Б.Галаарид: Би ажлаа өгнө, гэхдээ улс төр рүү зүтгэхгүй

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Сэтгүүлзүйн салбар сүүлийн үед Хэвлэлийн зөвлөлийн асуудлаар амьсгалж байна гэж хэлж болно. Энэ тухай болон бусад асуудлаар Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Медиа консул клуб байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Өнөө маргаашгүй нэгдсэн хурлаа хийж Хэвлэлийн зөвлөл байгуулна гэж байна. Монголын Сэтгүүлчдийн Эвлэл энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайх дэмжиж бай­гаа. Санаачлагчдын бүлэг­тэй хэд хэдэн удаа­гийн уулзалт хий­сэн. Тэднийг манай сал­барын гол гол ТББ-уудын удирдлагуудтай уул­заж ойлголтын зө­рүүгээ арилгах, хэл амаа ололцоход нь ч болом­жоороо оролцож байгаа. Сэтгүүлзүйн салбарт өөрийн зохицуулалтын тог­толцоо бий болохыг хоёр гараа өргөн дэмжинэ.

СЭТГҮҮЛЗҮЙД ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ НИЙТЭЭРЭЭ ХОЖНО

-МСЭ муу ажиллаж байгаа учраас бид үүнийг хийж байна гэж тухайн үедээ клуб санаачлагчдын нэг бичиж байсныг санаж бай­на. Танайх яагаад ча­даа­гүй юм бэ, эсвэл хүсээ­гүй юм уу. Дэмжигч гэхээр нэг л хүйтэн хөндий санаг­даад байна. Дэмжигч биш, харин санаачлагч, орой­логч нь байх ёстой юм биш үү?

-Өөрийн зохицуулал­тын байгууллага эн тэргүүнд хараат бус байх ёстой. Сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулж, дагаж мөрдөх ёсзүйн дүрэм, Зөвлөлийн ажиллах журмыг олонхоороо зөвшилцөн батлах нь ажил цаашид урагштай явахын баталгаа. Хэвлэлийн зөвлөл бол нэг талдаа ёсзүйн манаач, нөгөө талдаа сэтгүүлчийн алдаатай холбоотой гомдол маргааныг аль болох шүүхэд хүргэлгүйгээр зохицуулахыг хичээгч хамгаалалтын механизм. Тийм учраас хараат бус байгаасай, анхнаасаа хэлбэрээ зөв олоосой гэсэндээ манай нөхцөлд Хэвлэлийн зөвлөл ямар байвал зохистой талаархи саналаа МСЭ олон удаа илэрхийлсэн. МСЭ зохион байгуулж болдог ажил гэж бий. Болдоггүй нь бас бий. Өөрийн зохицуулалтын асуудал, хөдөлмөрийн харилцааны асуудал гээд дээрээс нь зохион байгуулж болдоггүй, МСЭ-ийн эрх үүрэг зөвхөн зөвлөх, санал нэмэрлэх төдийгөөр хязгаарлагддаг юм бас байна аа. МСЭ муу ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй. МСЭ муу ажиллаж байна гэж нийгэмд харуулахыг хүсч байгаа бол өнгөрсөн хугацаанд бидний хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэх хэрэгтэй болно. Тийм жудаггүй юм болохгүй байлгүй дээ.

