Суут эрдэмтэн Стивен Хокинг "ярьдаг" боллоо

Twitter Print
2014 оны 12-р сар 03-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Өнөө цагийн сод ухаантан гэгддэг Британийн сансарын физикч Стивен Хокинг хөгжлийн бэрхшээлтэй зэмдэг нэгэн. Насан туршдаа төв мэдрэлийн системийн буюу англи хэлтэй орнуудад хэлдгээр Лу Геригийн өвчнөөр шаналж ирсэн түүнд саяхан харилцан ярианы шинэ аппарат бүтээж өгчээ. Уг шинэ төхөөрөмжийн ачаар Хокингийн хэл яриа танихын аргагүй сайхан болсоны дээр өөрийнх нь хоолойн өвөрмөц өнгө тод мэдрэгдэж байгаа аж.

Эрдэмтний өгүүлсэнээр түүний хорин жил гаруй хэрэглэж байгаа төхөөрөмж хуучирч муудахын хамт ертөнцтэй илүү их "эрчимтэй" харьцахыг хүсэж байсан учир Intel болон Swiftkey компаниуд хамтран түүнд шинэ харилцааны төхөөрөмж бүтээж өгсөн байна.

Уг төхөөрөмж Хокингийн харааны шилэнд суурилуулсан хэт улаан туяаны дамжуулагчаар ажилладаг бөгөөд эрдэмтний ярианы хурдыг хоёр дахин ихэсгэхийн хамт үйл хөдлөлийг нь эрчимжүүлж, түүнд хэрэгцээ шаардлагатай баримт материалуудыг нь компьютероор олоход тусалдаг аж. Төхөөрөмжийн үндсэн механизм сүүлийн үеийн гар утаснуудад хэрэглэдэг текстэн мэдээллийг хүлээн авах системээр ажилладаг бөгөөд уг системд зориулсан тусгай программ хангамжыг 2015 оны эхээр танилцуулах юм байна. Суут эрдэмтний харилцааны шинэ төхөөрөмжид өөрчлөгдөөгүй хоцорсон ганц зүйл гэвэл кино урлаг, хүүхэлдэйн кино бүтээгчдийн өргөн ашигладаг дуу авианы хувиргагч синтезатор байгаа аж. Үүнийг Хокинг наргиа болгож, Жеймс Бондын шинэ кинонуудын нэгэнд гардаг супер хорлогчийн дүрд тогловол яг таарах дуу хоолойтой боллоо гэж байжээ. Түүний компьютероор хувиргасан дуу хоолой болон дугуйтай тэргэнцэр нь ийм дүр төрхөнд хачин сайхан тохиррч байгаа гэнэ.

Эрдэмтэн "Симпсоныхон" хүүхэлдэйн кино болон “Star Trek” цувралуудыг шимтэн үзэж, компьютероор Исаак Ньютон, Альберт Энштейн нарыг төлөөлүүлэн покер тоглох дуртай аж. Тэрээр өөрийн шинэ төхөөрөмжийг шагшин магтахын хамт хиймэл оюун ухаан бүтээхэд хэт туйлшрахгүй байхыг хүн төрөлхтөнд сануулсан байна. "Цогц хиймэл оюун ухаан бүтээх явдал хүн төрөлхтнийг авслах аюул дагуулж болох"-ыг тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Энэ зэрэгцээ түүний санааг зовоож байгаа нэг зүйл нь террористууд командлалын төв болгон ашиглаж болох интернэт орчин аж.

1960-аад оноос хөдөлгөөний нейрон өвчнөөр шаналж тэргэнцэрт суусан, өдгөө 72 настай Стивен Хокинг 1985 онд уушигны хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн учир эмч нар түүнд гуурсан хоолойн хагалгаа хийсний (tracheostomia) улмаас ярьж чадахаа больсон байна. Харин Хокинг  эл хүнд бэрхшээлийг үл ажирч өнгөрсөн арван жилийн хугацаанд онцгой идэвхтэй амьдралын хэв маяг баримталж ирсэн бөгөөд 2007 онд бүр тусгай нисэх онгоцоор жингүйдэж хүртэл үзсэн аж. Үүгээр зогсохгүй суут эрдэмтэн гурван хүүхэдтэй, Кембрижийн их сургуульд тэрээр Исаак Ньютоны цагтаа эзэгнэж байсан, академик шинжлэх ухааны хамгийн дээд хэргэм зэрэг болох Лукасын профессор албан тушаалыг хашдаг билээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.