
Бүгд Найрамдах Хятад Ард Улс гадаадад байгаа өмч хөрөнгөө хамгаалж Зэвсэгт хүчнээ хөдөлгөх тухай хууль баталжээ. Үүнд гадаадад үйлдвэрлэл, бизнес эрхэлж баяжсан хятад бизнесменүүдийн өмч хөрөнгө багтах болов уу.
Мөн Хятадаас дүрвэж гадаад руу гарсан авилгачин ноёд, хар тамхи болоод зэвсгийн наймаачдын хөрөнгө бол шууд Хятадын мэдэлд орох бөгөөд ер нь нанхиадууд хуультай хуульгүй, Зэвсэгт хүчнээ хөдөлгөсөн хөдөлгөөгүй гадаадад байдаг том том гэмт хэрэгтнүүдийнхээ хамаг хөрөнгийг хураагаад, өөрийг нь чихдэж авчраад шоронд хийчихдэг улс л даа. Одоо тэгвэл бүр Зэвсэгт хүчнээ хөдөлгөхөөр болжээ.
Дээрхи хууль гарсныг дуулж сонссон өвөрмонголчууд “Ээ, ашгүй. Одоо тэгвэл Еэ Жин Лай шиг баячуудын хөрөнгийг гадаадаас шууд аваад ирэхээр болжээ. Хятадууд хятадуудаа ингэж барьж идвэл мөн ч сайхан хэрэг болно” гэж WeChat-ын бүлгэмээр шуугилдаж байна. Одоогоос зургаан сарын өмнө Хятадын цагдаа нар Мексик улсад амьдарч байсан Еэ Жин Лай хэмээх дийлдэшгүй баян эрийг баривчлан авчраад Хятадын гянданд хорьжээ. Өнөөгийн байдлаар Еэ Жин Лай шиг тоолж баршгүй их мөнгө, эд хөрөнгө цуглуулсан гэмт хэрэгтэн Хятадын бүх цагийн үеийн түүхэнд төрөөгүй байгаа гэнэ. Гэмт хэргийн аргаар бус үйлдвэрлэл, бизнесийн аргаар хөлжсөн Хятадын тэргүүн баячуудын дотор ч энэ эр шиг их мөнгө, эд хөрөнгө цуглуулсан хүн одоогоор байхгүй ажээ. Хятадын баячуудыг бид “Алибаба” комын Жек Ма, хулхи сарнай зарж баяжсан Ван Кишан нараар төсөөлдөг. Тэгтэл энэ Еэ Жин Лай гэгч нь эд бүгдийг дагуулахааргүй их хөрөнгийн эзэн байжээ. Гэхдээ мань эр Дундад улсын нутаг дэвсгэр дээр авилгал, хээл хахуулиар ингэж баяжсангүй.
Тэрбээр 2002 онд Мексик улсад очиж амьдрахдаа эмчилгээний шугамаар үйл ажиллагаа явуулахаар зориглосон жирийн нэг эмч байжээ. Тэгтэл даан удалгүй эмчилгээний үйл ажиллагаагаараа далимдуулаад хар тамхи борлуулж эхэлсэн байна. Ингээд 2002 оноос 2019 оныг хүртэл хар тамхины наймааг тасралтгүй хийж Бүх Хятадын хамгийн том баячуудын тэргүүн эгнээнд цойлж гарчээ. Орон гэр, эдлэн газар, хиймэл нуур зэргийнх нь талаар ярихын ч хэрэггүй. Цул алтаар хийсэн автомат буутай, тэр нь цул алтан сумнуудтай байсныг бодоход Еэ Жин Лай-д буудуулж үхлээ гэхэд алтан сум цээжиндээ авч хадгалаад тэнгэрийн оронд морилох ховорхон хувь тавилантай ч гэмээр...
Энэ этгээд зуу орчим нууц амрагтай байсан гэхээр хүүхэн шуухнаар ёстой туйлж байсан гэлтэй. Тэрбээр зоосоо хаана хадгалах вэ гэж л санаа зовдог байснаас бус өнөөдөр хичнээн зоос олох вэ гэдэг дээр огтхон ч санаа зовож байсангүй. Түүний нэг өдрийн тогтмол орлого нь мексик долларыг хятад юаньтай харьцуулахад 9500 түмэн юань байсан гэнэ. Колумбийн хар тамхины цуут наймаачин Пабло Эскобар хар тамхинаас цутган орж ирсэн их мөнгөө угаахын тулд Африк тивээс ховор амьтад зөөж авчраад амьтны хүрээлэн байгуулж байсан түүхтэй. Үүн шиг Еэ Жин Лай уг нь бохир мөнгөө тун сайн угаасан бололтой. Гэвч түүний эдлэн газрын нэг өрөөнд хадгалагдан байсан бохир мөнгийг тоолохын аргагүй. Тэнд нь 20 дүнчүүр ам.доллар хураалттай байжээ. Нэг дүнчүүр нь 100 сая гэж бодохоор хоёр тэрбум ам.доллар... Энэ мөнгийг Хятадын цагдаа нар тоолохдоо хагас сарыг зарцуулжээ. Мөн тэд Еэ Жин Лай-гийн Мексик дахь бүх эд хөрөнгийг Дундад улс руу тээж авчрахад бүхэл бүтэн усан онгоц хөлөглөж, түүнийг нь хуурай газар луу ачаалж зөөхөд маш олон машин тэрэг дайчилжээ. Ийм мундаг баян хүн Дундад улсын бүх цагийн үеийн түүхэнд гарч байгаагүй бөгөөд одоогоор түүнийг Хятад улсын хамгийн том баянаар тодруулаад байгаа юмсанж.
