
Хүүхэд чинь гэм хийхэд та яадаг вэ... Шууд л тас хийлгээд алгадаад авдаг уу? Тийм бол та өөрөө хүүхдэдээ тэгж болохгүй гэдгийг нь урьд нь хэлж ойлгуулж байсан эсэхээ бодоорой. Хэлсэн боловч давтаад байвал гар далайхаасаа өмнө ядаж намуун дуугаар яагаад гэдгийг нь асууж үз.
Тайлбарлаж ойлгуулахын оронд алгадаж зодоод, хашгираад л өнгөрөхөд балчир нялх үрс маань айж балмагдаад, чухам юу болоод, яагаад ингэтлээ шийтгүүлэх болсоноо ойлгохгүй, сэтгэлдээ маш гүн шарх аваад үлддэг. Тэр хэмжээгээрээ өөртөө итгэлгүй, айдас хүйдэст автдаг. Хүүхэд яахав, хүн бүр л ингэж өсдөг гэх ухааны юм бодоод өнгөрч болохгүй. Яагаад гэвэл тэр хүүхэд чинь өсөж том болоод хэн ч биш, зорилготой ч байж чадахааргүй саарал нэгэн болох магадлал өндөр. Эсвэл бас нэг хайрлах гэдгийг мэддэггүй, хатуу хахирган хүн ч болж магад.
Бас тэд чинь өөрсдөө насанд хүрээд үр хүүхдээ мөн л адил зодож шийтгэдэг, аз жаргалтай байж чаддаггүй нэгэн болоосой гэж та зориудаар бодоогүй л байлтай...
Магадгүй та ууртай бухимдалтай байгаад, амьдралыг чинь сүйрүүлчихээргүй өчүүхэн хэрэг тарьсан нялх үрээ өөрийнхөө стресс, муйхарлалын золиос болгоод байгаа юм биш байгаа?
Жаахан л тэвчээр гаргаад, алгадаж зодож шантрааж мохоохын оронд учир зүйг нь сайхан энгийн тайлбарлаад өгч сурах нь өнөөдрийн жижиг асуудал мэт боловч хүүхдийнхээ ирээдүйг засаж, хүчирхэг хүн болоход нь суурь тавьж бгаа хэрэг юм шүү.
Насны намарт өөрийг тань асарч халамжлах нэгнийг хүсэж байгаа бол тэр үрийг нь нялх багаас нь суулгаж тордох ёстой байдаг шүү.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.