
АНУ-ын зүгээс тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн 4 байгууллагад "гадаадын төлөөлөгч" гэсэн статус олгож, ажиллах журмыг нь чангатгасан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
Зүүн Азийг хариуцсан АНУ-ын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Дэвид Стилвэллийн мэдээлснээр Хятадын CCTV, China News Service, The People's Daily болон The Global Times байгууллагуудад "гадаадын төлөөлөгч" гэсэн статус олгож байгаа ба Америкийн эрх баригчид дээрх байгууллагуудыг Хятадын Коммунист намын суртал ухуулгыг явуулдаг хэмээн үзэж байгаа аж. Тэрээр, "Хятадын Коммунист нам эдгээр ухуулагч байгууллагуудын үйл ажиллагааг хянаад зогсохгүй, дээрх байгууллагуудын контентийн агуулгыг ч бүхлээр нь хянадаг." гэжээ.
Гадаадын төлөөлөгч гэсэн статустай байгууллагууд нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг гадаадын элчин сайдын яам, консулын газруудтай адил журмаар ажиллах ёстой ба тэдгээр байгууллагууд нь Америкийн эрх баригчдад байгууллагынхаа хүний нөөцтэй холбоотой мэдээллээ тогтмол илтгэж, худалдан авсан болон түрээсэлсэн бүх үл хөдлөх хөрөнгөө АНУ-ын Гадаад харилцааны албанд бүртгүүлэх ёстой аж. Өнгөрсөн 2-р сард Америкийн Төрийн департамент Хятадын хэвлэл мэдээллийн 5 байгууллагад "гадаадын төлөөлөгч" гэсэн статус олгож, АНУ-д ажиллах Хятадын сэтгүүлчдийн тоог 160-аас 100 болгон цөөлөх шийдвэр гаргасан билээ.
Үүний хариуд Бээжин БНХАУ-д ажиллаж байсан Нью Йорк Таймс, Уолл Стрийт Жорнал болон Вашингтон Пост сонингуудын 10 гаруй сэтгүүлч сурвалжлагчдын Хятадад ажиллах зөвшөөрлийг цуцалсан юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.