Үндэсний телевизэд үлбийсэн тавиулууд хэрэггүй...

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Үндэсний радио, телевиз бол маш том агуулгыг хадгалж, тээж, өвлүүлж явдаг мэргэжлийн байгууллага. Нүүдлийн замд гээгдэж буй соёл, нүүрсний замд өрнөж буй амьдрал, устан алга болж буй ёс заншил, ууршин үгүйрч буй байгал орчин, улаан номд орсон амьтад, улаан гараараа амьдрал босгож буй эгэл түмэн, боловсролын цөм бодлого, эрүүл мэндийн эрүүл хандлага...

МҮОНТВ-ийг би бидний энэ цагт бүтээн буй түүхийг ашиг хонжоо харалгүй баримтжуулан үлдээж, бас цааш нь өвлүүлэн түгээдэг гэж ойлгон хүндэлдэг. Доголдоод байгаа салбарын асуудлыг хөндөж, хазганаад байгаа бодлогыг түшиж тулах учиртай. Энэ бол нэг л өнцөг нь. Түүнээс биш тэд сенсаац хөөн сэрвэлзэж, микрофон барин замд хөндөлсөж, ярилцлага нэртэй тулган шаардалтаар ярилцагчаа буланд шахаж, ганц сэдэв тойрон ганзагалаагаа дэрвүүлэн харайж, улс орноо үзэл бодлын ирмэг дээр дэнжигнүүлж, үгэн сумны гал дунд хагалан бутаргаж байдаг шар сэтгүүлзүй биш. Тиймээс ч ясны уран бүтээлчдийн шөрмөсийг шалгаж, хүчийг шавхаж, ажил хийсэн шиг хийсний дараах жаргал болоод ядаргааг амттайхан авчирдаг тийм л өндөр индэр, өгсүүр зам.

Төв талбайд жагсаал болоход "Очоорой, одоохон ордныг галдъя, би очиж гал тавих гэж байна" гэж шууд нэвтрүүлгээр шуугитал уриалан иргэний мөргөлдөөний ирмэгт эх орноо аваачдаг хувийн телевизийн хувийн улс төр энд байх ёсгүй. Одоохон тэрнийг цаазлаад, энийг алаатах гээд дүүжлүүрийн олс зангидаад суучихдаг дүүрчихсэн бантан энд байж таарахгүй. Тиймээс МҮОНТВ-ийг сүүлийн үеийн сүр Данзангуудтай харьцуулах хэрэггүй, харлуулж шавхуурдаад байх ч шаардлагагүй. Харин Үндэсний телевиз, радиогийн хувьд жин дарж, жингийн цуваа хөдөлгөдөг дээрх төрлийн нэвтрүүлгүүдээ илүү орчин үеийн арга барил хэв маягаар хийж үзэгч, сонсогчдыг татах шаардлага тулгарч буй нь үнэн. За гэтэл олон нийтийн татвараас санхүүждэг энэ байгууллага Үндэсний зөвлөл нэртэй 15 хүнийг тэжээдэг. Ажилтнууд нь ажилгүй сууж, цалингаа 20 хувиар хасуулж байхад энэ 15 хүн 71 хувиар нэмүүлсэн нь авилгын нэг хэлбэр гэж МҮОНТВ-ийнхэн үзэж байгаа.

Хамгийн гол нь Үндэсний зөвлөлд Засгийн газраас томилсон дөрөв, Ерөнхийлөгчөөс илгээсэн дөрөв, УИХ-аас явуулсан долоон хүн багтдаг. За шууд хэлэхэд бүгд тавиулууд. МҮОНТВ-ийн байгал орчны бодлогыг яахаараа Хөвсгөлд фосфор олборлох гээд үхээд хэвтчихдэг Батж.Батбаяр хариуцдагийг надад хэлээд өгөх хүн байна уу? Дээр нь казиногийн хэргээр хэрэгт орооцолдож байсан, МАК-ын дэд захирал гэх Энхмандах гэж нөхөр яахаараа энэ зөвлөлийг удирдаад, асуудал ярьж орсон хэдэн сэтгүүлчийг нь үүдэндээ хэдэн цагаар хүлээлгэж байдаг юм? Хуульд зааснаар бол гэмт хэрэгт орооцолдож байсан хүн энд байх ёсгүй. Энүүхэндээ гэхэд мэргэжил салбар нэгт нөхөд маань ч огт мэдэхгүй танихгүй бодлогоо хариуцдаг нэртэй энд харайж явна. Зохиолч, яруу найрагч хүн яаж төөрөхөөрөө МҮОНТВ-ийн менежмэнт хариуцах болсныг хэлээд өгвөл хэдэн үедээ баярлачихмаар байх юм. Өө бас Англид амьдардаг нэг лам нөгөө Үндэсний зөвлөлийн 15 дотор тууж явна. Англиас аравнайлсан шар тос илгээдэг юм байлгүй.

