
Дэлхийн банкнаас хийсэн тооцооллоор ОХУ-ын Украинд явуулж буй дайнаас болж Украины эдийн засаг энэ оны сүүл гэхэд ойролцоогоор 35 хувиар буурах төлөвтэй байна.
Украины эдийн засгийг сэргээхэд эхний ээлжинд 349 тэрбум ам. доллар шаардлагатай аж. Дэлхийн банкны Европ, Төв Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Анна Бьерде ABC сувагт өгсөн ярилцлагадаа, "Энэ учир утгагүй дайн үргэлжилсээр байгаатай холбоотойгоор Украин улсын эдийн засгийг сэргээхэд санхүүгийн асар их хэмжээний тусламж дэмжлэг хэрэгтэй хэвээр байна." хэмээн онцолжээ.
Украины эдийн засаг буурахтай зэрэгцэн ОХУ-ын ДНБ мөн 4.5 хувиар буурах төлөвтэй байна. ОХУ-ын эдийн засаг энэ жил их хэмжээний хохирол амсана гэж таамаглаж байсан ч барууны орнуудын тавьсан хориг Оросын эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж чадаагүйг Дэлхийн банк онцолжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногуудад Киевийн сөрөг довтолгоо амжилттай явагдаж, Украины эдийн засаг өсөх хандлага үзүүлэх болсон ч Дэлхийн банк Украины эдийн засгийн сэргэлт хурдтай явагдах боломжгүй, мөн Украины эдийн засгийг сэргээхэд асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай гэдгийг анхааруулжээ.
Дайн эхлэхээс ч өмнө Украин улс Европын хамгийн ядуу улсад тооцогдож байсан ба 8 дах сараа үргэлжилж буй дайны улмаас тус улсын 44 сая хүн гэр орноо орхиж, хүн амынх нь 60 хувь нь ядуу амьдарч байна.
Инфляцийн түвшин огцом нэмэгдэж өнгөрсөн 4-р сард 24 хувьд хүрч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь ядуу иргэдэд хүндээр тусаж байна.
Дайны улмаас өөр улс орнууд руу дүрвэсэн иргэд эх орондоо ойрын хугацаанд эргэн ирэхгүй байх магадлал өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийнм Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.