Л.Нарантуяа: Миний зургийг татаад хэлсэн ярьсан бүхнийг гуйвуулаад тарааж ч байх шиг

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

“Эхнэр хүн эр нөхрөө бурхан шүтээн мэт дээдэлж, гэр  орны ажил, үр хүүхдээ хүмүүжүүлэх гээд бүхий л зүйлийг хий ёстой” хэмээн гэр бүл судлаач Л.Нарантуяагийн зурагтай нэгэн пост сүүлийн хэд хоног цахим хуудсаар нэг тарж, түүний бичсэн үгс олон эмэгтэйчүүдийг бухимдалд хүргээд авсан. Гэр бүлийн харилцааны асуудал болоод өнөөгийн нийгэмд тулгамдаж буй гэр бүл салалтын талаар лекц тавьж, нэлээдгүй олон хосуудын зам мөрийг нь тэгшилж өгсөн хэмээн хүмүүс түүнд ам сайтай байдаг. Тэрбээр "Миний яриаг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож, зөвөөр тусгаж авах хэрэгтэй. Туйлын үнэн, зөв гэж байхгүй. Олон жил хүмүүсийн амьдралыг судалснаа л хүмүүст хүргэхийг хусдэг" хэмээн ярьж байсан удаатай.

Фэйсбүүкээр ихээр шэйрлэгдэж тараагдсан постны талаар “Ихээхэн андуу ташаа ойлгожээ. Монгол хэлээр ямар утгаар юуны төлөө юу ярьж, бичиж хэлснийг ч ойлгох мэдрэмжгүй бол хүний яриаг бүү сонсож бай. Өөрийгөө хямраах юм болно. Хүний оюун ухаан их л цараалаг сэтгэдэг аугаа эрхтэн шүү дээ. Мэдээж энэ хөөрхөн охидын ойлгож байгаа өнцөгийг би бас ер ойлгохгүй байгаа. Ингэж би хэзээ ч энэ насандаа хэнд ч ярьж үзээгүй. Хайртай хосууд юунаас болоод салдаг нь миний яриаг огт ойлгох өнцөг нь нийлэхгүй байгаатай холбоотой.

Уг нь миний 20-иод жилийн чин сэтгэлийг арай ч нэг иймэрхүү золбин ойлголтоор монголчууд харлуулахгүй байх даа. Харлуулсан ч би ер айж эмээхгүй. Би судалснаа л дүгнэж ярьдаг хүн. Хувийнхаа сонгосон хань, үр хүүхэд, өрхийн амьдралд бүсгүйчүүл минь жинхэнэ эзэгтэй мэт хатан суудалдаа лавхан төвлөрч сууцгаана уу. Та хэрэв дархлаатай сэтгэдэг, ухамсартай эмэгтэй бол хэний ч буруу сөрөг үг бичлэгт ингэтлээ хордож сүржигнэхгүй л байсан байх. Эзэн хичээвэл заяа чинь түшээд авдаг юм шүү. Бэлэнчлэх сэтгэлгээ, сүргийн сэтгэлгээ гэж үнэхээр хортой эд гэж энэ шүү. Яг адгуус мэт элдэв хоосон тэнэж явсан ярианд хуйларч сандраад л ам уралдан гэмгүй хүнийг муулцгааж эхэлдэг ... Би олон охинтой хүн. Тэднийг ханьдаа халамжтай байж, итгэлтэй амьдрал бүтээх монгол өвгөдийн уламжлалт арга ухаанаас уламжлуулан өвлүүлэх зорилгоор энэхүү амьсгалаа бүрэн зориулдаг хүн. Монгол гэр бүл сүүлийн 24 жилд дэг журамгүй болж, хүн бүр зоргоороо мөн урсгалаараа байснаас салалт ихэсч, хүүхэд эцэг, эхгүй амьдарч, ёс суртахуун уланд оржээ. Яана даа залуу үе минь. Хүн Эрдэнэ шүү та нар минь” хэмээн хариулжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.