Хааны хос тоть /Олон үндэстний үлгэр/

Twitter Print
2021 оны 04-р сар 20-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Эрт урьдын цагт нэгэн хаан өөрийн улсын хөрш хаант улсад зочлоод ирэхдээ тэр улсын хаанаас хос тоть бэлгэнд авчээ. Тэдгээр нь хааны урьд хожид огт үзэж байгаагүй үнэхээр үзэсгэлэнтэй шувууд байлаа.

Өөрийн хаант улсдаа буцаж ирсний дараагаар хаан хос тотио шувуу сургагчид даалган сургаж өгөхийг хүсэхийн зэрэгцээ тотинууддаа зориулсан тусгай цэцэрлэгт хүрээлэнг ордныхоо цайзад бэлтгэж өгөв гэнэ. Ингэснээр өөрийн ордны цонхоор үзэсгэлэнт шувуудаа харж баясах боломжтой болов. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тоть сургагч хаанд бараалхан хос тотины нэг нь гайхалтайгаар өндөрт нисч сурсан, харин нөгөөх нь ордонд анх ирсэн өдрөөсөө хойш суусан мөчрөөсөө огтхон ч холдож яваагүй талаар айлтгав гэнэ.

Үүнийг сонссон хааны санаа нь ихэд зовниж ойр хавийн хаант улсуудаас шилдэг гэгдэх амьтан сургагч, эмчлэгч нарыг дуудаж авчруулсан боловч хэн нь ч хичнээн хичээгээд өнөө тотийг нисгэж хүчирсэнгүй аж. Хаан зарц албатууд, тагнуул зараалууддаа тотийг нисгэх арга ухаан хайж ол хэмээн даалгасан боловч бүгд л бүтэлгүйсэн хэвээр, өнөө тоть суусан мөчрөөсөө огтхон ч хөдлөхгүй хэвээр байлаа.

Хамаг л арга чаргаа барж ядсан хаанд нэгэн бодол төрсөн нь "Магадгүй амьтан сургагчаас илүү байгальд ойрхон амьдардаг хэн нэгэнд хандах нь зөв болов уу" хэмээх байв. Ингээд хөдөөнөөс нэгэн тариаланчийг олж авчран нисэхгүй байгаа тотийг үзүүлж асуудал юунд байгааг олуулахаар өөрийн туслахдаа тушаалаа. Тэгтэл маргааш өглөө нь өнөө тоть ордны цэцэрлэг дээгүүр өндөрт дүүлэн нисч буйг үзээд хаан ихэд цочирдов гэнэ.

Зарцаа дуудан өнөө тариаланчийг авчруулахаар зарлигдсанаар тариаланч хааны өмнө бараалхахаар ирэв. Хаан түүнээс "Энэ тотийг чи хэрхэн нисгэж дийлэв?" хэмээн асуухад тариаланч хүндэтгэлтэйгээр гараа нугалан хаантанд мэхийн ёслоод "Энэ их амархан, эрхэм дээдэс минь. Би зүгээр л шувууны сууж байсан мөчрийг тайрчихсан юм" гэж хариулав.

Сургамж: Дассан орчноосоо өөрсдийгөө чөлөөлж, шинэ зүйлд хүчээ сорьж сурснаар бидний хөгжиж дэвших үүд хаалга нээгдэх болно.

Эх сурвалж: Богино үлгэрүүд цуврал III

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.