-Хэвлэлийн зөвлөл ямар байх ёстой, яаж ажил­лах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, хараат бус байх ёстойг дахин хэлье. Хоёрдугаарт, үүс­гэн байгуулахдаа сал­барын бүх талын төлөөл­лийг аль болох сайн хангах. Олонхийн орол­цоотойгоор байгуулаа­гүй Зөвлөлийн шийдвэрийг олонхи хүлээн зөвшөөрөх үү, дагаж мөрдөх үү. Та нар өөрсдийн боловсруулж баталсан ёсзүйн дүр­мийг чинь хүлээн зөв­шөөрсөн сэтгүүлч, хэв­лэл мэдээллийн хэрэгс­лийн ёсзүйн асуудлыг л хэлэлцээрэй, хүрээний гадна байгаа хэсгийн ёсзүйн асуудалд үнэлэлт дүгнэлт өгнө гэвэл сал­бараа талцуулах аюул бий шүү гэдгийг бид санаачлагчдын бүл­гийнхэнд олон удаа анхаа­руулсан. Хүрээний гадна байгаа хэсэгт ч бас эвлэлдэн нэгдэх эрх нь бий. Тэр амбийцыг нь битгий хөндөөрэй. Монголчуудын тал­цах дуртай зан энд хэрэг­гүй. Салбарын эрх ашгийн төлөө аль болох эвлэлдэн нэгдэж, үндэсний хэмжээнд нэг л өөрийн зохицуулалтын байгууллагатай болоосой, тэр нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн жин­хэнэ хараат бус бүтэц байгаасай гэж л хүсч байгаа.

-МСЭ-ийн ёсзүйн дүрэм хэт ерөнхий, хуулиар зохицуулж буй зүйл заалт орчихсон тунхаг төдий байна. Тиймээс хэрэглэж болохуйц энгийн бөгөөд ойлгомжтой болгох зорилгоор бид ажилласан гэж санаачлагчдын бүлгийн гишүүн Э.Лхагва Ньюс.мн сайтад ярилцлага өгсөн байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. 2011 онд Монголын сэт­гүүлчдийн XV их хурлаар баталсан Ёсзүйн дүрэм л дээ. Олон улсын жишигт нийцсэн маш сайн дү­рэм гэдгийг л хэлье. Хэв­лэлийн зөвлөлийг санаач­лагчдад зөвлөгөө өгөхөөр тусгайлан уригдсан гер­ман зөвлөх нь ч бас тэгж үнэлж байхыг би хоёр чихээрээ сонссон. Асуудал дүрмийн боловс­руулалтад биш, хэрэгжих механизмдаа байгаа юм. Тийм ч учраас хараат бус хэвлэлийн зөвлөлийн төлөө байр суурин дээрээ МСЭ хатуу зогсож байгаа.

-Сэтгүүлчдийн ёсзүйн асуудал гэдэг бидний зөв оршихуйн хил хязгаар гэж би ойлгодог. Энэ хил хязгаарыг хэн тогтоовол дарх­лаа сайтай байх талаар та өмнө нь бас хэлж ярьж байсан санагдах юм...

-Би өөрөө өөрөөсөө будаа идчих үү. Энэ оны эхээр танай сонинд өгч байсан ярилцлага энэ байна. Тэр ярилцлагадаа би “Бид олон юмаа золиос­лон байж, бас урьд өмнө нь огт таарч тулгарч байгаагүй олон асуудлыг даван байж шилжилтийн үеийг гэтэлсэн. Одоо хөгж­лийн тухай, зөв замаар хөгжих тухай ярих цаг болсон. Хэн нь ямар замаар явж ирсэн тухай ярих сонин биш. Харин хэрхэн цаашаа хөгжих тухай яриа л чухал. Энэ салбарт ихээхэн хэм­жээний капитал нэгэнт хуримтлагдлаа. Энэ сал­барт ихээхэн хөрөнгө оруулалт хийчихсэн, хэзээ ч энэ салбарыг орхиод явахгүй нь тодорхой хэсэг бий болсон. Тэгэхээр сэтгүүлзүйн өнгийг тодор­хойлж чадаж бай­гаа, энэ салбарын манлай­лагч нь болсон гол гол хэвлэл мэдээллийн хэрэгс­лийнхэн, тэдний хөрөнгө оруулагчид, менежерүүд, ажиллагсад маань зөвшилцөж бай­гаад нийтээрээ дагаж мөр­дөх алтан дүрмийг тодорхойлж, бусдыгаа үлгэрлэмээр байна. Зөв замаар явмаар байна. Алтан дүрмээ дагаж мөр­дөж чадаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэт­гүүлчдийг төр нь бод­логоор дэмждэг, бүтээг­чид нь ч санхүүгээр дэмж­дэг, мэргэжлийн бай­гууллагууд нь ч бүх талаар хөхиүлэн дэмждэг болчихвол буруу чиг ханд­лагыг амархан зал­руулж болно. Буруу үйл­дэл муухай харагддаг бол­но. Түүнээс биш тийм байх ёстой гэж дээрээс зааж зааварлаад үр дүнд хүрэхгүй” гэж хэлсэн байгаа. Одоо Хэвлэлийн зөвлөл тойрсон асуудал яг л миний хэлж байснаар өрнөж байна.

