Я.Буянжаргал: Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан зарим иргэд нөхцөл байдлаа голж, тусгай шүршүүр шаардаж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 29-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал коронавирусийн халдварын эрсдэлтэй бүс нутгаас ирж, тусгаарлагдсан зарим иргэд зүй бус авирлаж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж буйг мэдээлсэн юм. 

Тэрбээр "Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэдгийг хэлье.  Бид одоо буух Туркийн онгоцыг тооцохгүйгээр 351 хүнийг тусгаарлалтад аваад, ажиглаад ажиллаж байна. ЭМЯ, ГХЯ-тай хамтарч, Оросын талтай цахим уулзалтыг зохион байгуулсан. Мөн ОХУ-аас оношлуур авах, тус улсын эмчилгээ, оношлогооны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах багийн гишүүдийг томилсон байгаа.  Хэрвээ боломж олдвол тухайн улсад очиж, арга туршлагатай нь танилцахаар ГХЯ-тай хамтарч ажиллаж байна. 

ЭМЯ аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтарч нэмэлтээр ажиллах тусгаарлах байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Бид газар дээр нь очиж үзээд, энэ байрыг ажиглах, тусгаарлах байраар ажиглаж болно, болохгүй гэдэг зөвлөмжөө өгөөд явж байна.  Одоогоор нийгмийн хариуцлагаа ухамсарлаад, хүсэлт гаргасан газрууд байна. "Эм Би Жи мед", "Очирваань" эмнэлэг, "Нандин эрдэнэ" гэдэг сувилал гэх мэт хувийн хэвшлийн байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. 

Түүнээс гадна, халдваргүйтлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын жагсаалтыг гаргаад, судалж ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд эдгээр байгууллагатай хамтарч ажиллах боломжийг ч бүрдүүлэх чиглэлээр бэлтгэл базааж байгаа.  Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл учруулахгүй байх чиглэлээр бид маш олон удаа анхааруулсан. Гэвч хүндрэл учруулах тохиолдол байсаар байна. "Сонгдо" эмнэлэгт сэжигтэй тохиолдол гарч ирлээ гэсэн мэдээлэл гарсныг та бүхэн санаж байгаа байх. Эмнэлэг тус хүнийг шууд тусгаарласан. Мөн тухайн хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн хэсгээ ч тусгаарласан байгаа. ХӨСҮТ-ийн баг тус эмнэлэгт очиж ажиллаад, сэжигтэй хүнээс Халдварт руу аваачиж тусгаарласан. Одоогоор биеийн байдал тайван байгаа. 

Үе үе ханиалгаж, толгой өвдөж байна гэсэн. Гэхдээ халуураагүй. Одоогоор тандалт, ажиглалтад байлгаж байна.  Жаргалантын амны сувилалд Солонгосын Дэгү, Бусаны чиглэлээс ирсэн  17 иргэнийг тусгаарласан.  Тэдний дундаас халуунаа үзүүлэхгүй гэж зөрсөн үйлдэл гаргасан хүн гарсан. Бид цагдаагийн байгууллагад хандсан. Бусдыгаа турхирч, халуунаа үзүүлэхгүй байгаа иргэнийг олж тогтоосон.  Тиймээс тусгаарлалтад байгаа иргэдийг иргэнийхээ үүргийг биелүүлэхийг дахин дахин сануулж байна.  Халдвар өвчнөөс сэргийлж байгаа энэ үед хүний эрх гэж ярихаасаа илүү хариуцлага ярих ёстой шүү. 

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдан, ажиглалтад байгаа иргэдээс эмнэлгийн нөхцөл байдлаа голоод, тусгай шүршүүр шаардаж, мэргэжлийн эмч нарт үзүүлэхгүй гэж байгаа хүмүүс бас байна. Монголын эмч нарынхаа ур чадвар, туршлагыг хүмүүс мэдэж байх ёстой. Бид дэлхийн түвшинд ажиллаж байсан эмч нартай шүү. ДЭМБ-ын зөвлөхөөр, энхийг сахиулахад ажиллаж байсан эмч нар байгаа.  Тиймээс өөрт нь болоод ар гэрт нь тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байхад эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлоод, хүндрэл учруулаад байх хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Энэ тохиолдолд шууд хуулийн хариуцлага ярих болно шүү гэдгийг хэлье" хэмээлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.