15 настай татар охин Камила Валиева Дэлхийн гурван рекордыг эзэмших боллоо

Twitter Print
2021 оны 11-р сар 29-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

ХААНААС ИРСЭН ОХИН БЭ? КАМИЛА, ЧИ!

ОХУ-ын Сочи хотноо Олон улсын уран гулгалтын холбооны энэ улирлын гран-при зургаан цувралын сүүлчийнх болох “Ростелекомын цом” дуулиан дүүрэн өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын уран гулгагч, 15 настай татар охин Камила Валиева богино хөтөлбөрт 87.42 оноо, чөлөөт үзүүлбэрт 185.29 оноо, нийлбэрээр 272.71 оноог тус тус авч Дэлхийн гурван рекордыг эзэмших боллоо. Хамгийн сүүлд 2018 онд Алина Загитова гурван рекордыг ганцаараа эзэмшиж байсан билээ.

Камила чөлөөт үзүүлбэртээ дөрвөн эргэлттэй үсрэлт (4 сальхов, 4 тулуп-3 тулуп каскад, 4 тулуп-2 сальхов каскад) гурван удаа, мөн 3 эргэлттэй аксель амжилттай гүйцэтгэсэн. Насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд энэ намраас л эхлэн оролцож буй Валиевагийн гулгалт үзэгчдийг ховсдож, шүүгчдийг алмайруулж, тайлбарлагчдын онгодыг ёстой л нэг хөглөлөө. Эрч хүчээр дүүрэн, техникийн өндөр түвшинд, гүйцэтгэл онц, тэгээд хөгжим зохиомждоо бүрэн ууссан Камилагийн үзүүлбэрийг төгс гэхэд огтхонч буруудахааргүй.

Богино хөтөлбөрт in Memoriam -ийг хоёр жилийн өмнө холын хол одсон хайртай эмээдээ зориулан нулимсаа дотогш залгин , мөсөн дээр дурсгалыг нь “сийлсэн” бол чөлөөт үзүүлбэртээ алдарт Bolero-г хэм хэмнэл, испани бүжгийн давтамж, бусдыг ховсдох увидас, эрч хүч, ер нь юутай хээтэй нь амилууллаа. Гайхамшигтай гулгалт, төгс үзүүлбэр гэхээс өөр юу гэхэв дээ.

“Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд алтан медалийн төлөө л өрсөлдөнө гэдгээ Камила Валиева тодоос тод зарлалаа даа.

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Photo source: RIA Novosti/ Alexander Vilfз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.