
Монголын сагсан бөмбөгийн хоёр холбоо байгуулагдаж, хагарал үүсээд байгаа. МҮСБХ “Супер лиг”-ийн тэмцээн өнгөрсөн сард эхлэхэд “Хасын Хүлгүүд”, “Альянс Тех Харцага”, “Дорнод Танан Гарьд” зэрэг шилдэг багууд оролцохгүй гэж мэдэгдээд байсан. Харин өнгөрсөн баасан гарагт “Супер лиг”-ийн анхны аварга “Дорнод Танан Гарьд” баг лигтээ оролцохоор болж, анхны тоглолтоо хийсэн юм. Мөн өнөөдөр “Хасын Хүлгүүд” баг “Супер лиг”-т тоглолтоо хийх юм.
Баасан гарагт “Дорнод Танан Гарьд”-“Хэнтий Чингис Сити” хоорондоо тоглож, Ц.Чинбат эзэнтэй “Танан Гарьд” өрсөлдөгчөө 95:84-өөр хожлоо. Уг тоглолтонд “Гарьдууд”-аас О.Ууганбаяр 27 оноо, 10 самбар, Б.Мөнхболд 14 оноо, 10 самбар, Ц.Азбаяр 15 оноо, 5 оновчтой дамжуулалт, М.Дорждагва 11 оноо, 12 самбар, Г.Ихбаяр 7 оноо, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин “Чингис Сити”-гээс легионер тоглогч Габе 33 оноо, 12 самбар, Афам 25 оноо, 7 самбар, Н.Алтаншагай 13 оноо, 7 удаа самбараас бөмбөг авсан ч баг нь ялагдал хүлээлээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505