн удирдсан шинэ Засгийн газар өнөөдөр бүрэлдэж, ажилдаа орно. Анх Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид бүгд хүлээлтийн байдалд шилжсэн. Харин шинэ Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болох нь тодорхой болж, улмаар хүчтэй, зоригтой мэдэгдлүүд хийх болсноор хөрөнгө оруулагчдад эерэг хүлээлт үүссэн. Энэхүү хүлээлт биеллээ олж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдсоны маргааш ам.долларын ханш тодорхой хэмжээнд буурах хандлага ч ажиглагдсан.

Тэр үед хар зах дээр бараг л 2000 төгрөг рүү дөхөөд байсан ноён ногооны ханш 1800 төгрөг рүү бууж ирсэн билээ. Тэгвэл цаашдаа ч хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газраас ихээхэн эерэг хүлээлттэй байна. Эерэг хүлээлт хэзээд улсын эдийн засагт сайнаар нөлөөлдөг “жамтай”. 

Юун түрүүнд шинэ Засгийн газрын тэргүүн томилогдсоныхоо дараа эдийн засагт томоохон реформ, шинэчлэлүүдийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн Оюутолгой, Тавантолгойн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч, шийдлийн хувилбараа удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаа амласан. Цаашдаа ганц Оюутолгой, Тавантолгой ч бус, 2-3 стратегийн шинэ ордуудын талаар ярих цаг болсныг дурьдлаа. Дээрээс нь урт хугацаатай зээл авч, зам, барилгын ажил хийсэн бондын хөрөнгө оруулалтуудыг чөлөөлнө. Чөлөөлсөн хөрөнгөөрөө үйлдвэрлэлийн төслүүдээ хэрэгжүүлж эхэлнэ. Банк, санхүүгийн салбарт “Өрийн сүлжээ” үүссэн байдлыг зогсоож, “Bail Out” буюу төрөөс түр хугацааны дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагч болох замаар банк, санхүүгийн салбарыг хүчийг нэмэгдүүлнэ.

Гэх зэргээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд даацтай, тодорхой мэдэгдлүүдийг чуулганы танхимын индэр дээрээс хэлсэн. Тэдгээрээс хамгийн чухал нь цаашдаа шинэ Засгийн газар улс төрийн хүрээнд зөвшилцсөнөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, цаашлаад бодлогын тогтвортой байдлыг хангана гэж мэдэгдээд байгаа. Үүний тулд л парламентад суудалтай намууд нэгдэж, Засгийн газраа байгуулсан. Ингэж байгуулснаар урьд өмнөх алдаануудыг бүгдийг нь засаж, залруулна гэдгээ ч хэлээд байгаа. 

Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал асуудал гагцхүү тогтвортой байдал л гэдэг. Хууль сайн, эсвэл муу байх нь тэдэнд хамаагүй. Бодлогын тогтвортой орчинд, бизнесээ төлөвлөснийхөө дагуу явуулах боломжийг л тэдэнд олгоход хангалттай гэдгийг судлаачид хэлдэг. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд маш олон хууль шинээр “гэнэт” мэндэлж, заримд нь өөрчлөлт орох замаар хөрөнгө оруулагчдыг үргээсээр ирсэн. Харин одоо тэр бүх алдаануудыг залруулахаар болж байна.

Шинэ Засгийн газар бизнесийн эрүүл өрсөлдөөн, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана. Үүнийгээ ч Засгийн газрын тэргүүн эхнээс нь үйлдлээрээ харуулаад эхэлчихсэн. Тодруулбал, Хяналтын тухай хууль батлагдтал бизнес эрхлэгчдэд чиглэсэн төрөл бүрийн хяналт, шалгалтыг түр зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Түүнчлэн өчигдөр Гадаад хэргийн дэд сайдад хандан “Монголд орж ирээд, ямар нэгэн байдлаар гарч чадахгүй болсон гэх хөрөнгө оруулагчдын талаар тодорхой судалгаа хийж, танилцуулах”-ыг үүрэг болголоо.

Өнгөрсөн хугацаанд Монголд хөрөнгөө оруулах гэж орж ирсэн ч төрийн хяналт, шалгалтын улмаас хөрөнгө оруулсан ч зүйлгүй, дээрээс нь эх нутагтаа буцах ч боломжгүй болсон бизнесмэнүүдийн талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээллүүд гарч байсан. Гэвч үнэн худал нь төдийлөн мэдэгддэггүй.

Тэгвэл шинэ Ерөнхий сайд уг мэдээллийн үнэн, худлыг нягталж, тодорхой шийдвэр гаргахаар зэхэж буй бололтой. Ямартай ч Монголын талаарх энэ мэт мэдээллүүд манай улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан нь үнэн. Мөн Монголд хөрөнгө оруулахаар зэхэж байсан бизнес эрхлэгчдийн эргэлзээг төрүүлж байсан биз ээ. Тэгвэл энэ мэт асуудлуудыг шийдвэрлэхээр шинэ Засгийн газрын тэргүүн ажиллаж эхлэх нь. Мэдээж хөрөнгө оруулагчдын хувьд дахиад л итгэл найдвар төрүүлсэн алхам болж байна. 

Энэ мэтээр шийдлийн Засгийн газрын эхний шийдлүүд хөрөнгө оруулагчдад эерэг сигнал өгч эхэллээ. Одоо бүрэлдэхүүн тодорхой болж, сайд нар томилогдсоны дараа жинхэнэ утгаар нь ажлаа эхлүүлж, алдагдсан итгэлийг эргүүлж авах л үлдэж байна.

Сэтгүүлч Л.Энхдэлгэр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.