Энэ бүхнээс харахад МҮОНТВ-ийнхний эхлүүлсэн энэ бужигнаан төрийн статустай үйлдвэр аж ахуй, оюуны газар болгонд ямар тавиулууд яаж дураараа дургидгийг илчилж байна. Тэднийхээ цалинг нэмээд, гадаад томилолтонд эхнэр нөхрүүдтэй нь дагуулж давхиад байвал захирал гуай бол хэзээ ч огцрохгүй, хэдийд ч татан буугдахгүй бат араандаа бандайлаа гэсэн үг. Энхмандах бол эхнэртэйгээ МҮОНТВ-ийн мөнгөөр зөндөө л аялж зугаалсан байна билээ. Гэтэл жирийн сэтгүүлч нь камераа чирээд хоногийн 22 мянган төгрөгт багтаан буудаллаж хооллоод, хүний унаанд дайгдаад томилолт хэмээх тамлалтанд морддог. Гурван таваг цуйвангийн мөнгө шүү дээ. Үндэсний телевизэд үлбийсэн тавиулууд хэрэггүй ээ. Сенсаац хөөж, улс хагалж, түмэн бутаргадаг шар сонин, сайт, телевизийн шарласан нөхдүүд ч хэрэггүй. Хэн ч хийчихдэг ганц гайгүй ярилцлагаар бүхэл бүтэн телевизийн урлагийг хэмжиж болохгүй. Хэзээ ч хамаагүй хөөгөөд хөөсрөөд давхичихдаг сенсаац мэдээгээр ч хэмжиж таарахгүй. Тэртэй тэргүй өдөр шөнөгүй гарч л байдаг сенсаац, гарчиг тавихад л бүүм. Тэд МҮОНТВ-ийг том утгаар нь толгойдоо ч багтаахгүй, өөрсдийнхөө жижигхээн цонхоор жишүү харж шүүх ч эрхгүй. Энэ байгууллагыг мэргэжлийн ёс зүй, хэм хэмнэл, агуулга бодлогод нь нийцүүлэн, ашиг сонирхлын бус нүдээр харж, авралын менежмэнт хийгээд аваад явчих хүн хэрэгтэй.

Үндэсний телевизэд шигдээд, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад удсан үлбэгэр тавиулуудад нь ажлаа өөрсдөө өгөх ёс зүй байтугай нь алга. Бид сайн ажилласан гээд л пэндийгээд чихэлдээд байх юм. Яахаараа УИХ-аас тавигдсан, ял зэмд орооцолдож байсан казино Энхмандах Үндэсний зөвлөл удирдаад, энэ телевизийн үнэ цэнэ, үйлдвэрлэх хүч болсон уран бүтээлчдийг үүдэндээ зогсоочихоод үрчийж ярвайгаад, янцаглаж аахилаад байдгийг тайлбарлаад өгөх хүн байвал талархая зүгээр. Нөгөө захирлуудын давхарга, саятнуудын салаа үүсгэдэг, шардуухан сониноос ирсэн Нинж маань ажлаа өгөх болж байх шиг байна. Араас нь Нинжид байдаг сайн тал, сайхан чадварыг давж буух хүн л захирал болох учиртай. Үлбийсэн тавиулуудаа зайлуулаагүй цагт үндэсний телевиз үүрэндээ бужигнасаар үнэ цэнээ алдахад ойрхон ирлээ дээ.

Үндэсний зөвлөлийн 15 дотор үүрнээсээ сонгогдсон Г.Золжаргал нарын хэдэн сайхан уран бүтээлч заавал байх ёстой. Эс тэгвэл телевизийн урлагийн жаргал зовлонг мэдэхгүй тэнэмэлүүд удирдан чиглүүлнэ гэж юу байхав.

Р.Эмүжин

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.