
Ираны IRIB сувгаар мэдээлснээр Иран улс ОХУ-аас Су-35 сөнөөгч худалдан авах хэлэлцээр хийжээ. ОХУ-ын хувьд Украинд явуулж буй дайндаа Иранд үйлдвэрлэсэн байлдааны дронуудыг ашиглаж байгаа билээ.
IRIB сувгийн мэдээлснээр Иран улсаас НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газраас Оросын Сухой-35 сөнөөгч онгоцнууд техникийн талаас Иранд зөвшөөрөгдсөн, Иран улс тэдгээрийг худалдан авах гэрээ хэлэлцээрээ эцэслэсэн тухай мэдэгдсэн аж.
Оросын талаас Иранд сөнөөгч онгоц худалдах тухай гэрээ хэлэлцээр хийсэн гэх албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. IRIB сувгийн мэдээлснээр Иран улс Оросоос гадна хэд хэдэн улсаас байлдааны онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 7-р сард Ираны шашны тэргүүн Аяатолла Али Хаменэйтай Тегеранд уулзах үеэрээ Барууны орнуудын зүгээс ОХУ-ын Украинд явуулж буй дайнтай холбоотойгоор үзүүлж буй дарамт шахалтын үед хоёр улс харилцаагаа бэхжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж байсан юм.
Иран улс ОХУ-ын Украины эсрэг ашиглаж буй байлдааны дронуудыг нийлүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн ч дронуудыг дайнаас өмнө илгээсэн гэж мэдэгдсэн бол Москва Оросын арми Украинд явуулж буй дайндаа Иранд үйлдвэрлэсэн дронуудыг ашигласан гэх мэдээллийг үгүйсгэсээр байгаа билээ.
Ираны агаарын зэвсэгт хүчний мэдэлд 1979 оны хувьсгалаас өмнө худалдан авсан ОХУ болон АНУ-ын цөөн тооны сөнөөгч онгоц байдаг ба 2018 онд Иран эх орондоо сөнөөгч онгоц үйлдвэрлэж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн юм.
Зарим шинжээчдийн хэлж байгаагаар Ираны сөнөөгч онгоцнууд нь 1960-аад онд АНУ-д үйлдвэрлэж байсан F-5 онгоцны хуулбар аж.
Эх сурвалж:Reuters
Содномцэрэнгийн Энхззаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.