
АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антоновын мэдээлснээр Вашингтон ОХУ-ын 27 дипломатыг гэр бүлийнхнийх нь хамтаар АНУ-аас албадан гаргах шийдвэр гаргасан ба тэдгээр дипломатууд ирэх 1-р сарын 30-нд АНУ-аас явах аж.
Анатолий Антоновын хэлж байгаагаар ОХУ-ын элчин сайдын яам хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байгаа аж. Хоёр улсын харилцаа муудсанаас хойш буюу 2016 оноос хойш ОХУ-ын 100 гаруй дипломатууд гэр бүлийн гишүүдийнхээ хамтаар АНУ-аас явахад хүрчээ.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захаровагийн мэдэгдсэнээр 10-р сарын 29-ний байдлаар АНУ дахь Оросын Элчин сайдын яам, АНУ дахь НҮБ-д Оросын 200 орчим дипломат ажиллаж байна.
Ерөнхийлөгч Жо Байдений засгийн газраас мэдээлснээр АНУ-д ажиллаж буй Оросын дипломатуудын тоо 2017 оны эхэнд 1200 байсан бол энэ тоо одоо 120 болтлоо буурчээ.
Энэ нь Вашингтон ОХУ-ыг Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэсэн, Украины босогчдыг дэмжсэн, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныг хордуулж, шоронд хорьсон зэрэг олон тооны хэрэгт буруутгаж, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдтэй холбоотой билээ.
Мөн ОХУ дахь АНУ-ын элчин сайдын яам ОХУ-ын иргэдийн визний материалыг хүлээж авахаа зогсоосон ба оросуудыг "орон гэргүй иргэд" гэсэн төрөлд багтааснаар Оросын иргэд гуравдагч оронд байх АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжтой болжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.