
Токиод онц байдал зарлах санал тавьжээ. Японы нийслэл Токио хотын удирдлагууд коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотод онц байдлын дэглэм тогтоох саналыг засгийн газартаа хүргүүлжээ.
Токио хотын захирагч Юрико Койкэ Токио хот Осака хотын араас орох нь цаг хугацааны асуудал байсан гэдгийг онцолсон байна. Осака хотод өнгөрсөн пүрэв гарагт коронавирусын халдварын 905 тохиолдол бүртгэгдэж, онц байдал зарласан ба үүнтэй холбоотойгоор тус хотоор Олимпийн бамбар дамжин өнгөрөх арга хэмжээг үзэгчидгүй зохион байгуулахаар болжээ.
Японы Сангийн сайд Ясүтоши Нишимура холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, нийслэл Токиод нэг сарын хугацаатай тогтоох хязгаарлалтын алхмуудыг танилцуулжээ. Үүнд баар зоогийн газруудын ажиллах цагийг богиносгох, энэ сарын 12-ноос Киото болон Окинавад 24 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ багтсан байна.
Тэрээр Японд халдварлах чадвар өндөртэй коронавирусын мутацид орсон шинэ хувилбар маш хурдацтай тархаж буй явдалд сэтгэл ихээр зовниж буйгаа илэрхийлжээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Япон улсад уг вирусын халдварыг авсан 490 мянган тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 9300 хүн нас барсан билээ.
Барууны орнуудтай харьцуулахад Японд халдвар цөөн бүртгэгдэж байгаа ч Олимпийн наадмын өмнө япончууд коронавирусын цар тахлын 3 дахь давалгаанд өртөх өндөр эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Эх сурвалж: https://www.interfax.ru/world/760133
Орчуулсан:
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.