Ардчилал бол ганц Ардчилагчдын өмч биш

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

ЭНЭ ЯЛАГДАЛ ДАРААЧИЙН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН ЭХЛЭЛ БОЛОГ ЭЭ?!

Ардчилсан нам эхлээд нам дотроо эв нэгдлээ бүтэн хангаж чадсангүй. МоАХ, Алтангадас, МоАН фракцуудаа буланд шахаж Шонхор ноёлж, МҮДН сүүдэрт нь ёс төдий явсаар сонгуультай золголоо...

Тэртээ тэргүй гадна талдаа МАН гэдэг асар том улс төрийн өрсөлдөгч байсаар байтал түүнтэй тэмцэлдэхийг гол зорилгоо болгож ажиллахын оронд дотроо хөлөө жийлцэж, зарим (АГА-ын) нөхдүүдээ дайсан мэт үзэж үлдвэл үлд үлдэхгүй бол та нараар дутахгүй гэсэн хоноцын сэтгэлээр хандаж улмаар намдаа удаа дараалан сонгуулийн ялалт авчирч байсан Н.Алтанхуяг даргаа хүртэл намаасаа хөөж гаргасан нь С.Эрдэнэ даргын нэг том алдаа байсан болов уу?!

Энэ үйлдэл гаднаа МАН-тай ажиллахад хүн хүч дутагдаж байхад намаа гэсэн элэгтэй өчнөөн олон журмын гишүүдээ гомдоож, намаасаа зай барихад хүргэж яван явсаар өөртөө гадна, дотногүй хүсээгүй өрсөлдөгчдийг, үзэн ядагчдийн армийг бий болгоход хүргэлээ...

Ямаан дээр тэмээний гарз гэдэг шиг УИХ-д бүлэгтэй сөрөг хүчин байхдаа улс төрийн торгон мэдрэмж алдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хоёрын хоёр гишүүнтэйгээ учраа ололцож эв эеэ хичээхийн оронд хөөж явуулсан нь том улс төр хийж байгаа том намын даргын хувьд намынхаа нэрийг шавартай хутгаж намаа дахин хагалсан уучилж болошгүй хоёр дахь том алдаа байлаа...

МАНАН байдаг, би хонгилоор нь орж хэлмэгдээд гарч ирлээ гэж анх Н.Алтанхуягыг зоригтой дуугарч, шүүмжилж, анхааруулж хэлж байх үед нь өлгөж аваад дэмжээд өргөн утгаараа МАНАН-гийн эсрэг ёстой жинхэнэ улс төр хийсэн бол үүнээс өрсөлдөгч МАН түүний дарга Ү.Хүрэлсүхэд ард түмнээс очсон оноо, өргөн дэмжлэг Ардын намд биш Ардчилсан намд ирэх боломж байсан шүү...

Энэ сонгуульд МАН авах ёстой саналаа авсан бол АН-ын саналыг маш олон нам, эвсэл, бие даагчид хувааж ялагдууллаа...

Дургүй хүргэсэн гишүүнээ намаасаа хөөж туух биш нэг ч гэсэн гишүүнээ алдахгүй үлдээх арга, ухаан гаргахын зэрэгцээ харин ч эсрэгээрээ дотор талдаа үлдээж гадна талдаа ирээдүйд сонгуулийн санал хуваах өрсөлдөгч болж мэдэхээр нам, эвсэл, лидерүүдийг намдаа бага багаар татаж оруулж зөв юман дээрээ илүү их хүч, цаг зав гаргаж ажиллаж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрээ ч үү, үгүй ч үү?!

Одоо СЕХ-ноос Хяналтын тооллогыг СХХ-ны 50%-д нь хийгээд ч нэмэргүй дээ?! Автомат машин зөрүү мөрүү гаргахгүй? 99% нь мөргөж л таарна! Машин худлаа тоолохгүй?!

АН дахиад л сөрөг хүчин болж ирэх 4 жилд намаа жинхэнэ утгаараа шинэчлэх шаардлага гарч ирж байна гэж харж байна!

АН-ын ҮБХ-ны гишүүдэд шинээр өндөр мэдлэг, боловсролтой чадварлаг залуучуудыг оруулж ирэхэд дүрмийн хувьд зөөлрүүлж нээлттэй болгох, тэдний дундаж насжилтыг байнга бууруулах, тойрог өмчилж хор найруулж холион бантан хутгадаг үйлдлийг таслан зогсоох, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах болон гаднаас, өөр намаас орж ирсэн, нийлсэн нам, түүнийг удирдлага, гишүүдийг нэгтгэхэд хүндрэл учируулдаг дүрмийн хатуу заалтуудаа уян хатан, хөрвөх чадвартай болгох нь зүйтэй!

Ялагдал ялалтын эхлэл байдаг. Харин гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүйгээр намаа шинэчилж 2024 оны сонгуульд манлайлж ялуулж чадах тэр Улс төрч - Лидерээ зөв таньж Намын даргаараа сонгох хэрэгтэй?!

Ардчилсан Намын дотор нь орж буцлаж ажиллаагүй ч тоглоомын гадна үлдсэн ажил, албагүй олон гишүүд, дэмжигчид чинь энэ удаа элгээрээ намаа дэмжсэн шүү дэмжсэн?!

Ардчилал бол ганц Ардчилагчдын өмч биш. Улс төрийн орон зайд хөлөө олж ядан байгаа гуравдагч хүчний энэ олон нам, эвсэл, нэр дэвшигчдийг Эрх баригчдын эсрэг нэгдсэн СӨРӨГ ХҮЧИН болгож АРДЧИЛАЛ-ын далбаан дор нэгтгэж чадах улс төрийн торгон мэдрэмжтэй тийм УЛС ТӨРЧ - ЛИДЕР өнөөдөр Ардчилсан Намд юу юунаас илүүтэй үгүйлэгдэж байна.

Мягмаржавын Лут-Очир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.