Х.Баасансүрэн: Зовлонгийн үндэс нь Эго

Twitter Print
2020 оны 03-р сар 16-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

Буултыг дагаж л буулт ирдэг

Та өөрөө буулт хийхгүй байж бусдыг л буулгаж авах гээд байгаа юм биш биз? Тухайн нөхцөл байдалд таны зөв байж болох ч буултыг л дагаж буулт ирдэг юм шүү. Та эвлэрлийг үнэхээр хүсч л байгаа бол хааяа нэг ухарч алхаж яагаад болохгүй гэж. Бас таны үнэхээр зөв болов уу нэг нягтлаад үзээрэй. Ер нь бол ухаантай нь эхлэж буулт хийдэг. Буулт хийж байна гэдэг нь ойлгохыг хичээж байна, хайрлаж байна, зөвшөлцөхийг хүсч байна гэсэн үг. Эсэргүүцэл эсэргүүцлийг л дагуулдаг. Бид нэг нэгнийхээ эрх ашгийг хүндлэх хэрэгтэй. Хүчээр өөрийгөө тулгах нь буруу. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Буултыг дагаж л буулт ирэх боломжтой.

Ойлголцол

Хүсэл мөрөөдлөө, бодол санаагаа бие биетэйгээ ярьж, хуваалцаж байх хэрэгтэй. Өөрөө ч үзэл бодлоо нэг бүрчлэн хайртай хүмүүсдээ ярьж бай. Тэднийхээ санаа бодлыг ч өөрөө анхааралтай сонсож бай. Хайртай хүмүүсээ чи л сонсохгүй бол өөр хэн сонсох юм. Магадгүй зарим зүйл нь чамд таалагдахгүй байж болно. Гэхдээ хайртай хүмүүсээ чи л ойлгохгүй бол өөр хэн тэднийг ойлгох билээ. Хэрвээ чи ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй бол тэд чамаас бодол санаагаа нуух болно. Тэртээ, тэргүй дургүйцэх юм чинь яриад яах юм гэж бодно. Ингээд л та хоёрын дунд нууц ихсэж та хоёр улам холдох болно. Хүн хэлээрэй мал хөлөөрөө. Хоорондоо ойлголцож бай гэж л хүнд амьтнаас ялгарах ам, адгууснаас танигдах ухаан заяасан. Хайрлахад биш хэрэлдэхэд үг яриаг ашиглах нь зориулалтын бус. Найз нөхөд уулзаад бие, биенээ л сонсдог. Чамайг сайн ойлгодог хүнтэй л чи найзалдаг. Ойлголцол байгаа болохоор л орчлон хорвоо өдийг хүртэл оршиж байгаа юм. Ойлгоно гэдэг нь хайрлаж буйн илрэл юм. Тиймээс хайртай хүмүүсээ ойлгохыг хичээж байх хэрэгтэй.

Хүн бүхэн таньтай адилхан бодолтой байх албагүй

Хүн бүр л өөрийнхөө зөв гэж бодно. Тэгээд өөрийнхөө зөвийг бусдаар дэмжүүлэх гэж өөрийнхөө зөвийг тэднээр батлуулах гэж хичээнэ. Таны зөв өөр хэн нэгний зөвтэй адилхан байвал та хоёр найзална. Таны зөв өөр хэн нэгний зөвтэй зөрчилдөж байвал та хоёр дайсагнана. Та өөрийн зөвөөс няцаж бусдын зөвтэй нийцэхийг хүсэхгүй. Өөрийнхөө зөвийг бусдад тулгаж тийм байгаа биз дээ гэж ятгаж өөрийн талд оруулахыг хичээнэ. Бусад ч гэсэн өөрийнхөө зөвөөс няцаж таны зөвтэй нийцэхийг үл хүснэ. Өөрийнхөө зөвийг танд тулгах гэж оролдно. Бүх зөрчил үүнээс болж л үүснэ. Өөрийнхөө үзлийг бусдад тулгах нь бүдүүлэг хэрэг. Бусдын үзлийг ойлгох гэж оролдох нь эелдэг хэрэг. Хүн бүхэн таньтай адилхан бодолтой байх албагүй. Харин та өөрийнхөө үзлийг бусдад санал болгох нь зөв. Таньтай адилхан бодолтой бол тэр л биз. Өөр бодолтой бол бас л тэр л биз. Хүн бүхэн таньтай адилхан бодолтой байх албагүй.

Цэцгээ усла. Зэрлэгээ зулгаа

Таны сэтгэлийн хөрсөнд үзэсгэлэнт цэцгийн үр, хорт зэрлэгийн үр хоёулаа байдаг. Өгөх туслах зэрэг нь цэцгийг тэтгэдэг цэнгэг ариун рашаан бол хайр халамж нь хамгийн сайн бордоо юм. Та алийг нь услан, бордон тэтгэж, алийг нь тоохгүй хөсөр орхисоноос хамаарч зарим хүний цэцэг нь сүрлэг сайхан ургаж, анхилам үнэрийг сэнгэнүүлж байдаг бол зарим хүний цэцэг нь хатан хорчийж, зэрлэг нь харин цойлон ёрдойж, үмхий самхайг ханхалуулж байдаг. Та цэцгээ голцуу услаж арчилдаг уу? Аль эсвэл ихэвчлэн хүсэл шунал, уур уцаар, аминч үзлийн угаадсаар зэрлэгээ шахаж борддог уу? Цэцгээ услан арчилваас үр жимсээ танд өгөх болно шүү. Зэрлэгээ зулгаах юм бол харин цэцэг тань улам хурдан ургана шүү. Таны зэрлэг тань өндөр ургасан болов уу? Цэцэг тань өндөр ургасан болов уу? Цэцгээ услаж, зэрлэгээ зулгаацгаая.

Зовлонгийн үндэс нь Эго

Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг гомдоочих гээд. Бусдынхаар байх гэхээр өөрийгөө хохироочих гээд байдаг уу? Та алийг нь сонгодог вэ? Өөрийгөө сонгоод бусадтай тангараг тасардаг уу? Бусдыг сонгоод өөрөө сэтгэл дундлуур явдаг уу? Хоёуланг нь сонгоод хуурамч дүр эсгэдэг үү? Эсвэл хольцыг нь тааруулан найгадаг уу? Энэ бүхэнтэй цохицож амьдрах үнэхээр хэцүү. Үүний гол буруутан нь та биш таны Эго (аминч үзэл) юм.

Энэ дэлхий дээр долоон тэрбум Эго байна. Хүн бүхэн өөр өөрийнхөө хүслийг биелүүлэхийг хүсдэг учраас маш олон эрх ашигууд хоорондоо зөрчилддөг. Үүнээс л хагарал мөргөлдөөн, хэрүүл тэмцэл бүхэн үүддэг. Уг нь өөрийн аминч хүслийг биелүүлэхийн тулд бусдыг хохироохгүй, бусдын аминч үзлийг тэтгэж муу зан сургалгүй байх нь зөв. Аминч үзэл муу биш бол бусдын эрх ашгийн төлөө өөрийгөө зольж чаддаг байвал энэ таны хувьд олз. Эгоны тань хувьд мөхөл юм. Эго тань нимгэрэх тусам л зовлон чинь ч бас нимгэрэх болно. Эго тань зузаарах тусам зовлон ч бас нэмэгдэх болно. Тиймээс зовлонгийнхоо учрыг олъё гэвэл Эгогынхоо л учрыг ол.

 
Х.Баасансүрэн. Эрдэнэ зуу хийдийн хамба лам
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.