-Та түрүүнд хөдөл­мөрийн харилцааны асууд­лыг дээрээс зохион бай­гуулж болдоггүй гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Үйлдвэрчний эв­лэлийн тухай асуудал л даа. МСЭ бол ТББ. Гэ­тэл ТББ-уудын орж бол­доггүй ганц асуудал нь хөдөл­мөрийн харилцааны асуудал. Эдийн засгийн хямралын үед бүр ч хурц асуудал болоод бай­на. Манай салбарт хүч­тэй үйлдвэрчний эв­лэл байхгүй учраас МСЭ дам утгаар үйлд­вэрч­ний эвлэлийг ор­лохыг хичээдэг. Мөн үйлдвэрчний эвлэл байгуул, эрх ашгаа хамгаал гэж салбарынхандаа хан­дан байнга зөвлөж, арга замыг нь хэлж өгдөг. Түүнээс цаашхыг сэтгүүлчид өөрсдөө хийх ёстой. Хууль нь ч тийм юм. Ер нь сэтгүүлч хүний хөдөлмөрөө шударгаар үнэ­лүүлэх, нийгмийн асууд­лаа шийдүүлэх, бо­лов­сорч хөгжих асуудлаа хэрхэн шийдэх нь редак­цийн хүрээний, тухайн хэв­лэл мэдээллийн хэ­рэгс­лийн гал тогооны асуу­дал. Түүнийг хэн нэ­гэнд, ялангуяа МСЭ-д нялзаах нь утгагүй хэрэг. МСЭ байр өгдөггүй, МСЭ цалинг нь нэмэх шийдвэр гаргадаггүй. Сэтгүүлч хүн өөрөө өөрийнхөө тө­лөө хийх ёстой зүйл, зөв­шилцөж ойлголцож, бүр болохгүй бол тэмцэж байж хамгаалдаг эрх ашиг бол сая миний хэлдэг хоёр гурван эрх ашиг юм. 

СЭТГҮҮЛЗҮЙ АМРАГЛАЖ БОЛОХГҮЙ. ТЭГВЭЛ НИЙГЭМ ХОХИРНО

 -Монгол HD теле­визийн мэдээний албаны продюсер Э.Лхагва өмнө дурдсан ярилцлагадаа “Манай редакц ирэх жилээс эхлэн МСЭ-ийн гишүүнч­лэлээс татгалзаж байгаа” гэж мэдэгдсэн байна лээ. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Аливаа эвсэл холбоо­дод нэгдэх эс нэгдэх нь чөлөөт сонголтын асуу­дал. Гэхдээ Монгол HD телевизээс албан ёс­ны мэдэгдэл ирээгүй болохоор үнэн эсэхийг нь мэдэхгүй байна. Татгал­заж байгаа үндэслэл нь харин ёсзүйтэй холбоо­той асуудал байна лээ. “Тус эвлэлийн ерөн­хийлөгч Б.Галаарид гуай “Хэвлэлүүд хаалтын гэрээ байгуулж Засгийн газраас мөнгө авч болно” гэж хэлсэнтэй манай редакци хэзээ ч эвлэрэхгүй. Ийм чиг ханд­лагатай байгууллагад гишүүн байхаас татгал­захаас аргагүй гэж үзсэн” гэсэн байна лээ. Хүний хэлсэн ярьсныг гуйвуулах нь өөрөө ёсзүйн том алдаа гэдгийг Э.Лхагва гэдэг сэтгүүлч Хэвлэлийн зөвлөлийг санаачлагчдын нэгний хувьд сайн мэдэж байгаа байх. Тэдний телевизийн сэтгүүлч энэ асуудлаар надаас тодруулга авсан нь үнэн. Гэхдээ би “Хэв­лэлүүд хаалтын гэрээ байгуулаад Засгийн газ­раас мөнгө авч болно” гэж хэлээгүй. Хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр ажил үйлчилгээ гүйцэт­гүү­лэхдээ төр хөлсийг нь төлөх ёстой, төрийн нэрээр далайлгаж үнэгүй ашиглаж болохгүй гэсэн утгаар ярьснаа сайн санаж байна. Одоо ч тийм л байр суурьтай байна. Түүнээс биш төр өөрийн бурууг хаацайлахын тулд мөнгө өг гээгүй. Би дээрх мэдэгдлийг Монгол HD телевизийн албан ёсны мэдэгдэл биш байх, хувь хүн өөрийгөө тодлох гэсэн тоглолт төдий зүйл гэж бодож байгаа. Шаардлага гарвал үнэн худлаа хуулийн дагуу тогтоолгох эрх минь байгаа. Сэтгүүлзүй нэг л зүйлээс хараат байх ёстой. Тэр нь үнэн.

