Судалгаагаар 600 гаруй тайваньчуудыг Хятад руу албадан шилжүүлсэн нь тогтоогджээ

Twitter Print
2021 оны 12-р сар 02-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын хамтарсан судалгаагаар 2016-2019 оны хооронд гадаадын улс орнуудад баривчлагдсан тайваньчуудын 600 гаруйг БНХАУ руу албадан шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

Энэ нь "Бээжингийн Тайванийн тусгаар тогтнолыг нураах бодлогын нэг хэсэг юм." хэмээн Испанид төвтэй Сейфгард Дэфэндерс байгууллага онцолжээ.

Өөрсдийгөө тусгаар улс хэмээн тодорхойлдог Тайванийн зүгээс хилийн чанадад баривчлагдсан Тайванийн иргэдийг тухайн улс Тайвань руу илгээх ёстой хэмээн шаарддаг ч Бээжин тэдгээр улс орнуудад дарамт шахалт үзүүлснээр тухайн улс орнууд тайваньчуудыг БНХАУ руу албадан илгээхээс өөр гарцгүй болдог гэжээ. Бээжин Тайванийг салан тусгаарласан өөрийн улсын нэг хэсэг хэмээн үздэг билээ.

Хүний эрхийн байгууллагуудын тогтоосноор БНХАУ руу албадан илгээсэн тайваньчууд хавчлагад өртөх, эрх нь ноцтой зөрчигдөх өндөр эрсдэлд орсон аж.

Дэлхийн хэд хэдэн улс олон улсын хүний эрхийн хууль журмыг ноцтойгоор зөрчиж, тайваньчуудыг Бээжингийн хүсэлтээр БНХАУ руу албадан шилжүүлсэн нь судалгааны явцад илэрсэн ба тэдгээрийн дотор Испани, Кенийн засгийн газар хамгийн олон тайваньчуудыг Бээжин рүү албадан илгээжээ.

Бээжингийн зүгээс гэмт хэргийн хохирогч нь их газрын Хятадын иргэн бол тайвань гаралтай сэжигтэнг БНХАУ-ын шүүхэд шилжүүлж болно хэмээн мэдэгдэж байсан билээ.

2016 онд Кенийн эрх баригчид тус улс Тайваньтай дипломат харилцаа байхгүй учраас гэсэн шалтгаанаар Тайванийн хэд хэдэн иргэнийг Хятад руу албадан шилжүүлж байсан бол 2017 онд Камбожийн тал Тайванийн талаас яриа хэлэлцээр хийх гэсэн оролдлогуудыг үл тоон, Тайванийн иргэдийг Хятадын талд шилжүүлж байжээ.

Тайванийн засгийн газар хилийн чанадад баригдсан, ял авсан тайваньчуудыг Бээжин шилжүүлэн авч буй нь хууль зөрчсөн, Тайванийн тусгаар тогтнолыг үл ойшоосон үйлдэл хэмээн онцолжээ.

Нэг Хятад бодлогын хүрээнд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй улс орнууд нь эхлээд Тайваньтай тогтоосон харилцаагаа цуцлах ёстой ба үүнээс болж Тайваньтай харилцаа тогтоох улс орнуудын тоо цөөрсөн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.