Айраг буюу гишүүнэ хавдар эдгээдэг хэмээн хүмүүс төөрөлдөж байна

Twitter Print
2016 оны 11-р сар 02-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Хаа сайгүй ургадаг гишүүнэ нь хавдрын эсийг зургаахан хоногийн дотор бүрэн устгадаг хэмээх мэдээлэл цахим орчинд дуулиан тариад байна.

Энэхүү мэдээлэлд Английн эрдэмтдийн нотолгоог дурьдаж, ямар ямар өвчний эсрэг эерэг нөлөө үзүүлэхийг тоочжээ. Мөн эмчилгээний журмаар хэрэглэх арга, жорыг ч тайлбарлаж бичсэн ажээ.

Айраг буюу гишүүнэ нь үнэхээр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юу? Түүнийг нь шинжлэх ухаан баталсан уу?

Эдгээрийг нягтлалгүйгээр аман ярианд итгэж хэрэглэх нь эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж байгааг бид мэдэхгүй. Гишүүнэ нь хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг полепенол бодис агуулдаг нь үнэн аж. Гэхдээ энэ бодис ганц гишүүнээр ч тогтохгүй бүх төрлийн жимс, хүнсний ногоо болон цайнд байдаг.

Английн Шефэйлд Халлам Их сургуулийн эрдэмтэн доктор Никки гишүүнэд агуулагдах бодисуудыг судалснаар хавдрын эсрэг шинэ эм гаргаж авч болно хэмээн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл хавдрыг шууд эмчлэх үйлчилгээтэй гэдэг нь зөвхөн таамаг төдий бөгөөд одоогоор яг баталсан зүйл байхгүй байна. Харин ч хавдрын үед буруу хэрэглэснээр сөрөг нөлөө үзүүлж байсан тохиолдлыг бүртгэжээ. Тухайлбал эмчилгээний зорилгоор их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэх үед хөнгөн болон хүнд хэлбэрийн дараах сөрөг нөлөө илэрч болно.

Гишүүнийн туулгах үйлчилгээнээс болж дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг тохиолдол зарим хүмүүст илэрч байжээ. Тиймээс хоолны дуршил буурч 2-3 хоногийн турш гүйлгэх зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөдөг байна.
Хэрэв эмчилгээний зорилгоор наймаас дээш хоног хэрэглэвэл яс сийрэгжих, бие сулрах, калийн дутагдалд орох, зүрхний хэм алдах хүнд хэлбэрийн зэрэг сөрөг нөлөөтэй. Навч нь их хэмжээний хурган чихний хүчил агуулдаг. Уг хүчлийг хүнсэнд хэрэглэж болохгүй. Хэрэглэвэл хор болно. Иш нь ч гэсэн бага хэмжээгээр хурган чихний хүчил агуулдаг. Тиймээс бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй ажээ.

Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болохгүй

Учир нь умайн базлалт өгөх магадлалтай. Мөн элэгний өвчтэй, үе мөчний үрэвсэлтэй, бөөрний чулуутай, гормоны өөрчлөлтөд мэдрэг өвчинтэй хүмүүст (өндгөвчний хорт хавдартай, умайн булчингийн хоргүй хавдар) хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
 

Бусад эмтэй хэрхэн зохицох вэ?

Айрагны төрөл бүрийн бэлдмэлүүд нь таны амаараа хэрэглэж буй эмийн шингэх явцад өөрчлөлт оруулах магадлалтай. Тиймээс Варфарин, Напроксен, Циклоспорин,Ибупрофен зэрэг эмийг хэрэглэж байхдаа гишүүнийг хүнсэндээ болон эмчилгээний зорилгоор бүү ашиглаарай.

Babyzone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.