Н.Цогтгэрэл: Би “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж ирсэн

Twitter Print
2014 оны 12-р сар 08-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Харин өнөөдөр “Алтан дорнод Монгол”-ын зүгээс энэ асуудлаар сэтгүүлч нарт мэдээлэл өгсөн. Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл хэлэхдээ “Дөрвөн сая долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх. Эрүүл мэндийн шалтгаанаас улмаас Т.Ганболд захирал хэвлэлийн хуралд ирж чадсангүй” гэсэн тайлбарыг өглөө. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-"Алтан Дорнод Монгол" компанийг дөрвөн сая ам.долларын асуудалд холбоотой гэх мэдээлэл гарч байгаа. Энэ тал дээр?
-Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттертээ 4 сая долларын төлбөрийн баримтыг дэлгэж тавьсанаар манай компанитай холбогдох, манай компанийн хувьцааг худалдан авсан, компанийг хэрхэн яаж хэн авсан талаар хэвлэлүүд янз бүрээр бичиж байна. Үүнийг нэг мөр болгох үүднээс бодит мэдээллийг хийж байна. “Алтан Дорнод Монгол” компанийг 1999 онд байгуулсан. Энэ компани ОХУ-ын иргэн С.В.Паушок гэдэг хүн 1999 онд байгуулаад 2011 оны 9 сар хүртэлх хугацаанд удирдаж байсан. Өөрөөр хэлбэл, Паушок 2011 он хүртэл энэ компанийн хувьцаа эзэмшигч захирал нь байсан. Ингээд Паушоктой холбоотой татварын эрүүгийн болоод иргэний маргаанууд үүссэн. Ингээд Засгийн газар энэ асудлаар Олон улсын Арбитрийн шүүхэд хүртэл хандсан.

Энэ бүхний эцэст Арбиртрийн шүүхээс татварын мөнгийг энэ компани төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсаны дараа Паушок компаниа худалдаж, зарсан. Тодруулбал, 2011 оны 9 сарын 9-нд худалдагч талаас ОХУ-ын талаас С.В.Паушок, худалдан авагч талаас Т.Ганболд гэдэг хүн энэ гэрээг байгуулсан байгаа. Худалдан худалдан авах гэрээний дагуу ОХУ-д байрладаг манай элчин, консулаас албан ёсны тодорхойлолт гаргасан. Энэ дээр Паушок нь энэ гэрээг байгуулсан нь үнэн болно. Энэ гэрээг Т.Ганболд гэдэг хүн худалдаж авсан нь бодитой гэсэн байгаа. Тодорхойлолтыг ОХУ-д байрладаг элчин консулаас албан ёсоор тодорхойлсон байдаг.

-Компанийг худалдан авсан мөнгөн дүн хэд вэ?

-300 сая ам.доллар байгаа. Т.Ганболд захирал 300 сая доллараар энэ компанийг худалдаж авсан гэдэг нь компанийн хувьцааг худалдан авахаас гадна энэ компани асар их өртэй байсан. Тухайлбал, улсад төлөх татварын өр, нийгмийн даатгалын өр, ажиллагсдад 4 жил олгоогүй цалингийн өр, зарим корпацид өгөх өр, ОХУ-ын банкинд төлөх өр, дотоодын арилжааны банкуудаас авсан зээлийн өр зэрэг байсан. Энэ зээлийн өр төлбөр нийтдээ 300 орчим сая ам.долларт дөхөж очно. Улмаар худалдах, худалдан авах гэрээний дагуу энэ хувьцааг худалдан авсан. 

Харин Алтан Дорнод хувьцаат компанийн хувьцааг нийтдээ 18 сая доллараар худалдаж  авсан. Энэ нь бол ганцхан төлбөрийн даалгавар байгаа. Үүнд ямар 4 сая ам.долларын тусдаа гүйлгээ байхгүй. Энэ мөнгийг Т.Ганболд захирал болон түүний багын найзууд болох Болд, Идэр, Цогтгэрэл гэсэн гурван хүн нийлж, өөрийнхөө хөрөнгүүдээ санхүү болон банкны байгууллагуудад барьцаа болгож хувьцааг худалдаж авсан. Ингээд хувьцааг худалдаж авсан үнэ, тухайн компанийг дагалдаж ирсэн өр хоёр нийлээд 300 орчим сая ам.доллар болсон.

-Энэ асуудлаар урьд нь шалгаж байсан байх аа?

-Шалгаж байсан. “Алтан Дорнод Монгол” компани нь улсы татварын их хэмжээний өр төлбөрийг барагдуулах талаар Монгол Улсын засгийн газраас томилогдсон ажлын хэсэг,Татварын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулах явцад энэ компанийг бодитойгоор худалдан авсан, төлөөлөх эрх бүхий хүн нь Т.Ганболд мөн үү?, энэ худалдан авсан мөнгө нь цэвэр үү, бохир уу? Гэх асуудлуураад ХЗЯ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар бүх бичиг баримтуудыг нь шалгаж нягталж байсан. Улмаар энэ нь бодитой юм байна. Үүнд ямар нэгэн “хар мөнгө” ороогүй юм байна гэдгийг шалгаж тогтоосон.

Харин хэвлэлээр сүүлийн үед хувьцааг 300 сая доллараар худалдаж авсан нь тодорхой эрх мэдэлтэн, албан тушаалтантай холбоотой буюу мөнгө угаасантай холбоотой гэх мэдээлэл гарч байгаа. Тэгвэл энэ нь үндэслэлгүй мэдээлэл юм. “Алтан Дорнод Монгол” гэдэг компанийг ОХУ-ын иргэн Паушокоос худалдаж авсан. Ямар нэг улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнээс энэ компанийг дамжуулан худалдаж аваагүй гэдгийг хэлмээр байна.

-4 сая ам.долларын асуудлаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Энэ бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байгаа.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.