790 гаруй жилийн түүхтэй Чингисийн чулууны бичиг

Twitter Print
2018 оны 12-р сар 03-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн түүх он цагийн ой санамж дотор нойрсож, түүхэн дэх ганц үгийг сэрээхэд үй түмэн мэдээллийг хойчдоо дамжуулдаг ажаам.

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөөг 1224 онд сийлжээ. Бараг хоёр зуун жилийн өмнө Сибирь судлаач Спасский манай хилийн гадна орших Өргөнө мөрний цутгалан болох Хархираа голын хавиас дорно зүгийн бичигтэй хөшөө олсон тухайгаа анх мэдээлж, 1932 онд Петербургт аваачсан байдаг. 1833 онд монголч эрдэмтэн Шмилдт, арваад жилийн хойно буриадын эрдэмтэн Банзарын Дорж, залгаад Японы эрдэмтэн С.Маруяама, мөн Оросын эрдэмтэн Г.Н.Румянцев нар тавиад он хүртэл тайлан унших оролдлого хийж, судалгааны үгүүллүүд бичсэн байдаг. Харин 1960 онд Монголын түүхч Х.Пэрлээ Эрмитаж дахь гэрэлт хөшөөг нүдээр үзэж, гараар имэрч үзсэнийхээ дараа жил “Чингисийн чулууны бичээс” хэмээх томоохон үгүүлэл бичиж, үг бүрийг нягтлан тайлбарлаж, үнэн зөвөөр тайлан уншсан болой.

Ийнхүү Монголын түүхийн нэгэн хуудас чулуун дээр арваадхан үгээр улбаалан олон учигаа тайлжээ. Учир юун гэвэл: Чингис хаан Хорезмаас буцахдаа Бух сочигай хэмээх газарт 1224 оны өвөл Их хуралдай хийлгэж, тэр үеэр болсон наадамд Хавт Хасарын хүү Есүнхэ ноён 335 алд хол байсан байг оносон түүхэн амжилтыг тэмдэглэсэн бичээс болох нв тодорхой болжээ. Мөн Рашид-аддины “Сударын чуулган” дахь мэдээтэй яв цав таарч байгаа юм. “Сударын чуулган”-д Хаан Бух Сочигайд бууж, их алтан орд барьж, хурилдай хурж, их хурим хийх зарлиг буулгасан тухай дурдсан буй. Дайлаас буцаж яваа их цэргийг Монгол эх нутгаас алтан ургийн ноёд тосож очсон бөгөөд угтагсадын дотор Тулуйн 2-р хүү ирээдүйн их хаан 10 настай Хубилай цуг явсан тухай нэгэн түүхэн сурвалжаас уншиж байсан минь тод санагдаж байна.

Миний бие 1990 оны өвөл Мигжид Жанрайсиг их бурханы эрлийг мухарлахаар Санкт-Петербург хотноо байх ялдар тэр үеийн оюутан, эдүгээн нэрт эрдэмтэн С.Бадралын хамт Эрмитажид очиж Чингисийн чулууны бичигт шингэж үлдсэн түүхэн мэдрэмжүүдтэй шүргэлцсэн минь үлэмж их хувь хэмээн дурсдаг билээ. Тэгэхэд “засвартай тул үйлчлэхгүй” хэмээн хаалттай байсан Монголын танхимд С.Бадрал дүүгийн сүүхэй гаргаснаар эрдэм шинжилгээний ажилтан настай авгайгаар цоожыг онгойлгуулж, эзэд нь юм шиг хэдэн мөч өөрийн үзмэрүүдийн дэргэд баясан саатсан сан.

Чулуун бичээсийн тэргүүн дээдэд Чингис хааны нэрийг мөр тэтгэн залж, Есүнхэгийн нэрийг их эзний нэрнээс доогуур, гэхдээ бусад бичээсээс дээш илүү гаргаж бичсэн нь монгол төрт ёсны бэлгэдэл хүндлэлийн илэрхийлэл төдийгүй, монгол бичиг соёлын уламжлалын чухал ул мөр юм даа хэмээн бодож зогссон бөлгөө.

“Чингисийн чулууны бичиг” бол мянга хол илүү жилийн түүхтэй монгол бичиг үсгийн олон дурсгалуудаас гал усны бэрхийг туулж бидний үед хүрч ирсэн хамгийн ууган нь болохын хувьд ч, манай түүхийн төрт ёсны нэгэн томоохон бодит гэрч мөний тухайд ч “ХОСГҮЙ” хэмээх тодотголтой бичигдэх соёлын өв билээ. Бас нэгэн сонирхолтой тохиолдлыг дурдахад Чингисийн чулууны бичиг бүтээгдсэн 1224 оноос яг 400 жилийн дараа Цогт хун тайжийн шүлгийг 1624 онд Дуутын хар чулуунд Дайчин хиа, Гүен баатар хоёр сийлсэн байдаг. Түүнээс яг 300 жилийн хойно Жамьян гүн, Наянт ван хоёр “Монгол Данжуурын гэрээ бичиг”-ийг бас чулуунаа гэрэлтүүлэн сийлсэн нь Үндэсний номын санд буй.

2014 онд дээрх үйл явдлуудын тэгш ой буюу 790 жилийн ой тохиосон. Монгол бичгийн, тэр тусмаа түүхэн агшиныг чулуунд мөнхлөн сийлэх соёлын гурван үйл явдал зэрэгцэх тэгш ойг Монгол төр ядаж 10 жил тутамд дуртган санаж, сэрээн дуудаж, бахархан тэмдэглэж байваас зохиолтойсон. Зургаан жилийн дараа Чингисийн чулууны бичиг 800, Цогтын чулууны бичээс 400, Данжуурын гэрэлт хөшөө 100 нас хүрнэ. Энэхүү түүхэн ойд бичиг соёлын томоохон хуралдай хийж дурсах шиг дурсах цагийг хүлээхээе дээ.  Тэр цагт монгол бичиг соёлдоо зориулж мянган жилийн салхи шуурганд ч баларахааргүй нэг томохон гэрэлт хөшөөг сийлж мөнхжүүлэхийн ерөөлөөр болзоо талбису. 

Зохиолч Г.Мэнд-Ооёо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • gal

      (210.218.145.167) 2015-05-19 14:46
      • 0
      • 0

      ih saihan bna.bidnii aguu ovog deedes miny... ene aguu bichig soeliin dursgalaa Mongoldoo avchrah yumsan...

      Хариулах