Сой соусанд халиар дарах арга

Twitter Print
2020 оны 07-р сар 02-нд 16:46 цагт
Мэдээний зураг,

Үндсэн орц нь нэлээд хэдэн боодол халиар. Мөн халиараа дарах таглаатай сав хэрэг болно. Эхний ээлжинд цөөхөн хэдэн боодлыг аваад энэ аргаар дарж үзээрэй. Амт нь таалагдвал бөөндөж аваад дарна болно шүү дээ.

Соусны орц: Сой соус, ус, алимны цуу, элсэн чихэр, бөөрөнхий сонгино, ногоон сонгино.

Энд 1 кг халиар дарахад:

-Сой соус - 500мл

-Ус – 500 мл

-Алимны цуу- 165 мл

-Элсэн чихэр – 150гр

-Бөөрөнхий сонгино - 1 ш

-Ногоон сонгино - 4ш орсон болно.

Соусаа бэлтгэх: Ногоон сонгиноо 3 хуруу хэртэй, бөөрөнхий сонгиноо хэд хэд хуваагаад сой соус, ус, алимны цуу, элсэн чихэртэйгээ хамт саванд хийж буцалгана. Буцлангуут нь зөөлөн гал дээр 5 минут хэртэй буцалгаад галаа унтрааж хөргөнө. Соус хөрж байх хооронд халиараа бэлдэнэ.

Халиар бэлтгэх: Халиарны бүдүүн иш хэсэгт байдаг энэ улаан хальсыг нь хуулж авч цэвэрлээд бүхлээр нь дарж болно. Цаг давчуу тул ишийг нь дараа нь ашиглах зорилгоор цэвэрлэхгүйгээр тайрч аваад навчийг нь зөвхөн дарлаа. Цэвэрлэсэн халиараа усанд булхуулан сайтар угаана. Гэрт хэд хонуулаад шалчийчихсан халиарыг хүйтэн усанд байлгахаар сэргээд эргэн хэвэндээ ордог. Угаасан халиараа босоо байрлуулж усыг нь сайтар шавхана.

Угааж цэвэрлээд усыг нь сайтар шавхсан халиараа дарах таглаатай савандаа эгнүүлэн хийнэ. Халиар маань дарагдаад ирэхээрээ шалчийгаад доошоо суудаг учир савандаа ахиу хэмжээтэй овоолж тавьж байгаад дараарай. Овоолсон халиараа дээрээс нь гараараа дараад үзэхэд савныхаа амсараас доош 4 хуруу хэртэй сууж өгч байхад яг болно.

Халиар дарах: Дарах савандаа овоолж тавьсан халиарныхаа дээд хэсгийг түр зүүр авч байгаад өрөөний хэмд хөргөөсөн соусныхаа шингэн хэсгийг нь шүүж хийнэ. Учир нь овоолсон халиар дээрээ соусаа шууд хийхээр асгарчих байдаг тул энэ арга тохиромжтой. Ингээд дээрээс нь хүндрүүлэгч тавьж таглана. Энэ тохиолдолд аяга ашигласан бөгөөд халиар дарсан савны таглаа бүрэн таглагдаж байхаар хүндрүүлэгчийнхээ өндрийг тааруулж сонгоорой.

Ингэж таглаад өрөөнд, нар тусахгүй сэрүүн газар 3 хоног байлгана. Түүнчлэн халиараа шууд угаагаад савандаа хийж дарж байгаа болохоор удаан хадгалахын тулд ариутгалын маягийн процесс явагдана. Үүний тулд 3 хоног өрөөнд байлгачихаад дарсан халиарныхаа соусыг нь шүүж авч буцалгаад, хөргөөд, буцаагаад халиаран дээрээ хийнэ. Соусаа шүүж авч буцалгаад, хөргөөд буцаагаад хийх үйл явцыг 3 өдрийн турш нийт 3 удаа давтан хийсний дараагаар дарсан халиараа хөргөгчнийхөө хөргүүрийн хэсэгт хийж хадгалаад бүтэн жилийн турш хэрэглэх боломжтой. 

Тэгэхээр анх дарсан өдрөөс хойш нийт 9 хоног өрөөнд 3 хоногийн зайтай, 3 удаагийн буцалгалт хийн өрөөнд байлгасны дараа хөргөгчинд хийнэ гэсэн үг юм. Чихэрлэгдүү, исгэлэн мөн халиарны халуун ногооны амт нь салахын аргагүй болох ба хорхог, шорлог зэрэгтэй идэхэд хоол шингээгээд, мөн будааг хуудас хуудсаар нь ороогоод идэхэд үнэхээр амттай шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.