-Таны бодлоор тэгээд хэвлэл мэдээллийнхэн Засгийн газартай яаж харилцах ёстой юм бэ?

- Ц.Дашдондов гуай “Засгийн газар хэвлэл хоёрын хооронд янаг амрагийн холбоо байх ёсгүй” гэсэн байх аа. Би ч бас тэгж боддог. Ер нь сэтгүүлзүй хэнтэй ч амраглаж болохгүй. Тэгвэл нийгмээрээ, нийтээрээ хохирдог. Гэхдээ үүнээс болоод хамтран ажиллах, үйлчилгээ үзүүлэх, зөв зүйтэй сайн сайхан үйлийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үгүйсгэх ёсгүй. Засгийн газрын зөв сайн зүйл дээр нь хэвлэл дэмжигч түнш, буруу муу зүйл дээр нь шүүмжлэгч илчлэгч байх ёстой. Энэ хоёрт янаг амрагийн харилцаа ч зохих­гүй, эзэн боолын харил­цаа ч зохихгүй. Хоёр тийшээ хараад суучихвал хорыг нь нийгэм амсаж, горыг нь нийтээрээ хүртэнэ.

-Сэтгүүлзүйн өнөөгийн тулгамдсан асуудал гэвэл зөндөө л байгаа. Гэхдээ Монголын сэтгүүлзүйгээс нийгэм гол нь юуг хүсч хүлээж байгаа вэ. Бүх асуудал хаана, юун дээр очиж зангидагдах вэ?

-Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүндэт­гэ­лийн хуралд орол­цох­­доо Монгол Ул­сын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмэн хамгийн нандин зүйлээ өгсөн сэтгүүлзүйн салбараас би зөвхөн ёс зүйтэй, хариуцлагатай, хараат бус байхыг шаарддаг” гэж хэлснийг дахин сануулмаар, байн байн сануулмаар байна. “Адгийн тэнэгт ч гэсэн эр­хэм нандин юм гэж бай­даг. Сэтгүүлчдийн хувьд тэр нь ёс зүй, мэр­гэжлийн нэр хүнд, хараат бус байдал” гэж нэг сайтад ярилцлага өгөхдөө хэлж байсан минь ч бас санаанд орчихлоо. Энэ бүхэн манай салбарын эрмэлзэх, эрхэмлэх зүйл. Харин үүний тусгал нь, үр дүн нь нийгмийн хүлээлт захиалгатай нийцдэг. Үүн дээр л бүх асуудал очиж зангидагдана.

-Энэ жил чинь сэтгүүлчдийн их хурлын жил биз дээ?

