
Кубын урлаг, уран зохиолын хүрээлэнгээс Монголын ХХ зууны уран зохиолын шилдэг бүтээлүүдийн нэг болох Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг 1981 онд испани хэлнээ хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгосон түүхтэй.
Монголын ахуй, соёл, зан заншил, монголчуудын амьдрал, нийгмийг хамарсан өөрчлөлтүүд, манай улсын шинэ үеийн түүхийн эхлэлийг бодитой харуулсан уг романыг дахин хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгох зорилгоор Кубын талтай хамтран ажиллаж, хэвлэлийн эхийг бэлтгэх талаар 2020 онд ахин тохиролцсоны дагуу нийтдээ 684 хуудас уг номны хэвлэлийн эхийг бэлтгэх ажил 5-6 сар үргэлжилж дууслаа.
Кубын урлаг, утга зохиолын хүрээлэнгээс Монголын XX зууны манлай роман болох "Тунгалаг Тамир" зохиолыг испани хэлнээ 2 дахь удаагаа хэвлэн гаргах номын хавтаст их зохиолчын хүү МУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Л. Галбадрахаас ирүүлсэн зураг сонгогджээ.
Номонд Ч. Лодойдамба гуайн 1967 онд Кубын хувьсгалын их удирдагч Фидель Кастротой авхуулсан зураг, их зохиолчын хүү Элчин Сайд Л. албадрахын сэтгэлийн үг багтжээ.
"Монгол ахуй, соёл, ёс заншил, хүмүүний хайр сэтгэл, амьдрал, тэмцлийг манай улсын шинэ үеийн түүхийн эхлэл үетэй сүлбэн харуулсан энэхүү бүтээлийг Кубын ард түмэн болоод испани хэлтэй дэлхийн хамтын нийгэмлэгийн өргөн олонд өртөөлөн улбаалж хүргэх үйлсэд тусалж дэмжсэн бүх хүмүүс, Кубын урлаг, утга зохиолын хүрээлэнгийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлье" хэмээн Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг өгүүлжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.