Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан...

Twitter Print
2020 оны 09-р сар 22-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Охин энэ цэмцгэр гэрийг цэвэрхэн байлгах гэж хичээн зүтгэж, хэчнээн удаа зодуур амсаж, зовлон үүрч суусныг тоолох аргагүй. Одоо харин тэр байхгүй. Амьдралын төлөө тэмцэж, амьд үлдэх гэж хэдэнтээ оролдож, зодуур хүчирхийллийн эсрэг зориг гарган гурвантаа тэмцсэн түүний зүрх өчигдөр шөнө зогслоо.

Найман настай байхдаа охин гэрээсээ оргож байжээ. Ар гэрийнхэн нь хүүхэд алга болчихлоо гэсэн дуудлага өгөөд, хэдэн цагийн дараа "Гэртээ ирчихлээ" хэмээн цуцалж байсан аж. Магадгүй бяцхан охин хойд эцгийн ширүүн гараас зугтан гудамжинд гүйж гараад, тааралдсан хүн бүрийг нулимстай нүдээр ширтэж, тусламж хүссэн. Түүний хувьд энэ тэмцэл байв. Гэвч хэн ч хайхарсангүй. Ердөө гуравхан сарын өмнө хорооныхоо нийгмийн ажилтан болон ээжийнхээ хамт Гэмтлийн эмнэлэгт очиж, дөрөв, таван хавирга нь хугарсныг мэдсэн.

Энэ нь бяцхан охины хоёр дахь чимээгүй хашгираан байв. Эл явдлаас ердөө гуравхан сарын дараа есхөн настай охин өөрөө 102-т дуудлага өгөв. Гэвч эмнэлэгт хүрч чадсангүй, түргэн тусламжийн машинд түүний зүрх зогслоо. Гурав дахь удаагийн амины үнэтэй хашгираан. Хурц ирмэгтэй зүйлээр цохисны улмаас дотор эрхтэн задардаг гэж эмч хэлж байна. Хэнэггүй, дүлий, харгис хатуу энэ нийгмийн зүг тэр сүүлчийн амьсгалаараа хашгирлаа. Өөрөө гэрээсээ зугтсан, өөрөө эмнэлэгт дуудлага өгсөн...үүнээс өөр яаж тэмцэх юм бэ? Тэр ямар том хүн үү, түүний дэргэд хэн байсан юм бэ. Тэр энэ гэр бүлийн хувьд, энэ улс орны хувьд, нулимсан дээр нь амьдарсан ээжийнхээ хувьд, орхиод явсан аавынхаа хувьд, зодсоор байж үхэлд хүргэсэн хойд эцгийнхээ хувьд хэн байв?

Яагаад хүний амь ийм үнэгүй, хүүхдийн нулимс ийм элбэг болчихсон хорвоо вэ. Есхөн настай охин 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгч, гурван нас хүрээгүй эрэгтэй дүү, дахиад хөл хүнд ээжийнхээ бүх ачааг үүрч байв. Түүний турьхан нуруун дээр ийм их ачаа үүрүүлэх эрх ээжид нь байсан уу? Түүнийг удаа дараа зодож үхэлд хүргэх эрх хойд эцэгт нь байсан уу? Түүнийг үхвэл үх, амьдарвал амьдар, аз чинь мэдэг гээд хаяад явах эрх төрсөн аавд нь байсан уу? Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадваргүй хүмүүсийн гарт бяцхан иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг даатган үлдээх эрх Монголын төрд байсан уу? Одоо тэд бүгд хамсаатан алуурчид болсон. Хавсарч, бүлэглэж байгаад түүнийг үгүй хийж орхилоо.

Одоо тэр байхгүй. Удаа дараа "Хойд аав нь хүүхдүүдээ зоддоггүй" гэж зүтгэсээр байгаа ээж үлдсэн гурван хүүхдээ дагуулаад бас нэг хүн сүгтэй амьдарна...Юу үнэн, энэ үнэн. Үнэхээр хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх гэж байгаа бол энэ бүлэг алуурчдын аав, ээж байх, дахин эцэг эх болох эрхийг УИХ-аар хууль боловсруулан хасч, төр ачааллыг нуруундаа авах ёстой. Тэдэнд хандив тусламж хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжийг түмэнд ч бас өгөх учиртай. Өөр шийдэл харагдахгүй байна. Алийн болгон алдрай жаахан амь насыг алуурчны гарт мэдсээр байж үлдээх юм бэ. Ямар ч эх амьтан анчны бууны хараанд амиа тавьж өгөөд, үрээ л амьд үлдээх гэж өөрийгөө золин байж зүг буруулан, зүрхээ зогстол зүтгэдэг юм шүү. Гэтэл бид...Тэр есхөн настай байсан. Тэр өөрөө өөртөө түргэн тусламж дуудсан. Түүнийг зоддог гэдгийг ээж нь биш, 12 настай эгч нь илчилсэн. Хоёр ядарсан охин л хэцүү шахалтыг туулан хэрэндээ тэмцсэн байх юм. Тосоод авах төрийн зохицуулалт байсан бол тормойгоод тоглож л суух газар шүү.

Тийм насны охин хэчнээхнийг идэж, юухныг өмсөж, ямархан л дараа болоо аж дээ. Аяга хоол, алд хувцаснаас болж амийг нь хөнөөгөөгүй, зүгээр л...хүний охин үрд хүйтэн цуст тэр араатан тэжээсэн гөлөгнөөсөө ч дор хандсан. Үүнийг л сана. Энэ хэргийн үнэн энэ юм. "Чи өсгөж чадахгүй бол иргэнээ улс нь мэдээд авъя" гээд гэдийчихдэг цөлх хөх өвгөд шиг хүнлэг төрийг л хүсч байна! Цэмцгэр энэ гэрт цэцэг шиг охин хагдарсан. Үүдэндээ улавчаа үлдээдэг энэ гэрт үр хүүхэд нь багтсангүй...одоо хамгийн гашуун үнэнийг хэлэх үү.

Шоронгийн хадаас болгохыг нь мэдсэн бол алаад хэн ч олохгүй газар булчихдаг байж гэж тэр араатан аль эрт байхгүй болсон охинд тэсгэлгүй уурсаж суугаа. Хэрэв охин өөрөө өөртөө түргэн тусламж дуудаж чадалгүй гэртээ амиа алдчихсан бол эцэг, эх нэр зүүгсэд нь хуйвалдаж нуугаад хурдхан оршуулаад өнгөрнө. Бид юу болсныг хэзээ л олж мэдэхгүй. Байдал иймдээ хүртэл дордчихоод байхад төр нь төрсний гэрчилгээтэй иргэнээ мэдээд авдаг, асардаг зохицуулалтыг шаардаж байна!

Р.Эмүжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.