“PBS” телевиз дайралтад өртжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 14:39 цагт
Мэдээний зураг,

Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “PBS” телевизийн байр руу өчигдөр орой 16.30 минутын орчимд 30-40 хүн дайрч орон техник хэрэгслийг эвдэж сүйтгэн ажлаа хийж байсан сэтгүүлчдийг нь хэл амаар доромжилсон байна.

Энэ талаар “PBS” телевизийн захирал П.Болдсайхан хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр ярихдаа "Манай телевиз Дорнод аймагт үйл ажиллагаагаа таван жил тасралтгүй явуулсан. Гэтэл өнөөдөр манай телевиз эфирээ хаачихсан байна. Өчигдөр 30-40 хүн манай телевизийн үүд хаалгыг эвдэн орж техник хэрэгслийг эвдэж сүйтгэж манай сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэвлэлийн эрх чөлөөг ноцтой зөрчлөө.

“PBS” телевиз Дорнод аймгийн АН-ын байранд оффис түрээсэлж ажилладаг болохоос биш ямар нэгэн улс төрийн байгууллага, нам эвслээс хараат бус. Тэгэхэд АН-ын гишүүд намынхаа дотоод зөрчлийг манай телевизийн үйл ажиллагаатай андуурч телевизийн байр руу дайран орж ирсэн. Бид хууль хяналтын байгууллагад хандсан “PBS” телевизийн хохирлыг хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

Өчигдөр Дорнод аймгийн АН-ын гишүүд Засаг дарга С.Ганбатыг огцрохыг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулснаас үүдэн ийнхүү дайралтанд өртсөн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.