Их Британийг зорьж явсан 27 цагаач Ла Маншийн хоолойд живж нас барлаа

Twitter Print
2021 оны 11-р сар 25-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Их Британи болон Францын эрх баригчид хийлдэг завиных нь хий нь гарснаас болж Ла Маншийн хоолойд 27 цагаач живж нас барсан явдалд бие биенийгээ буруутгав.

Франц болон Их Британи хоёр улсыг тусгаарладаг Ла Маншийн нарийн хоолой нь дэлхийн хамгийн их ачаалалтай усан зам бөгөөд уг хоолойн урсгал маш ширүүн байдаг аж.

Хүний наймаачид Их Британид хүрэх хүсэлтэй цагаачдыг хийлдэг завин дээр олноор нь суулган, далайн урсгалд даатган орхидог билээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болсон явдалд цочирдсон хэмээн Францын талаас цагаачдын Ла Маншийн хоолойгоор нэвтрэх гэсэн оролдлогуудыг таслан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авахыг уриалжээ. Тэрээр хүний наймаачдын бүлэглэлүүд "хүмүүсийн амийг хөнөөгөөд ямар ч шийтгэлгүй өнгөрч байна" хэмээн онцолжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Их Британийг уг асуудлыг дотооддоо нэр хүнд олох үүднээс улс төржүүлэхээ зогсоох шаардлагатай гэсэн бол Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен Их Британийн тал мөн адил хариуцлага хүлээх ёстой гэжээ. Ослын улмаас 27 цагаач амиа алдаж, 2 цагаач эмнэлэгт осголттой хүргэгдсэн ба биеийн байдал нь хүнд байгаа аж.

Францын цагдаа нар осолд буруутай гэж сэжиглэгдэж буй 4 хүнийг баривчилжээ.

Францын Ерөнхийлөгч Э. Макрон Европын холбооны Хил хамгааллын агентлагийн санхүүжилтыг нэмэгдүүлж, цагаачдыг Францын хойд хил дээр цугларахаас сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолжээ.

Их Британи өмнө нь Францын эрх баригчид мянга мянган цагаачид далайд гарч байгааг зүгээр харж зогссоор байна хэмээн буруутгаж байсан ч Францын уг мэдэгдлийг үгүйсгэсэн юм.

Уг ослоос өмнө энэ он гарснаас хойш Их Британийг зорьсон 14 хүн Ла Маншийн хоолойд живж нас баржээ.

2020 онд 7 хүн нас барж, 2 хүн сураггүй алга болсон бол 2019 онд 4 хүн нас барж байжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Францын Ерөнхийлөгчтэй уг асуудлыг хамтран шийдэх тал дээр зөвшилцөлд хүрсэн хэмээн мэдэгджээ.

Францын Кале хотын дарга Наташа Бушарт Их Британи цагаачлалын бодлогоо өөрчлөхөөс нааш уг асуудал байсаар байх болно хэмээн мэдэгдсэн бол хүний эрхийн байгууллагууд хилийн хамгаалалтыг чангатгаснаар цагаачид илүү эрсдэлтэй алхмууд хийх болно гэж үзэж байгаа ба уг асуудалд зөвхөн хүний наймаачдыг буруутгах нь Франц, Их Британи хоёр улс хариуцлагаас зугтаж буй явдал юм гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.