Д.Дорлигжав: З.Энхболд надаас хуулийн байгууллагыг цэгцэлж өгөхийг хүссэн

Twitter Print
2014 оны 12-р сар 08-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий прокурорын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, ажлаа тайлагналаа. Тэрээр өөрийнхөө үүрэгт ажлыг өнгөрсөн хугацаанд сайн гүйцэтгэж байсан хэмээсэн юм. Мөн энэ үнэ үеэр Ерөнхий прокурорын үүрэгт ажлаа Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатад албан ёсоор хүлээлгэн өглөө.

Тэрээр "Ерөнхий прокуророор ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажилдаа сэтгэл хангалуун байна. Ардчилсан намын дарга З.Энхболд хуулийн байгууллагын салбарт ирж ажиллах санал анх тавьсан. Тэрээр нилээдгүй хуулийг цэгцлэх шаардлагатай, гарах гэж байгаа хуулиуд юу болохыг мэдэхгүй байгаа тул намайг цэгцэлж өгөхийг хүссэн. Би энэ саналыг хүлээж авсан.

Сүүлийн жилүүдэд гарсан шинэчлэлийн гэх тодотголтой хуулиуд үнэндээ бэрхшээлтэй байна. Бид амьдрал дээр зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж байгааг нуухгүй. Заримыг нь журмаар, заримыг нь амаар зохицуулах гэж оролдож байна. Энэ бүх зөрчлийг хараад цаашаа хэзээ, хэрхэн засч залруулах нь мэдэгдэхгүй байгаа энэ үед энд ирж ажиллаач гэж УИХ-ын дарга хэлэхэд би татгалзаж чадалгүй Хууль зүйн сайдаар ажиллахыг зөвшөөрсөн.

Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд хэнийг томилохыг би мэдэхгүй байна. Прокурорын байгуулагад өөрчлөлт шинэлчлэлт хийх зорилгоор зургаан жилийн хугацаатай, есөн бүлэг 49 зүйлтэй хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлж байна. Одоогоор энэхүү хөтөлбөрийн биелэлт 67 хувьтай байгаа юм" гэлээ.

Хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад тэрээр хариулт өгөхөөс татгалзсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.