-Тийм ээ. Бидний сон­гуульт хугацаа энэ сарын дундуур дуусна. Гурван жил ажиллачихаж. Их хурлаа ирэх оны нэгдүгээр сарын сүүлийн арав хоногт хийхээр гүйцэтгэх хороо маань нэлээд эрт шийдсэн. Гэхдээ албан ёсоор зарлаагүй байсан. Энэ ярилцлагаар зарлачихъя.

-Уг нь энэ сард хийх ёстой байсан уу?

-Тийм ээ. Гэхдээ өм­нөх их хурлаас сургамж аваад оны эхэнд хийхээр болсон. Оны сүүлээр болохоор олон баяр давх­цана, салбарын шинэ жил, шилдгүүдээ шалгаруулах асуудал давхцана. Шинээр сонгогдсон удирдах бүрэл­дэхүүн ажлаа барьж авахад хэцүү байдаг. Түүний оронд шинэ он гаргаад, санхүүгийн жилээ бүрэн дуусгаад хуралдах нь зүйтэй гэж үзсэн.

-Та МСЭ-ийн Ерөн­хийлөгчид дахин нэрээ дэвшүүлэх үү?

-Үгүй, дэвшүүлэхгүй. Бусдад боломж олгоё гэж бодож байгаа. Сүүлийн үед чинь хурлаа хийж чадахгүй, хуучин дарга нь тамгаа аваад зугтдаг, байгууллагын бодлого залгамж чанараа алддаг нэг муухай үзэгдэл ний­гэмд нүүрлээд байна шүү дээ. Үүнийг сөрж, зөв соёлд уриалах нь бидний үүрэг биз дээ. Тамгаа халаасалж зугатахгүй, суу­далдаа хоргодож нүд­ний булай болохгүй гэдгээ эрт­хэн хэлчихье. Зөв соёл гэснээс би хамгийн сүүлд хүлээж авсан нэг мэдэгдлийн тухай ярьчих уу? Сэтгүүлзүйтэй холбоотой юм...

-Тэгээч. Сонин байна...

-Өчигдөр орой “Өдрийн сонин”-оос нэг охин ярьж байна. Мэдэг­дэл хүргэнэ гэнэ. Цахимаар авлаа. Манай “Цонхоо нээцгээе” ТББ-ыг МСЭ анхаарч дэм­жээгүй, мэдэгдэл гаргаагүй учраас “Өдрийн сонин” болоод сэтгүүлчид нь МСЭ-ийн гишүүн байхаасаа татгалзаж байна гэсэн утгатай мэдэгдэл иржээ. Би үгчлээгүй, утга­чилж ярьж байна шүү. Тэгээд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх цаг болжээ гэж бодлоо. Өдрийн сониныхон цонх нээх аян өрнүүлснийг цаг тухайд нь мэдсэн. Нэгдэж дэмжихийн тулд чухам юу болоод байгааг анхаарч судалсан. Тэгээд “Өдрийн сонин” өөрийнх нь байр­наас 8.5 метрийн зайд барилга барихаар хашаа хатгаж, суурь ухах үед нь ингэж уриалан дуудсан бол, дэмжлэг тусламж хүссэн бол хамгийн түрүүнд очих ёстой байж, нэгэнт баригдаад дуусах шатандаа орчихсон, бас нэг монгол хүн өч төчнөөн хөрөнгөө зарцуулчихсан хойно нь ингэх нь утгагүй асуудал гэж үзсэн. Тэгээд ч тэр барилга барьж байгаа компанитай биш, ха­рин дүрэм журам зөрчиж зөвшөөрөл өгсөн албан тушаалтан, эсвэл тогтолцоотой нь тэмцэх нь зөв юм шиг санагдсан. Наанаа хоёр аж ахуйн нэг­жийн асуудал мэт хараг­давч цаанаа барилга барих зөвшөөрөл өгдөг тог­толцооны алдаа онооны асуудал юм биш үү. Манай Мийгаа ухаантай хүн мэдэж байгаа байх аа.

-Ямар ч хамаагүй шал­таг олж МСЭ-ээс татгалз­лаа гэж мэдэгдэн рейтингийг нь унагах ажил эхэлчихсэн юм биш биз?

