Д витаминыг дур мэдэж хэрэглэх нь өсөлт зогсонгишилд хүргэх аюултай

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Витамин Д-г дур мэдэн хэрэглэх нь зөв үү?

Витамин Д нь биед зайлшгүй шаардлагатай, дархлааг дэмжигч чухал нэгдэл боловч шинжилгээ өгөлгүйгээр дур мэдэн хэрэглэх, өндөр тунгаар хэрэглэх, урт хугацаанд хяналтгүйгээр хэрэглэх нь витамин Д-ийн илүүдэл, цаашлаад хордлогыг үүсгэдэг.

Фамили Клиник эмнэлэгт 2018 онд Витамин Д -ийн шинжилгээ өгсөн нийт 5500 үйлчлүүлэгчдийн 0,12 % буюу 7 хүнд нь цусан дахь витамин Д хэмжээ 100 -150 нг/мл -ийн хооронд буюу илүүдэлтэй, 0,04 % буюу 2 хүнд 150 нг/мл-ээс дээш буюу хордлоготой гарсан байна. Эдгээр илүүдэлтэй болон хордлоготой гарсан тохиолдлын 8 нь 0-3 насны хүүхэд, 1 нь насанд хүрэгч байсан бөгөөд үзлэг болон багажийн шинжилгээгээр дараах нийтлэг шинж тэмдэг илэрч байв. Үүнд:

Зовиур:

Их хөлрөх

Ам их цангах

Хэвийн үеэс илүү ойрхон давтамжтай шээх

Дотор муухайрч, бөөлжис цутгах / насанд хүрэгчид/

Үзлэгээр:

Арьс, уруул хатаж омголтсон

Хавирга овгор, хатуувтар

Зулайн заадсууд овойсон, ирмэг нь хатуурсан

Шүдний ургалт бага зэрэг түрүүлсэн

Шээс их үнэртэй

Багажийн шинжилгээнд /эхо оношилгоо: Бөөрний шохойжилт/

Манай эмнэлгийн зүгээс энэхүү илүүдэл, хордлоготой үйлчлүүлэгчдийг ОУ-ын Д витамины илүүдлийн үед авах арга хэмжээний дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэнээр зовиур, шинж тэмдгийг арилгаж, эргэн Д витамины түвшинг хэвийн түвшинд аваачихад 14 хоногоос 6 сар хүртэл хугацаанд хянаж, эмчилсэн. Илүүдэлтэй хүүхдүүдийн хувьд 14 хоногоос 1 сарын хугацаанд цусан дахь Д витамины түвшин хэвийн хэмжээнд очиж байсан бол, гүн хордлогод орсон 3 настай хүүхдийн хувьд 3 сарын хугацаанд Д витамин хэвийн хэмжээнд очиж, бөөрний шохойжилт нь 5 сарын дараа арилсан.

Илүүдэл хордлоготой гэж оношлогдсон эдгээр үйлчлүүлэгчид нь ихэвчлэн дур мэдэж, эмчийн хяналтгүй, шинжилгээнд хамрагдалгүй Д витаминыг хэрэглэж байсан бөгөөд дээрх зовиур, шинж тэмдэг нь ихсэх үед Д хэрэглэсээр байхад дутагдаж байна гэж ойлгон, эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр хандсан өвчний түүхтэй байв. Илүүдэл, хордлого нь эрдэс бодисын солилцоог алдагдуулж, улмаар яс тулгуур эрхтэн, бөөр шээсний зам, бэлгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, өсөлт хөгжлийн хувьд зогсонгишилд хүргэх аюултай байдаг.

Тиймээс Витамин Д-г хэрэглэхдээ та заавал шинжилгээ өгч, шинжилгээний хариунд тулгуурлан эмчийн зөвлөгөөг авч, зөв тунгаар хэрэглэх нь таны эрүүл мэндэд ашиг тустайг зөвлөж байна.

Фамили Клиник- Гэр бүлийн эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.