
Хүн бүхэн ѳѳрийн сонголтоор амьдралаа бүтээдэг. Зѳн совин, магадгүй мэдрэмж үүнд нѳлѳѳлдѳг байх. "Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ зѳв" гэдгээр сонголтондоо ѳѳрийгѳѳ хэзээ ч буруутгадаггүй. Харин бид болохоор хѳндлѳнгѳѳс нь хараад буруутгах тѳдийгүй зааж зааварчлах дуртай. Гэхдээ тэр хүний дотоод сэтгэлийг ойлгохгүйгээр зѳвхѳн ѳѳрийн дотоод сэтгэлийн мэдрэмжээрээ хандаад байдагт буруу нь байгаа юм даа. "Миний гутлыг ѳмсѳж үзээгүй байж, миний хаашаа алхахыг чи яаж мэдэх билээ" гэдэг үг байдаг. Хүн бүхэн ѳѳрийнхѳѳрѳѳ л амьдрах эрхтэй.
Хэнтэй гэрлэхийг, ямар сургуульд суралцахыг, ямар ажил хийхийг, хаана яаж амьдрахыг, найз нѳхѳд нь хэн байхыг, хэнд юу гэж хэлэхийг зааж зааварчлахдаа ѳѳрийгѳѳ хамгийн мундаг хүн гэдэгт итгэлтэй байдаг аж. Гэхдээ яг ажаад харах юм бол сургааль зааварчлага ѳгч байгаа хүний амьдрал нь тийм ч бүтэлтэй биш байх нь олонтаа. Хэн нэгний заавраар яваад амьдралдаа алдахад чи ѳѳрѳѳ л бүх зовлон шийтгэлийг хүлээдэг, харин зааварчлагч тэгтлээ зовохгүй. Бусдын буруу шийдвэрийн тѳлѳѳ чи ѳѳрѳѳ зовно гэдэг шударга бус биз дээ? Ѳѳртѳѳ итгэлтэй бай.
Буруу ч бай, зѳв ч бай ѳѳрийн асуудлаа ѳѳрѳѳ л шийдэж зовлонгоо ѳѳрѳѳ үүрч, жаргалаа бусадтай хуваалцаж байх хэрэгтэй юм билээ. Алдаанаасаа ѳѳрѳѳ л суралцаж, ухаарлаа тэл. Сургамаар байгаа бол бусдад санаагаа хэлж, туршлагаа хуваалцаж бай, харин шийдвэрт нь бүү оролц. Хэн ч амьд буцдаггүй энэ амьдралд зурсан зураг, үүрэх тавилан гэж байдаг байх. Чиний алдаа чамайг бүтээдэг. Шийдвэр гаргахдаа сэтгэлийн анир, зѳн мэдрэмжээ дага. Буруу байсан ч харамсалгүйгээр "Би үүнийг үзэж ухаарах ёстой юм байлгүй" гэж хэлж ѳѳрийгѳѳ тайвшруулж бай. "Ѳнгѳрсѳн цаг хугацаанд буруу байдаггүй" гэх юм билээ. Алдаж онож, тэнэглэж ухаарч явахад энэ амьдрал бас л богинохон шүү.
Гомбосүрэнгийн Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.