-Тэгэх ямар шалтгаан байна. Зүгээр л тохиолдол биз. МСЭ ямар Эрдэнэт шиг саалийн үнээ, Таван­толгой шиг баян орд биш дээ. Тэгээд ч МСЭ үүргээ сайн биелүүлж, ажлаа сайн хийж байгааг тэртэй тэргүй нийгэм хүлээн зөвшөөрчихөөд байхад тийм тоглолт хийвэл өөрс­дөө л онигоо болно. Хувь хүмүүсийн өөрийгөө тодлох оролдлого бол байдаг аа, байдаг. Нэг сэтгүүлч гурван жилийн өмнө би ийм эвлэл­тэйдээ харамсаж байна, тэр Галааридыг чинь танихгүй мэдэхгүй, танайхаас гарлаа, баяртай гээд л сониноор мэдэгдээд байсан. Гишүүдийн бүртгэл шүүлгээд үзсэн чинь огт элсээгүй хүн байсан.

-Та МСЭ-ийн Ерөнхий­лөгчийн ажлаа өгнө гэлээ. Арай улс төрд хүч үзэх гэж байгаа юм биш биз?

-Хардах эрхийг чинь хүн­дэтгэж байна. Гэхдээ на­майг улс төрд ороод ирэх вий гэж эмээгээд байгаа нөхдийн санааг ам­раая. Би улс төр рүү явах­гүй ээ. Тэр бол миний чад­даг ажил биш. Би өр нимгэн, сэтгэл зөөлөн хүн. Зөөлөн хүнд төрийн алба хатуудна. Монголын юм болгон нь мэргэшсэн, хүн болгон нь сайн чаддаг юмаа хийдэг байгаасай гэж би хүс­дэг. Парламент нь мэр­гэшсэн, улстөрчид нь мэргэшсэн байгаасай. Улс төрд миний орон зай байхгүй. Миний орон зай, миний хийх ёстой ажил угаасаа тодорхой. Бурхан намайг бийр хөшиж, бэх дундал гэж л илгээсэн байх. Би сэтгүүлч мэр­гэжил­дээ дэндүү хайртай. Хэдийгээр мэргэжлийн сур­гуулийг нь төгссөн ч нэрнийхээ урд Сэтгүүлч гэдэг тодотгол тавихаасаа олон жил эмээсэн. Сүү­лийн хэдэн жил л ал­даг оног хэрэглэж байна. Цаашид улам боловсорч, нэг шат ахиад нэрнийхээ өмнө Нийтлэлч гэдэг то­дотгол хэрэглэх хэм­жээнд хүрэх юмсан гэсэн хүсэл бий. Биелэх эсэхийг мэдэхгүй. Энд тэнд надад нийтлэлч гэсэн цол чимэг өгчихсөнийг хараад санаа их зовдог.

-Сэтгүүлзүйн сал­барын­хандаа, мэргэжил нэгт сэтгүүлчиддээ юу гэж хэлмээр байна?

-2012 оны арван­нэгдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Ир­гэний танхимд зохион байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт тавь­сан илтгэлээсээ эшилмээр байна. “Өнөө цагийн монгол хүн өөртөө хэрэгтэй мэдлэг мэдээллээр өвч хуягласан хүчирхэг иргэн хүн байх уу, эсвэл мэдэх эрх, үзэл бод­лоо илэрхийлэх эрхээ бүрэн гүйцэт эдэлж чадаагүйн улмаас цөөн хэдэн эрх мэдэлтний хяналтгүй тоглолтын золиос болсон субъект л байх уу гэдэг нь сэтгүүлч бидний мэргэж­лийн, ёс зүйтэй, хариуц­лагатай, хараат бус, эр зоригтой ажиллаж чадах эсэхээс туйлын хамааралтай”. Тийм боло­хоор Монголын сэтгүүлчдийн үүрсэн ачаа нь их хүнд шүү гэдгийг л сануулъя.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.