Гэхдээ Еэ Жин Лай нь агуу их Хятад гүрэнд лай ч болсонгүй, зай ч болсонгүй, гай ч болсонгүй, харин ч түүний барагдашгүй их мөнгө, элэгдэшгүй их хөрөнгө тус улсын орлого болсон болохоор эх орондоо томоохон буян үйлдчихсэн мэт.
Тэртээ далаад оны үед Хятадын засгийн газраас дэлхий дахинаар нэг тарсан цагаач иргэдтэйгээ холбоотой бодлого явуулж, энэ талын хууль хүртэл батлаад авсан байдаг. “Дэлхийн бөмбөрцөгийн аль ч өнцөгт байгаа хятад хүний эх орон нь Хятад улс мөн тул цагаач иргэд маань эх орондоо эргэж ирэхдээ зөгий цэцэгсийн балыг үүрэндээ цуглуулахын адил тухайн газарт буй өөрийн эд хөрөнгө, мөнгө төгрөг, шинжлэх ухаан-технологийн ололт, туршлагыг авчирч нэвтрүүлэх үүрэгтэй” гээд бүр улаан цагаан хуульчилсан байхыг яана. Тиймдээ ч Бээжингийн удирдлага “Ерэн хувь найдаж болох эх орончид, сайн нөхөд. Манай хуацяо нар бол Хятадын төрийн өмөг түшиг, итгэл найдвар” гэж цохон тэмдэглэж, дэлхийгээр нэг тарсан цагаач иргэдээ “Тавдугаар цуваа” гэж нэрлээд тусгай заавар өгдөг байсныг мартаж үл болно. Тэгэхээр Мексикт хар тамхи зарж борлуулаад, зөвхөн мексикчүүдийг л мансууруулж хордуулаад өөрөө асар их мөнгө, эд баялаг цуглуулж, түүнийгээ агуу их Хятад гүрэн рүүгээ зөөлгүүлж авчруулсан Еэ Жин Лай гэгчийг Бээжингийн засгийн газар хүндэтгэн бишрээд хөхиүлэн шагнамаар ч юм шиг. Гэвч чанга хатуу хууль дүрэмтэй, хүн гэдэг амьтанаар хахаж цацсан Хятад ингэж энэрэнгүй загнахгүй л дээ.
Өнгөрсөн онд Хятадад 3000 орчим хүн авлига өгөхийг санал болгосон хэргээр ял сонссон байх бөгөөд дээрхи тайлан нь одоо үргэлжилж буй Үндэсний ардын их хурлын үеэр хэлэлцэгдэж байгаа юмсанж. Мөн Дундад улсын Дээд шүүхээс Үндэсний хяналтын хороотой хамтран Хятадаас зугтаж гарсан авлигын гэмт хэрэгтнүүдийг нутагтаа эргэж ирэхийг уриалсан мэдэгдэл хийсэн байна. Ирэхгүй гэвэл Зэвсэгт хүчнээ ашиглана.
Бээжингийн засгийн газраас “Хар хүчнийг шүүрдэж, орчноо цэвэрлэж, тогтвортой байдал, энх амгаланг хангая” гэсэн уриа гаргаж, Дундад улсын бүхий л хот, аймаг, хошуу, гацаа сумдаар сурталчилах болжээ. Хар хүчин гэдэг нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд болон төрд шургалсан авилгачин ноёдыг хэлж буй юмсанж. Си Жин Пин засгийн эрхэнд гармагцаа намынхаа хамгийн нэр нөлөөтэй хүний нэг, Чунчиний намын байгууллагын удирдагч Бо Силай, түүний хам хэрэгтэн, цагдаагийн экс дарга Ван Ли Жун нарыг баривчилжээ. Тэдний араас ХКН-ын Төв хорооны гишүүн Жой Юнкан, ненерал Жан Ян, Улс төрийн товчооны хамгийн залуу гишүүн Сунь Жэнцай нарыг шорон руу илгээсэн байна. Ер нь Си Жин Пин-ийг БНХАУ-ын дарга болсноос хойш тус улсын хоёр сая орчим албан хаагч авилгын хэргээр шалгагдаж дийлэнх хэсэг нь шийтгэгджээ. Эд бүгдээс цаазаар авахуулсан хүн гэж тоймгүй олон гэнэ.
Ингэхэд Бээжингийн засгийн ордонд “Хятад улс ялзралтайгаа тэмцэхгүй бол улсаа сүйрүүлнэ, харин ялзралтай тэмцвэл намаа сүйрүүлнэ” гэсэн хэлц үг ноёрхох болжээ. Харин Си Жин Пин улсаа сүйрүүлэхгүйн тулд намаа сүйрүүлсэн ч яахав гэж шийджээ. Тэгтэл манайхны байж байгаа царайг хар даа. Намаа сүйрүүлчихгүй юмсан гэж саяын сонгуулиар үхэн хатан тэмцэж байсныг яана. Тэгээд тэр намынх нь далбаан дор парламентын гишүүн болж гарч ирээд буй зарим нөхдийг хар. Ёстой элэг авмаар...
Б.Ойдов
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(107.72.162.62) 2020-07-26 01:12Hyatadiin yyniig n duuraigaasaa daa Ene avilgachid
Хариулах