Цүнхээ яаж үүрвэл нуруунд аюулгүй вэ

Twitter Print
2021 оны 11-р сар 30-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Бүсгүйчүүд цүнхээ мөрлөх, тохойдоо өлгөх, гартаа барих гээд олон янзаар барьж сурсан байдаг. Зарим байрлал нь нурууны хэлбэрт тун муугаар нөлөөлсөн байх нь бий.

Олон бүсгүйчүүд мөрлөдөг цүнхэнд дуртай. Гартаа барихаас мөрлөх нь гараа чөлөөтэй ашиглахад хялбар, бас хүндийн жин нь гарт биш мөрөнд ирдэг болохоор тэр байх. Гэхдээ ажлын шаардлагаар байнга хүнд цүнх үүрч явах шаардлага гардаг багш, оюутан зэрэг хүмүүс мөрлөдөг цүнхээ ихэвчлэн нэг талынхаа мөрөнд үүрдэг дадалтайгаас нуруунд мурийлт үүссэн байгаа нь их ажиглагддаг. Ийм цүнхэнд дуртай бол цүнхээ аль болохоор нэг мөрөндөө биш хоёр мөрөндөө ээлжилж мөрлөж занших хэрэгтэй.

Бас нэг мөрөндөө цүнхээ байнга үүрдэг дадлаасаа салж чадахгүй байвал цүнх байрлаж байгаа талынхаа мөрөнд бус харин биеэ давуулж эсрэг талынхаа мөрөнд үүрч сураарай. Учир нь байнга нэг мөрөндөө цүнхээ үүрдэг хүмүүс цүнхээ мөрнөөсөө унагахгүй байхын тулд тэр талынхаа мөрийг дээш өргөөд хэвшчихсэн байдаг тул багана нуруу цүнх үүрч байгаа талынхаа эсрэг тал уруугаа бага багаар хазайсаар мурийлт үүсдэг юм шүү.

Мөрлөдөг цүнхний оосор нарийхан биш бага зэрэг өргөн байх нь мөрөнд ирэх ачааллыг бууруулдаг тул хүзүүний булчинг чангарахад хүргэх нь бага байдаг. Бас мөрлөдөг цүнхээ урд тал уруугаа унжуулахаас хажуудаа байрлуулах нь эрсдэл багатай. Урд тал уруугаа хүнд цүнх унжуулсан үед цүнхний жингээс шалтгаалан өөрийн эрхгүй бөхийхөд хүрдэг нь нуруу бөгтөр болоход нөлөөлнө.

Хэрэв цүнхээ гартаа барих дуртай бол хэт хүнд цүнхнээс татгалзах хэрэгтэй. Хүнд ачааг нэг талдаа барьж байгаа үед биеийн тэнцвэрээ хадгалахын тулд хүн ачаа барьсан талынхаа эсрэг тал уруу хазайдаг. Тиймээс хүнд цүнх барьдаг бол цүнхээ хоёр гартаа ээлжилж барьж хэвших нь нуруугаа мурийхаас сэргийлэх арга юм.

Боломжтой бол цүнхнийхээ жинг 3 кг-аас ихгүй байхаар тохируулаарай. Нуруунд ирэх ачаалал зөвхөн хүнд зүйл өргөх үед ч ирдэг юм биш, хөнгөн ч гэсэн ачааг буруу техникээр удаан байнга өргөх үед ч учирч байдаг юм.

Хэрэв үүргэвч үүрэх сонирхолтой бол хоёр мөрөндөө адил ачаалал ирэхээр үүрч заншаарай.

Хүнд үүргэвч, цүнх үүрэхдээ аль болох эгц байрлалд биеэ байрлуулах шаардлагатай. Хоёр мөрөндөө, бас нурууныхаа бүх хэсэгт жигд ачаалал ирэхээр тооцож ачаагаа цүнх дотроо байрлуулж, мөн цүнхнийхээ оосрыг тохируулах хэрэгтэй.

Ачаагаа цүнх дотроо хэрхэн байрлуулах тань хүртэл нуруунд ирэх ачаалалд хүчтэй нөлөөлөх боломжтой. Жин ихтэй зүйлсээ цүнхнийхээ дээд эсвэл доод талд нь бус, харин дунд хэсэгт байрлуулбал үүрэх үед ачаа хүзүү мөрөн дээр хэт дарж бөхийлгөхгүй, доош чангааж гэдийлгэхгүй тохиромжтой байдаг.

Цүнхний оосроо зөв тохируулсан үед цүнх үүрэх үед нуруунд ирэх ачаалал багасаж, нуруугаа эгц байрлуулахад амар болно. Хэт урт оосортой цүнх үүрэхэд арагшаа татаж унжаад нурууны булчинг чангарахад хүргэдэг.

Н.Алтанхундага

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.