Ким Жон Уны дүү БНСУ-ын Ерөнхийлөгчийг амаа хамхиарай гэв

Twitter Print
2022 оны 08-р сар 19-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Хойд Солонгост цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосных нь хариуд эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдсэний хариуд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ё Жон БНСУ-ын Ерөнхийлөгчийг "амаа хамхих нь өөрт нь өлзийтэй" хэмээн мэдэгджээ.

Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр Ким Жон Уны дүү Ким Ё Жон "амаа хамхиж явах нь БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд илүү өлзийтэй" хэмээн эдийн засгийн хамтын ажиллагаагаар Хойд Солонгосын нэр төр болон цөмийн зэвсгийг сольж болно гэж бодсон нь "маш гэнэн бөгөөд тэнэг явдал, хэн ч хувь тавилангаа бялуугаар солихгүй" хэмээн мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл БНСУ-ын төрийн тэргүүнээр ажиллаад 100 өдөр болж байгаа ба тэрээр уг үйл явдалтай холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт хэвлэлийн бага хурал зарлажээ.

Тэрээр Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоож, цөмийн зэвсгээс ангижрах үйл ажиллагаагаа эхлүүлсэн тохиолдолд БНСУ-ын зүгээс Хойд Солонгост үе шаттайгаар эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Нөгөө талаар тэрээр Хойд Солонгосын эсрэг зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай, ирэх долоо хоногоос АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилтаа дахин эхлүүлж байгаа талаар дурджээ.

АНУ-ын Төрийн департамент БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын бодлогуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Ким Ё Жон БНСУ АНУ-тай хамтарч цэргийн хээрийн сургуулилт явуулж байгаа нь дээрх хоёр улсад Хойд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэл байхгүйг илэрхийлж байна. Иймд Хойд Солонгос улс хэзээ ч Ерөнхийлөгч Юн Сүк Ёлтэй хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэжээ.

БНСУ-ын Хоёр Солонгосыг нэгтгэх яам Ким Ё Жоны БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын тухай хэлсэн үг нь "маш бүдүүлэг, зохимжгүй" байсан хэмээн мэдэгджээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар БНСУ-ын одоогийн төрийн тэргүүн өмнөх төрийн тэргүүнүүдтэй адил санал тавьж байгааг Хойд Солонгосын тал хүлээж авахгүй нь тодорхой аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.